Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
- 2023-03-16
- Улаанбаатар
- 0
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2057 иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын ирц өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна. Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
Энэ удаагийн шалгалтад өдөрт таван ээлжээр, нэг ээлжиндээ 140 иргэн, нийтдээ 700 гаруй хүн шалгалт өгөхөөр тооцоолсон аж. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болж байгаа бөгөөд шалгалтын дараагийн бүртгэл дөрөвдүгээр сард эхлэж иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой.
Сэтгэгдэл (0)