БГД-ийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн I улиралд 6 удаа хуралдаж, 52 үүрэг даалгавар өгөгдсөн байна

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн (2023.03.21) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай хуралдаанаар 2023 оны оны нэгдүгээр улирлын үүрэг даалгаврын хэрэгжилтийг сонслоо. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр улиралд Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 6 удаа хуралдаж, 52 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Үүнээс 100 хувийн хэрэгжилттэй 25 үүрэг даалгавар байгаа бол 90 хувийн хэрэгжилттэй 14, 70 хувийн хэрэгжилттэй 5, 50 хувийн хэрэгжилттэй нэг үүрэг даалгавар байгаа юм.

Танилцуулгын үеэр дүүргийн Засаг дарга 1 дүгээр удиралд өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилт нь дутуу байгаа ажлууд дээр хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-ын дарга болон холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Тухайлбал,

  • 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр явган хүн, автомашины орц гарцыг нэмэгдүүлэх, хашаа хайс чөлөөлөх төлөвлөгөө боловсруулж танилцуулах үүргийг Газар зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор Газар зохион байгуулалтын алба 1-34 хорооноос явган хүн, автомашины орц гарцыг нэмэгдүүлэх, хашаа хайсны судалгааг авч нэгтгэсэн байна. Мөн Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт орц гарц, явган хүний зам, авто зам хаасан хашаа, хаалтын зөрчлийн судалгааг боловсруулсан бөгөөд нийт 5 хорооны нутаг дэвсгэрт 30 байршилд 672 метр хашаа, бетон хаалт, гарааш чөлөөлөх шаардлагатай гэсэн судалгааг гаргажээ. Дээрх ажлын хүрээнд Газар зохион байгуулалтын алба, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, хороодын Засаг дарга нартай хамтран ирэх долоо хоногоос дээрх байршлууд дээр очиж ажиллах бөгөөд орц гарцыг нэмэгдүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлнэ гэдгийг холбогдох дарга нар онцоллоо.    
  • 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр байгаль орчинд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосоол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-т үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хөрс бохирдуулагч байж болзошгүй анхдагч түүхий эд авах, цуглуулах цэг, шатахуун түгээх газар, агрегат, кузов авто засвар, дугуй засвар, авто угаалга, сэлбэг хэрэгсэл, тос тосолгоо солих үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Байгаль орчны газраас гаргасан зөвлөмж мэдээллийг хүргүүлсэн байна. Мөн үйлдвэрийн хаягдал, автомашины тос тосолгоо, шатахуун хөрсөнд алдах, химийн бодистой бохир ус хөрсөнд ил задгай хаяж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргаж байгаа холбогдох газрууд хамтран шалгалт зохион байгуулна гэв.

Дүүрэг болон ДОНХС-гийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 ажлын 24-т нь тендер зарлагдсан

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт болон худалдан авах ажиллагааны явц байдлын талаар дүүргийн Удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн. Ингэхдээ Баянгол дүүрэгт 2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 48 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Эдгээрээс 1 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 4 нь Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар, 20 нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар, 12 нь Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжинэ. Үүнээс өнөөдрийн байдлаар дүүргийн болон дүүргийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 32 ажлын 24 т нь тендер зарлагдсан буюу 75 хувьтай байна. Үлдсэн ажлуудын хувьд дөрөвдүгээр сарын 1 гэхэд тендерийг зарлаж дуусгахаар төлөвлөөд байна. Мөн хоёр ажлын зураг төсөл цаанаасаа хийгдэх учраас хүлээгдэнэ гэсэн юм.

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ долоон машинаар парк шинэчлэл хийнэ

“Баянгол шинэ өргөө” ААТҮГ хог тээврийн 31 машинтай. Гэвч үүнээс 24 машин нь өдөр тутамд хог тээвэрлэлт хийдэг бөгөөд үлдсэн нь эвдрэл, засвар ихтэй байдгаас хогоо хугацаанд нь ачиж чадахгүй байх зэрэг хүндрэл гардаг байна. Тэгвэл энэ онд “Баянгол шинэ өргөө” долоон машинаар парк шинэчлэл хийхээр болоод байгаа юм. Тодруулбал, 2023 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 машин худалдаж авахаар тендер зарласан бөгөөд ингэснээр БНСУ-д үйлдвэрлэсэн 5 тоннын даацтай 4 машин авахаар болсон байна.

Мөн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд 3 хог тээврийн машиныг нэмж худалдаж авахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга “Баянгол шинэ өргөө”  ААТҮГ-ын удирдлагуудад холбогдох арга хэмжээг авах, хүний нөөцөө хангах зэргээр бэлтгэл ажлаа хангах, мөн ажилтан алба хаагчдынхаа Хөдөлмөр аюулгүй байдал руу хангасан арга хэмжээнүүдийг авч ажиллахыг үүрэг болголоо. 

 

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ААНБ-уудын оролцоог хангана

Баянгол дүүрэг 2023 оныг Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил болгон зарласан.

Үүнтэй холбоотойгоор “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө. Ингэхдээ дүүрэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орон сууц, гэр хороолол, сургууль цэцэрлэгийн орчим болон аж ахуйн нэгж байгууллагын орчны 50 м талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Түүнчлэн  иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, ногоон байгууламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтын зохион байгуулна. Ингэхдээ 1-34 хорооны иргэд болон ерөнхий боловсролын 10-11 дүгээр ангийн сурагчдыг сургах хуваарь батлагдсан. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөрс, үрсэлгээ бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Баянгол цэцэрлэгт хүрээлэн” болон холбогдох хэлтсүүд хамтран дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нмэгдүүлэхэд аж ахуй нэгж байгууллагуудыг хэрхэн татан оролцуулах талаар төлөвлөгөө гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

 Засаг даргын захирамжаар байгуулагдсан байнгын ажиллагаатай 10 салбар зөвлөл байна

ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Солонго Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байнгын ажиллагаатай салбар зөвлөл болон хороодын талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ дүүргийн Засаг даргын   захирамжаар байгуулагдсан байнгын ажиллагаатай 10 салбар зөвлөл байдаг. Үүний зургааг нь буюу Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл, Дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Газар хөдлөлт гамшгаас урьдчилан  сэргийлэх  байнгын ажиллагаатай салбар зөвлөл, Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар хороог Засаг дарга тэргүүлдэг. Харин Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн зөвлөлийг Засаг даргын орлогч, Орон тооны бус зөвлөлийг ЗДТГ-ын дарга ахалдаг гэсэн юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга дээрх зөвлөлүүд нэр төдий байх биш цаг товлосон цаг хугацаандаа  хуралдаж, асуудлаа хэлэлцдэг байх ёстой. Үүнд, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэсэн юм.  

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга цаашид анхаарч ажиллах шаардлагатай ажлын талаар холбогдох мэдээллийг Удирдах ажилтнуудад өгсөн. Үүнд, Байгаль орчинд сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд нүхэн жорлонгуудыг ариутгах ажлыг зохион байгуулах, Дүүргийн ЭМТ болон Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран шинээр байгуулагдсан хороодод ӨЭМТ-ийг шинээр байгуулах ажлыг түргэвчлэх, Зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулж байгаа ААНБ-ууд гадаад орчны тохижилтын ажилдаа анхаарах шаардлагатай байгаа тул холбогдох хэлтсүүд шаардлагатай арга хэмжээг авч ажилла гэсэн. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон холбогдох дарга нар Команд штабын сургалтад анхаарал хандуулах, шаардлагатай гээд Нийслэлийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулсан бөгөөд ЭНД дарж үзнэ үү. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)