УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэв
- 2023-03-17
- Улс төр
- 1
УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш болох “Монгол цэргийн өдөр” -ийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад орчин үеийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан нийт эрчүүд, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагчид, чөлөөнд байгаа генерал, офицер, ахмад дайчид, улаан залаат хөх Монголын удам залгасан Чингисийн эр цэргүүдэд Монгол УИХ-ын нэрийн өмнөөс, хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ өдрийн гол агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй байдал, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж зүтгэсэн эх орны жинхэнэ эр цэргүүдээрээ бахархаж, хүндлэн дээдлэхэд чиглэгддэгийг дурдаад эр цэргийн дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг сэргээхэд чухал ач холбогдолтойг тодотгов.
Мөн эх орныхоо дайчин харуул болсон эр цэргүүд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй байдлыг нэр төртэй хамгаалахын сацуу улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийнхээ амгалан тайван амьдралыг сахин хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Монгол цэргүүд дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн жавхаа, хийморийг дэлхий дахинд дуурсгаж байна. Энхийн цагт аюул осол, өвчин гамшиг, хэрэг зөрчлөөс иргэдээ авран хамгаалах үйлсийг нэр төртэй гүйцэтгэж байгаагаар бид бахархдаг. Эх орноо батлан хамгаалах эрэлхэг цэрэг, хүндэт дайчид Та бүхэндээ алтан соёмбот төрийнхөө далбаан дор өргөсөн тангарагтаа үнэнч байж монгол цэргийн суу алдрыг эгнэгт бадраан мандуулах ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)
Иргэн (192.82.90.124)
Мангар, залхуу ба ядуу монголчууд хичнээн баярын өдрүүдтэй юм бэ?