“Эрүүл мэнд-Үндэсний баялаг” эрт илрүүлгийн хамрагдалт, явцын талаар мэдээлэл солилцлоо
- 2023-03-23
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргээс Засаг даргын санаачилгаар 3, 4 дүгээр сарыг “Эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх сар” болгон зарласантай холбогдуулан хүн амыг эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” аяны явцын талаар тайлан мэдээлэлтэй танилцлаа. Тус эрт илрүүлгийн арга хэмжээ үндэсний хэмжээнд 2022 оноос эхэлсэн ба өнөөдрийн байдлаар дүүргийн нийт хүн амын 40 хувь нь эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Асралт мед, Номун эмнэлэг, Сити мед, Ачтан эмнэлэг, Топази зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүд хийж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6-17 насны багцад хамрагдвал зохих хүүхдийн 79% хамрагдсан бол 31-45 насны багцад хамрагдвал зохих иргэдийн 14% нь хамрагдаад байна.
Тус танилцуулгын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Эрт илрүүлгийн хувийг нэмэгдүүлэхээр Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төвөөс шаардлагатай бүхий л арга хэмжээгээ авч байгаа хэдий ч 31-45 насны багцад дурангийн шинжилгээ хийх шаардлагатай байгаа ба дурангийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан хамрагдалт бага байгаа” тухай тайлбарыг хороодын Засаг дарга нарт хүргэсэн юм. Мөн хороодын Засаг дарга нар эрт илрүүлгийн оочер дараалал их, дурантай багцын хамрагдалт бага байгаагаас гадна оюутан залуучууд ЭМД-ын шимтгэл төлөөгүй шалтгаанаар үзлэг оношлогоонд хамрагдаж чадахгүй байгаа тухай мэдээллийг өгсөн юм.
Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар эрт илрүүлэг үзлэг шинжилгээний хамрагдалтын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, нэн ялангуяа бага насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах, эрүүлжүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах, уриалга хүргүүлэх, мөн явуулын үйлчилгээ үзүүлж, иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэгт хамруулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)