Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах, орц гарцыг нээх, ТҮЦ нүүлгэх ажлыг эхлүүлнэ

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Энхтөр дүүргийн нутаг дэвсгэрт байгаа ТҮЦ болон гарааш чөлөөлөлт мөн Энхтайваны өргөн чөлөө дагуух хашаа хайсыг стандартын шаардлага хангуулах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, өчигдөр дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуралдсан. Хуралдаанд Зөвлөлийн гишүүдээс гадна ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны удирдлагууд оролцож, нийтийн эзэмшил газар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр эхний ээлжид дүүргийн нутаг дэвсгэрт байгаа, үйл ажиллагаа явуулдаггүй 46 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр болсон бөгөөд энэ ажил удахгүй эхэлнэ. Цаашид явган хүний зам дээр байрлуулсан, өнгө үзэмгүй ТҮЦ-үүдийг шат дараатай нүүлгэх ажлыг зохион байгуулна гэсэн юм.  

Түүнчлэн энэ онд Баянгол дүүрэгт 674 гарааш буулгахаар болсон. Энэ ажил дөрөвдүгээр сарын 15-аас эхлэх бөгөөд гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гараашийн эздэд хүргүүлсэн гэв.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Энхтайваны өргөн чөлөө буюу  Таваншараас Офицеруудын ордон хүртэлх том зам дагуу байрласан хашаа хайсыг нэг стандарттай болгох, холбогдох дүрэм журмыг мөрдүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн нутаг дэвсгэр дэх Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу судалгаа хийхэд 85 хашаа байгаа. Үүнээс 51 хашаа хайсыг стандартын шаардлага хангуулахаар болсон бол 31 хашаа хайс татуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Захирамж гарч байгаа гэсэн мэдээллийг өглөө.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)