УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
- 2023-03-21
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.03.21/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон хэмээн тайлбарласан байна.
Мөн тэрбээр хүсэлтдээ, сүүлийн жилүүдэд концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машины зэрэг олон асуудалд өөрийг нь хилсээр нэр холбож буйг дурдаад, эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Дээрх хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Жамъянгийн Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхөөр тусгасан УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлах нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл (0)