Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжилж өндөрлөв
- 2023-03-20
- Улс төр
- 0
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжилж өндөрлөв.
Эхний шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.3 их наяд төгрөгийн 77 зээлийн зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтад тулгуурлан, шинжлэн судалжээ. Хоёр дахь шатны сонсгол хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд болж, 2.9 их наяд төгрөгийн 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалтыг нотлох баримтад тулгуурлан шинжлэн судалсан юм. Гурав дахь шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд үргэлжилж, 2542 төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ сүүлийн 10 жилийн хугацаанд Хөгжлийн банкны мөнгөн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн, олон нийтэд нээлттэй, ил тод дамжуулсан юм. Эхний шатны сонсголд 166, хоёр дахь шатны сонсголд 67, гурав дахь шатны сонсголд 123 гэрч, нийтдээ 356 гэрч оролцсон байна. Нийт гурван шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 672 гэрчийг дуудан, мэдэгдэл хүргүүсний 53 хувь буюу 356 нь оролцсон болохыг Б.Энхбаяр гишүүн хэллээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо нь Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын тайланг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Үүгээр Хяналт шалгалтын түр хороо татан буугдах зохицуулалттай” хэмээн мэдээлэл өгөв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан анхны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ийнхүү өндөрлөж байгааг онцлоод “Гурван шатны сонсголоор 3-9 сарын хугацаанд амралт, завсарлагагүйгээр хийгдсэн хяналт, шалгалтын ажлын үр дүнг улс орон даяараа сонсож, хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа нээлттэй сонсгол зохион байгууллаа. Үүнд онцгой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулсан Улсын Их Хурлын гишүүн, Хяналт шалгалтын түр хорооны дарга Ж.Сүхбаатар, Хяналт шалгалтын түр хорооны нийт гишүүд, хянан шалгах шинжээчид, арын албаны нийт ажилтан, албан хаагчид, Монгол Улсын Хөгжлийн банкны одоогийн удирдлагын баг, хамт олонд талархал илэрхийлье. Гурван сарын хугацаанд 13 өдрийн турш үргэлжилсэн, гурван шатны сонсголын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг ханган, мэргэжлийн өндөр түвшинд улс орон даяар шууд дамжуулан, олон нийтийн телевизийн үүргээ амжилттай биелүүлсэн МҮОНТелевизийн нийт хамт олонд талархал илэрхийлье” гэв.
Мөн тэрбээр, Хянан шалгах түр хорооны зохион байгуулалт, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулах ажлыг бүх талаар тасралтгүй дэмжсэн, Улсын Их Хурал буюу хууль тогтоох дээд байгууллага-парламентын хяналт шалгалт хийдэг эрх зүйн тогтолцоо, механизмыг бий болгох санаачилга гаргаж, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусган, үүнийг “амилуулах” үйлсэд улс төрийн манлайлал үзүүлж ажилласан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт, мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Хяналт шалгалтын түр хорооны ажлын албанд онцгойлон талархал илэрхийлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу, гурван сарын хугацаанд зохион байгуулагдсан гурван шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг улс орон даяараа сонсож, нотлох баримтад тулгуурлан шинжилсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тэмдэглээд “Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсголын тайланг боловсруулж, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Сонсголыг ямар нэг улс төрийн нөлөө, бизнесийн нөлөөлөл, оролцоо, шахалтгүй, хараат бусаар явуулахыг, олон нийтэд хүргэхийг хичээж ажиллалаа. Тиймээс санал, дүгнэлтийг хамтдаа хэлэлцэн эцэслэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын санал, дүгнэлтэд өгөхиргэдийн саналыг d.parliament.mn платформоор дамжуулан 2023 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд авна. Тус платформ дээр тусгай цонх нээсэн байгаа” гэлээ.
Иргэд D Parliament аппликейшныг гар утсандаа татаад, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын санал, дүгнэлтэд тусгуулах саналаа Хянан шалгах түр хороонд хүргэх боломжтой (энд дарна уу) юм байна. Санал нэг бүрийг Хянан шалгах түр хороо, түүний ажлын алба, хянан шалгах шинжээчид нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах санал, дүгнэлтдээ нэгтгэн танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)