Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа
- 2023-03-22
- Дэлхий
- 0
ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх тавдугаар сард “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахынхаа өмнө Украины нийслэл Киев хотноо мягмар гарагт айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийд улс оронд нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлав.
В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Фүмио Украины Ерөнхийлөгчийг Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцохыг урьсан гэдгээ мэдэгдлээ. Мөн Украинд НАТО-гийн сангаар дамжуулан 30 сая ам.долларын өртөг бүхий үхлийн хөнөөлгүй зэвсэг нийлүүлэхээ амлажээ.
Украинд хүрэлцэн ирэх хүртэл нь нууцалж байсан Японы Ерөнхий сайдын айлчлал нь дайн эхэлснээс хойш тус улсад хийсэн К.Фүмиогийн анхны айлчлал болсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Дели хотноо уулзсанаас нэг хоногийн дараа болсон юм. Японы удирдагчийн хувьд гадаадын улс оронд урьдчилан зарлахгүйгээр айлчлах нь тун ховор тохиолдол юм.
Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд ОХУ 2022 оны хоёрдугаар сард хөрш улс руугаа довтолсноос хойш тус бүлгийн орнуудын удирдагчдаас К.Фүмио л Украинд хараахан айлчлаагүй байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Киевт айлчилсан билээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад даваа гаргаас гурван өдрийн айлчлалаа эхлүүлээд байгаа үед К.Фүмио Украинд айлчилсан юм. Улмаар Японы Ерөнхий сайдын Украинд хийсэн айлчлал Хятадын Засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарчээ.
Украинд тохиромжтой цаг үед айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан К.Фүмио ням гарагт Энэтхэг улсыг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Киевт айлчлах төлөвлөгөө хараахан гараагүй байна хэмээн мэдэгдэж байжээ.
Харин даваа гарагт Н.Модитой хэлэлцээ хийснийхээ дараа К.Фүмио Польшоор дамжин Украинд очжээ. Японы Засгийн газар Киевт хийх Ерөнхий сайдын айлчлалын талаар аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд хожим нь хэвлэлүүдээр айлчлалын талаарх мэдээлэл цацагдсаны дараа баталсан байна.
Киевт хүрэлцэн ирснийхээ дараа К.Фүмио Буча хотод очжээ. Оросын цэргүүдэд эзлэгдсэнийх нь дараа тус хотоос олон энгийн иргэний цогцос олдсон юм. “Япон улс энх тайвныг сэргээн тогтоохын төлөө Украинд дэмжлэг үзүүлэхийн тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана” гэж К.Фүмио Бучад сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ.
Япон улс Украинд санхүүгийн дэмжлэг санал болгосноос гадна хүмүүнлэгийн болон эмнэлгийн хэрэгслийн тусламж, мөн сум нэвтэрдэггүй хантааз, дуулга зэрэг батлан хамгаалахын хэрэгслүүдийн тусламж үзүүлсэн. Гэхдээ дайны дараах энх тайванч үзэлтэй Үндсэн хуульд Өөрийгөө хамгаалах хүчнийг гадаадын хүчинд цэргийн зэвсэг нийлүүлэхийг хориглосон байдаг тул Токио Украинд зэвсэг нийлүүлээгүй юм.
К.Фүмио зөрчил мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Украиныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хоёр орны удирдагчид статус-квог дангаар өөрчлөх гэсэн Оросын оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн сацуу хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллана гэдгээ баталлаа.
ОХУ-тай найрсаг харилцаатай Хятад улс хямралыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийхийг уриалаад байгаа энэ үед Украинтай холбоотой асуудлууд нь Хирошимад болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв болох төлөвтэй байна.
Мягмар гарагт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэрээ К.Фүмиог шүүмжлээд, олон улсын хамтын нийгэмлэг энхийн хэлэлцээг түргэтгэж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой хэмээн мэдэгджээ. “Япон улс нөхцөл байдлыг хурцатгах бус намжаахын төлөө илүү их хувь нэмэр оруулна гэдэгт манай улс найдаж байна” гэж Ван Вэньбинь хэлсэн байна.
Харин АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайд Рам Эмануэль “Twitter” хуудсандаа, К.Фүмио Украины ард түмнийг хамгаалж, НҮБ-ын Дүрэмд заасан үнэт зүйлсийг сурталчлах зорилгоор Украинд түүхэн айлчлал хийж байна” хэмээн нийтэлжээ. К.Фүмио лхагва гарагт Польшид дахин очиж, пүрэв гаргийн өглөө Токиод эргэн ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын нэгэн төлөөлөгч мэдээлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл (0)