Оюу толгойн баатрууд С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар мөн

Оюу толгойн гүний уурхайн олборлолт өчигдрөөс албан ёсоор эхэлж Монгол Улсын хөгжилд түүхэн эргэлт гарч байна. Энэхүү гүний уурхай ашиглалтад орсноор манай улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдох хөгжлийн гараа эхэлж байгаа юм. Манай эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.

Тухайлбал, Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилдээ тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг “Оюу толгой” компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Тэр хэмжээгээр манайд төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байгаа.

Мөн Таван толгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүхэн гаднаас эрчим хүч худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монголдоо үлдэх зэрэг эдийн засгийн олон олон бодит боломж бүрдэж байна. Тиймээс Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны буюу барууны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам болсныг тэмдэглэдэг нь ийм учиртай.

Оюу толгойн энэхүү гэрээнүүдийг улс төрийн түүхэн шийдвэр гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулсан баатрууд гэвэл Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мөн юм. С.Баярын хувьд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа 2009 онд Оюу толгойн гэрээг гуравдагчорны хөрөнгө оруулагчтай анх байгуулсан түүхэн гавьяатай хүн.“Би Ерөнхий сайдын хувьд энэхүү гэрээг байгуулах нь Монголын эдийн засагт зөв зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Монголын эдийн засаг Оюу толгойн хүчинд л өндийж ирсэн. Улсын төсөвт хамгийн өндөр татвар төлж ирсэн байгууллага бол Оюу толгой. “Эрдэнэт” үйлдвэр, Оюу толгой хоёр л Монголын эдийн засгийг авч яваа” гэж тэрбээр бардам хэлдэг.

Үнэхээр Санжийн Баяр түүхэн шийдвэр гаргаж Оюу толгойн төслийг эхлүүлээгүй бол Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдалд асуудал үүсэх байсныг тулхтай улстөрчид болоод судлаачид хэлдэг. С.Баярын энэхүү түүхэн шийдвэрийг ажил хэрэг болгож, Оюу толгойн төсөл хөтөлбөр хэрэгжихэд онцгой гавьяа байгуулсан хүн бол С.Баярын хамтарсан Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байсан Сангажавын Баярцогт юм.

Тэрбээр энэ тухайгаа “Би 2009 оны долдугаар сард Оюу толгойтой анх холбогдсон. Ерөнхий сайд С.Баяр үүрэг өгч “Чи үүнийг босгож ир. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Хэрвээ энэ төсөл босч ирэхгүй бол хамтарсан Засгийн газар ч байхгүй, ард түмэнд амласан амлалт ч байхгүй болно” гэж хэлсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолд бүх асуудлыг нийцүүлж хийх хэрэгтэй гэсэн, түүнээ нийцүүлсэн. Оюу толгойн 34 хувийг Монгол Улсын нэр дээр авсан. 30 жилийн дараа 17 хувийг нэмж авна гэж гэрээнд тусгасан. Гэрээ байгуулах бэлтгэл ажил дууссантай холбогдуулан ээлжит бус чуулганыг наймдугаар сард хийж, аравдугаар сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед ганц л зүйлийг шүүмжилж байсан. Тэр нь “Чи яагаад 17 хувийг нь 30 жилийн дараа авч байгаа юм бэ. Энэ 34 хувь чинь бага байна” гэх асуулт. 17 хувийг нэмж авснаар Монголын тал 51 хувийг эзэмшинэ. Гэхдээ тухайн үед мөрдөж байсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар уг ордын нөөцийг хөрөнгө оруулагч өөрөө илрүүлсэн бол төрийн эзэмшиж болох хувь хэмжээний дээд хязгаар

34 хувь байсан. Бид тэр хязгаарт нь тулгаж дээр нь 17 хувийг нэмж авахаар гэрээлсэн” гээд энэ гэрээг хийж хэрэгжүүлснийх нь төлөө С.Баярын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй гэж хэлдэг.

Ийнхүү С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Дараа нь Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэг тэрбум доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтийг хийсэн байдаг. Энэ бүхний хүчинд Монголын эдийн засаг түүхэндээ анх удаа 17.5 хувийн өсөлттэй гарч байсан. Оюу толгойн бодит хөрөнгө оруулалт Монголд ингэж нөлөөлсөн.

Дараагийн түүхэн гавьяатай баатар бол яах аргагүй Ерөнхий сайд асан Чимидийн Сайханбилэг. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлж байхдаа улс төрийн түүхэн шийдвэр гаргаж 2015 онд Дубайн гэрээг байгуулсан. Энэхүү Дубайн гэрээ зурагдсанаар Оюу толгойн далд уурхайд зарцуулагдах 4.3 тэрбум долларыг босгож ирсэн юм. Хэрвээ 4.3 тэрбум доллар босгох Дубайн гэрээ хийгдээгүй бол өнөөдрийн Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орохгүй байх байсан, ийм л түүхэн гэрээ. “Манай Засгийн газар Дубайн гэрээний асуудлыг шийдвэрлээгүй бол Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2023 онд биш 2030 он хүртэл хийгдэж чадахгүй байх байлаа. Бүтэн 7-8 жилээр энэ гэрээ хойшилсон бол улс орны эдийн засагт ямар том хохирол учрах нь мэдээж. Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк санхүүгийн 15 байгууллага өөрийнхөө хөрөнгө оруулалтын зээлийг өгсөн” гэдгийг Ч.Сайханбилэг АНУ-аас мэдэгдэж байсан.

Дубайн гэрээг хийж хэрэгжүүлсний дараа уг гэрээг хүчингүй болгосон. Үндсэндээ энэхүү түүхэн үүргээ гүйцэтгэж хэрэгжүүлснийх нь дараа Дубайн гэрээг хүчингүй болгосон, үүнийг хүмүүс сайн ойлгодоггүй. Харин улс орны эдийн засагт ийм онцгой байгуулсныхаа төлөө Ч.Сайханбилэг өнөөдөр ялтан мэт хилийн цаана сууж байна. Мөн Оюу толгойн гэрээг явуулсныхаа төлөө С.Баяр, С.Баярцогт нар шоронгийн хаалга татсан. Тэр тухай бүгд мэдэх учир ингээд орхиё.

Оюу толгойн дараагийн баатар бол одоогийн Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Тэрбээр Оюу толгойн төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдлаа, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн 2.3 тэрбум ам.долларын өрөнд орлоо, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсныг төр засгийн зүгээс хөрөнгө оруулагч талд албан ёсоор тавьсан.

Энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд Монголын төр “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол баталж, УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулж багагүй хугацаанд хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалт ийнхүү ашиглалтад орж байна. Энэ бүхэн залуу Ерөнхий сайдын гавьяа.

Монголын эдийн засаг гурав дахин нэмэгдэж, жилдээ тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу толгой компани дангаараа үйлдвэрлэх боломж бүрдэж байна гэдэг бол улс орны хөгжлийн маш том суурь. Энэхүү нөхцөл боломжийг бий болгосон дээрх эрхмүүд бол Оюу толгойн баатрууд. Эдгээр хүмүүсийн түүхэн гавьяаг улс орон нь алдаршуулах ёстой. Гуравдагч хөрш буюу барууны хөрөнгө оруулалт гэдэг улс орны тусгаар тогтнолын баталгаа мөн. Яг үүн шиг олон олон Оюу толгойн хөрөнгө оруулалт Монголд орж ирж, эдийн засгийн эргэлт хийх хэрэгтэй байна. Тэр бүгдэд гавьяа байгуулсан хүмүүсийг үндэсний баатрууд гэж цоллодог, зарладаг, тунхагладаг баймаар байна. Эцэст нь дахин хэлэхэд С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар Оюу толгойн баатрууд мөнөөс мөн билээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • данхан толгойт (202.21.124.3)

    2023-03-15

    хахаха энэ данхан толгойт үнэхээр ичих нүүрээ барсан орк юмаа хурдхан сонгууль болж энэнээс салж амрах юмсан