Судлаач: Европ тивийн бараг бүх улс орны төрийн жолоо популистууд, алиа салбадай нарын гарт орчихлоо. Америк тивд ч гэсэн дээрдэх юм алга

Аюултай нөхцөл, байдал: Товч тайлбар №1

(үргэлжлэл бий)

 

Украин 7 улстай, ОХУ 14 улстай хиллэдэг. Шууд хиллэдэг улсуудын заримд нь улстөрийн ноён нуруугүй, болчимгүй, хөнгөн хөвсөргөн хүмүүс төрийн эрхэнд гарчихаад бурууг, булхайг үйлдээд эхэлвэл, бүр давраад бүс нутгийн болон холын харгис хүчнүүдээр ил, далд дэмжүүлээд зүй бусаар аашлаад эхэлбэл энэ нь тун ч хэцүү асуудлыг үүддэг юм байна. Дэлхийн дайн, цөмийн сүйрэлд ч хүргэж болох аюулын эзэд нь өнөө үед яг л ийм болчимгүй, хөнгөн хөвсгөр, хөгшин залуу, эр эм арав гаруй улстөрчид болчихлоо. 

Энэ зуунд, бидний үед өөрсдийгөө оросууд, украинчууд гэж нэрлэж байгаа хүмүүс бол түүхэндээ нэгдэж, нийлж ч байсан, бас салж холдож ч байсан, ижил нийтлэг зүйл ч ихтэй, бас ялгаа, зөрөө ч ихтэй хүн зон юм. Тэд нэг туг, нэг дээвэр дор эвтэй, найртай аж төрж байсан мөртлөө өнөөдөр хоорондоо дайтаж байна. Ингэхлээр тэднийг хагалах, бүр дайсагнуулах том шалтгаан, гадны хүчин зүйл буй болжээ. 

 

Газар нутгаа, өмч хөрөнгөө булаацалдсан бол хэсэгхээн эвдрэлцээд, төдхөн л хэлэлцэж, тохиролцдог. Энэ бол нийтлэг жишиг. Гэтэл тэд наад зах нь л арав гаруй жил зөрчилдөж, жил гаруй тулалдлаа.

 

Үргэлжлүүлээд ч дайтах нь тодорхой болчихлоо. Үзэл санааны хувьд эрс тэс, үл эвлэрэх зөрчилд орж, эсрэг этгээдээ устгаж байж л дуусдаг дайн байлдаан л ужгирдаг, унтардаггүй, дахин давтан дүрэлзэн асдаг жамтай. Ингэхлээр энд үзэл санааны ноцтой шалтгаан, гадны том нөлөө, системийн шинжтэй өш хонзон, далд нууц зорилго, эртнээс уламжлагдсан үндэс, суурь байгаа нь тодорхой болчихлоо. Энэ талаар л би уншигчидтай санал, бодлоо хуваалцах гэсэн юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл, иш үндэстэй гаргалгаа, дүгнэлтүүдээ уншигчид ч надтай хуваалцах бизээ. 

“Энэ дайн цаашаа шатлан өргөжих аваас дэлхийн 3-р дайн болж хувирна. Яг үнэнийг хэлэх аваас ОХУ, АНУ-ын хоорондох дайн болно. АНУ-ын хүчиндээ эрдсэн, биеэ тоосон, аархсан олигархиуд Хятадыг өөрсдийнхээ эсрэг хандуулчихаж мэднэ. Дайн сунжирч, талууд улангасаж, цөхөрч, эрээ цээрээ алдаж ч мэднэ. Төгсгөх ганц арга нь цөмийн цохилт болж төсөөлөгдөж эхэлнэ. Төсөөлөл бүхэн л шийдвэрийн эхлэл болдог жамтай” хэмээн сэтгэгчид ч олон байна. 

Энэ дайн олон үндэс, олон шалтгаан, олон хүчин зүйл, олон оролцогч, олон сонирхогч, том жижиг олон нууц эзэдтэй байгаа нь оюунлаг, ухаалаг хүн бүрийн сэтгэлд эвгүйцэл, жийрхлийг төрүүлж байна. Дайны ажиллагааг эхлүүлсэнд нь дотроо талархаж байгаа хүн дайснуудын нь дунд ч олон байгаа болов уу. Оросын холбооны улс задарлаа, мөхлөө гэхэд олигтой үр дүн гарахгүй гэж харамсаж буй хүн ч олон байна. Оросуудын зөв шүү дээ, дайнд зөв тал нь л ялдаг юм хэмээх судлаач ч олон байна. 

 

21 дүгээр зуунд, бидний амьд ахуйд Дэлхий дахин маань ерөнхийдөө яаж, юунд хөтлөгдөж, юугаар хөглөгдөж, ямар алдаа, оноотойгоор аж төрж байна вэ? Том, хүчирхэг орнуудын хэн нь юу хүсэж, хэнтэй өрсөлдөж, хэнийг гар, хөлөө болгон ашиглаж, хэнд хичнээн хэмжээний хохирол үзүүлж, цаанаа ямар зорилго агуулж, яг хэрэг дээрээ өөрсдийгөө хэн болохыг илчилж, түүхэнд сайн, муу ямраар үлдэхийгээ харуулж байна вэ? Одоо байгаа 200 гаруй улс орон нэг бүрд ядаж л 1-2 ухаалаг хүн, судлаач ийм асуулт өөртөө тавьж, үнэнд тун ойролцоогоор хариулж, өнөөдрийн Дэлхий дахиныг ухааруулж, гэгээрүүлмээр байна.

 200-400 ухаалаг иргэн, судлаачид 200-400 өгүүлэл бичих аваас тэдгээр нь нийлээд нэг ном болноо доо. Тэр номыг улс орон бүр эх хэлэндээ орчуулж хэвлээд, болж өгвөл бүх иргэддээ уншуулж судлуулах аваас хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа томоос томоор гэгээрэх, ухаажих болно. Ийм ажлыг НҮБ эрхэлж хэрэгжүүлэх сэтгэл, ухаан даан ч алга бололтой.

200-400 ширхэг шилдэг өгүүлэл уншсан хэн боловч тун ч олныг ухаарч, үнэнийг таньж, оюун ухаан нь тэлж, цэгцэрч, мөн ч гүн алсуур сэтгэж эхэлнэ дээ. Ялангуяа улс орон нэг бүрийн Гадаад харилцааны яамдын ажилтнуудад тун ч их хэрэг болно. 

 

Улс орон бүрээс 1-2 хүн гэсний учир нь одоо улс орон бүрээс л шахуу олон арван хүн Орос, Украины дайны талаар элдвийг бичиж байна. Бүр уралдаж шахуу, уралцаж шахуу бичицгээх юм. Гэхдээ тэдний бичиж, өгүүлж буй зүйлүүдийн 90 гаруй хувь нь өрөөсгөл, нэг л талыг барьсан, уг дайны түүхэн шалтгаан, өнөөгийн нөхцөл, цаад эзэд, далд санаархал, ойворгон олхиогүй гэнэхэн улстөрчдийн хийрхэл мэтийг илчилж үнэнрүү ойртож чадаагүй, байдлыг үнэн мэдлэг, зөв мэдээллийн үндсэн дээр шинжилж, дүгнэж чадаагүй, шар сонины гэгдэхээр, өнгөцхөн, тэнэгхэн, нийтлэлүүд л байгаа болно. Зарим нь өөрөө өөртэйгээ зөрчилдсөн, ойлгоход ч хэцүү, хэнд ч хэрэггүй, уншсан хүн зарцуулсан цагтаа харамсахаар нийтлэлүүд олон буй. 21 дүгээр зууны 30-аад онд нэгэн онцлог ажиглагдах боллоо. Энэ бол Америк, Европ, Ази тивийн олон орон жинхэнэ улстөрчид, жинхэнэ сэхээтнүүдээ үгүйлэх болсон эмгэнэл юм.

Европ тивийн бараг бүх улс орны төрийн жолоо популистууд, алиа салбадай нарын гарт орчихлоо. Америк тивд ч гэсэн дээрдэх юм алга.

 

Азийн хэд хэдэн орон АНУ-ын вассал шахуу болчихлоо. Гэтэл энэ эмгэнэлтэй зэрэгцээд милитаризм, нацизм, фашизм, реваншизмын томуу, тахал дэгдчихлээ. Яг л ийм нөхцөлд цусны үнэртэй алтанд шунадаг архаг хууч өвчин нь АНУ-ын төр, засгийн далд, нууц эздэд хөдөлж, сэдэрч, хүндэрлээ. Тэд цусыг далай шиг цалгиулж, алтыг мөндөр мэт оруулахыг хүсэж, хүсэлдээ хөтлөгдөн бүр улайрч орхилоо. Улангасч, донтсон тэдэнд дэлхийн гуравдугаар дайн, цөмийн сүйрэл ч аюул биш, ашиг болж төсөөлөгдөх төлөвтэй. Энэхүү жолоогүй хүсэл, шуналаа хэрэгжүүлэхээр тэд оролдож, хаана л бол хаана дайн, самуун дэгдээж, гал дээр тос нэмэж, “хүний гараар могой бариулж”, “түймэр бүхнийг бензинээр унтраах” онол дэвшүүлж, хэвлэл-мэдээллийн хэрэгсэл бүхнийг “үнэнийг худал болгодог, цагааныг хар болгодог” ид шидэд сургаж, өөрсөддөө үйлчлүүлж байна. Товчхон хэлэх юм бол Дэлхий дахины Барууныхан хэмээгдэгч хэсэг нь эрүүл бус болчихлоо, итгэл хүлээх нэр, хүндгүй болчихлоо. Тэд өөрсдийгөө нийт хүн төрөлхтөний дайсан болгож ч мэдэхээр хэмжээнд хүргэж шившиглээд байна. Хүмүүнлэг, энэрэнгүй зан чанар, ёс суртахуунаа тэд хаяж, гээж дуусах төлөвтэй болов. Тэд өөрсдөөсөө бусдыг устгах махчин араатанд ч баймгүй замыг сонгож мэдэхээр болчихжээ. Хамгийн харгис үзэл сурталд тэд шунан автагдах шинжийг олжээ. Галзуурсан араатныг аргагүйн эрхээр хөнөөдөгтэй адилхан арга хэмжээг тэдний хувьд хэрэглэхээс өөр гарц үлдэхгүй байж ч мэдэх юм. Хэрэг явдал ийм хэмжээнд хүртлээ даамжрахгүй байгаасай гэж өнөөдөр аль ч орны жирийн иргэд хүсэж, залбирцгааж байна. 

 

Хүн төрөлхтөний хамгийн хөгжингүй, соёлтой хэсэг гэгдэгч Баруун Европ, АНУ хоёр Орос, Украины дайны гал дээр тос нэмсээр байгаа нь эцэсдээ юунд хүргэх бол оо? Ер нь энэ дайны шалтгаан нь юу юм бэ? Гол буруутан нь хэн юм бэ? Энэ дайны учруулах хор, хөнөөлийг аль болохоор ихэсгэх нь хэнд ашигтай юм бэ? Орос хүн, Оросын ард түмнийг үзэн ядах, бүр алж хядахыг уриалж, дэврээж байгаа хүмүүс хэн юм бэ? Тэдний үзэл, хүслийн уг сурвалж, шалтгаан нь юу юм бэ? Эдгээр асуултанд хариулахыг оролдож, цөөн зүйлийг өгүүлье.

Оросын Холбооны Улс хоёр тив дамнасан газар нутагтай, гадаад их далайд гарах олон гарцтай, Хойд мөсөн далайд ч эзэмшил газартай асар том орон, асар их баялгийн эзэн, олон ч хүн амтай, олон ч угсаатны ард түмэн, цэрэг зэвсгийн их хүчтэй, цөмийн зэвсэгтэй, хүчтэй төр, засагтай. Бараг л 600 жилийн туршид Орос орон дэлхийн хүчирхэг улсын нэг байж чаджээ. 21 дүгээр зуунд ОХУ нь дэлхий дахины олон төвийн нэг нь болон оршиж байна.

ОХУ-ын баруун, баруун хойд талд Европын холбооны улсууд, өмнө, зүүн өмнө талд хүчирхэг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос улс бий.

 

Баруун Европын хүчирхэг улсууд нь харьцангуй бага газар нутагтай, олон хүн амтай, нэг хэсэг нь далайд гарцгүй, гэхдээ ихэнх нь олон колони эзэмшдэг байлаа. Колонийн систем задран унаснаар тэд уугуул газар нутгийнхаа л эзэд болон үлджээ. Иймээс тэдний нүдэнд Орос орон далай их газар нутаг, далай их баялаг, асар том орон зай болж харагдах нь тодорхой билээ. Тэдний газар нутгийг бүгдийг нь нийлүүлээд ч Оросынхаас бага юм. 

 

Америк, Африк, Австралид, мөн Азид олон колони эзэмшиж, колони орнуудын баялгийг цөлмөн хурааж баяжсан Барууныхны хувьд байнгад л хөгжлөөр сул гэгддэг байсан Оросын газар нутаг, баялаг шуналыг хөдөлгөж авах өвөрчлөх сэтгэлийг нь татсаар байсан нь түүхэн үнэн юм. Тийм дээрээс ч барууны аль нэгэн орон хүчирхэгжих, бусдаа нөлөө, хараандаа авах болгондоо л ёс юм шиг Оросод довтолж, бараг бүгдээрээ шахам хүчээ нэгтгэн тулалдаж, ялагдсаар иржээ. Жишээ болгож Крымийн дайн, дэлхийн 1 ба 2 дугаар дайн, Орос дахь иргэний дайны үеийн интервенци, нэмээд Наполеоны Оросруух довтолгооныг дурдаж болох юм. Наполеон, Гитлер хоёр Европын нэгдсэн их хүчээр Орост довтлоод ялагджээ. Тэд Оросыг задлах, газар нутгийг булаах, нэр нөлөөг нь сулруулах, хамсаатнууддаа хувь хүртээх, баялгийг нь цөлмөн авах, колончлохыг хүссээр байжээ. Гэвч тухай бүрдээ ялагдал хүлээж, өөрсдөө хохирч, хаад жанжид нь нэр, нөлөөгөө алдаж байв. Харин энэ бүх ялагдал нь хонзогнолыг үлдээж, удаах түрэмгийллийг үүдэж, элдэв харгис сурталд түлхээс болж, дэлхийд жанжлахыг хүсэгчдийн гар хөл болж хувирахад хүргэж иржээ.

Өөрсдөө сэдэж, өдөөж, дэгдээсэн том том дайны дараах бодит байдалтай барууныхан ер эвлэрч байсангүй. Тэр хэрээрээ ч элдвээр хохирсоор байжээ.

 

Ойрхны хүрээллийг нь л ил, далд бэлдэж, өөгшүүлж, түлхэлсээр Оросруу довтлуулах ажлыг ихэнхдээ Их Британи хийсээр ирсэн бол одоо АНУ уг ажлын эцсийн захиалагч болжээ. Оросын эсрэг хандсан нэгдсэн хүчний бүрэлдэхүүнд Азиас ч зарим орон оролцох болов. 

 

Шуудхан үнэнийг хэлэх аваас хэрэгтэй зүйлсээ Оросоос худалдаж, солилцож авах биш булааж авахыг хүсэгчдийн тоо өссөөр байна. Төр, засгийн эрхэнд нь ойворгон, болчимгүй, шуналдаа хөтлөгдсөн хүмүүс сонгогдон орчихсон олон улс орон Америк-Английн урт уурганд баригдаад, чөдөрлөгджээ. Ардчилсан төр, засгийн нөхцөлд буй болдог олон талт, задгайдуу байдлыг Барууны олигархиуд тун ч овжинаар, бүр сурмагаар ашиглаад дадчихжээ. Улс орон бүхэнд л байсаар байдаг гэнэн, ойворгон, болчимгүй хүн, хүчийг олигархиуд олзлон аваад гар хөлөө, бууны нохой болгон ашиглаж бусармаг зорилгоо гүйцэлдүүлсээр байх боллоо. 

Авторитар, тотолитар дэглэмийг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг, уламжлалт, өвөрмэц нийгмүүдийг ардчилах, либеральчлах нь маш хянуур, болгоомжтой хийвээс зохих, ухаалаг, туршлагатай хүн, хүчний эрхлэн хэрэгжүүлэх ажил мөн юм.

Ардчилал, либеральчлалыг цуурай, дуулианаар эхлүүлж, хяналт, шалгалтгүйгээр, популист арга, хэлбэрээр хэрэгжүүлж, үргэлжлүүлсэн улс орон бүр ихээхэн цаг алдаж, том том хохирлыг үзжээ.

 

СССР-ийн бүрэлдэхүүнд байх үеийн нь Украиныг хэн ч муучилж, шүүмжилж байсангүй. Харин бүрэлдэхүүнээс гарсны дараа, 2010-аад оноос эхлээд л энэ улсын байдал, ялангуяа үзэл суртал дахь эргэлзээтэй, алдаатай үзэгдлүүд нь таагүй хандлагыг төрүүлэх болжээ.

 

Хүн амын 30 орчим хувь нь өөрсдийгөө орос угсаатан гэж тооцдог байтал тэднийгээ элдвээр хавчих болсон, бүр гадуурхах, хөөх туух болсон, удалгүй тэднийг устгах бодлогод шилжсэн нь гайхшрал, жигшил, эсэргүүцэл төрүүлэх болов. Төр засагт нь тогтворгүй байдал ноёрхож, хүн амын нь дунд нацист, фашист үзэл санаа сэргэж, хууль ёс зөрчигдөж, үймээн самуун дэгдэж, өнгөт хувьсгал гарч, Украин милитаризмд олзлогджээ. Оросын гэх бүх зүйлийг (хэл, соёл, түүх, хөшөө дурсгал гм) үзэн ядах үзэл, уур амьсгал төрийн нь бодлого, хандлага болов. 

 

Украин Европын холбоо, Натод элсээд ОХУ-д дайсагнагч хүчин болох нь хэн бүхэнд ойлгомжтой болжээ. Чухамхүү ийм нөхцөл, тохирооны улмаас л ОХУ, Украины хооронд цэрэг-дайны үйл ажиллагаа эхэлжээ.

 

Милитаризм, нацизм, фашизмд автсан, бактериологийн зэвсэг хийхийг оролдсон, цөмийн зэвсэгтэй болохыг санаархсан, орос хэл, соёлтой иргэдийнхээ эсрэг геноцид хийсэн гэх хэрэгт ОХУ Украиныг буруутгаж байна. ОХУ-д энэ талаар хангалттай их баримт, материал буй ажээ. “Өөрийн аюулгүй байдал, ашиг, сонирхлоо хамгаалах, орос хэл, соёл бүхий олон сая хүнийг хамгаалах, хими-бактериологи, цөмийн аюулаас хүн төрөлхтөнг хамгаалах зорилгоор Цэрэг дайны тусгай ажиллагаа эхлүүлсэн” гэж ОХУ дэлхий нийтэд зарлаад байна. 

 

Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, Англо-саксоны конкистадоруудын үзэл санаа, Германы фашистуудын үзэл санаа шинэ өнгө аястайгаар, шинэ шинэ субьектуудыг эзэгнэн амилж байна уу даа гэж ч бодогдох боллоо. 

 

Америк тивд цагаачилж очоод улаан арьстангуудыг хүн гэж үзэхгүйгээр, өрөвдөх сэтгэлгүйгээр алж хядсан, мөн Африк тивд очоод хар арьстангуудыг алж, агнаж, боол болгон худалдаж зэрлэгшсэн, Европоос гаралтай конкистадоруудын (булаан эзлэгчид) хувьд одоо, 21 дүгээр зуунд Азийн шар арьстангуудтай яг л тэгж дээрэлхэж, доромжилж хандах нь тэдний хувьд хэвийн гэж л үзэгдэх зүйл юм. Хүнтэй хүн шиг харьцах соёл, сэтгэл тэдэнд байдаггүй нь Вьетнамд, Солонгост, Афганистанд, Иракт, Сирид, Ливид батлагдчихлаа шүү дээ. Иймд 21 дүгээр зууны туршид, тэдний ааш авир хүмүүнлэг болох хүртэл хүн төрөлхтөн америкчуудаас болгооомжлох нь зөв болно. Түүх ингэж хэлүүлж байна. 

 

Тулхтай, туршлагатай, дэлхийд томдоо орох улстөрчид Ази, Латин Америк, Африкийн олон том орны төрийн жолоог атгаж байгаа нь өнөөгийн хүн төрөлхтөний аз ёндоо юм. Дэлхийн 3-р дайны аюулаас, цөмийн сүйрлээс Тэд дэлхий дахиныг хамгаалж чадах бизээ. Хүн төрөлхтөний хүмүүнлэг, ухаалаг, ёс суртахуунтай хэсэг өнөөдөр ингэж найдаж, үүнд итгэж, гэхдээ ихээхэн түгшүүртэйгээр өдөр, шөнийг өнгөрөөж байна.

 Дэлхий хүмүүсээ даахаа больчихвуу, эсвэл Барууны элитүүд, олигархиуд хүн биш болцгоочихвуу? Хүний үхэл, зовлон, гамшиг, цус, нулимс Барууныхны хувьд санааг нь зовоох, гараа сунгах, туслахыг эрмэлзэх зүйл байхаа больсон байна. Газар хөдөлж Сирид хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшид нурангид дарагдан амьдаараа булшлагдах үед дээр дурдсан хүмүүн бусын сэтгэл, хандлага дахиад л нотлогдлоо. 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (59.153.112.136)

    2023-03-21

    Түүхэн, хөдөлбөргүй баримтуудад үндэслэн өнөөгийн ертөнцийн нөхцөл байдлыг маш бодитой шинжилж тоймолж дүгнэсэн энэ нийтлэл яг үнэн байдлыг хэлж чаджээ. Проф Чулуунжавт талархаж байна. Худал хуурмаг, туйлширсан, хэт улс төржсөн, мөнгө захиалгын бохир мэдээллийн үерт автсан энэ үед ийм нийтлэл юутай үнэ цэнэтэй вэ, олон хүн, төрийн томчууд ч уншиж ухаж бодож ухаараасай гэж хүснэ!