Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
- 2023-03-23
- Улс төр
- 0
Монгол Улсын Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын төрийн албаны зөвлөл санаачлан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг /2023.03.22/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хуулийн хэрэгцээ шаардлага юу байв, ёс суртахууныг хуульчилснаар нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэх тухай болон ёс зүйн зарчмын талаар дэлхий нийтийн баримталж буй чиг хандлагыг танилцуулсан.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Ес зүй, сахилга, хариуцлагын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр удирдан явуулав.
Төрийн албыг бэхжүүлэх төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлж “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан зэрэг эрх зүйн баримт бичгүүд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулах Хууль зүйн үндэслэл болж байна хэмээн УИХ-ын гишүүн, УИХ-ын Ес зүй, сахилга, хариуцлагын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ онцолсон юм.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэдээллээр хангах чиглэлээр УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрийн холбогдох албан тушаалтнууд, Төрийн албан зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Академич С.Нарангэрэл, Удирдлагын академийн захирал доктор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн Хууль, эрх зүйн тэнхимийн багш доктор, А.Алтанзул, МУИС-ийн зөвлөх профессор Р.Дарьхүү, МУИС-ын багш дэд профессор Д.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг Төрийн ордонд нэг удаа зохион байгуулсан бол хоёрдахь удаагийн хэлэлцүүлгийн ийнхүү хийж байгаа юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Долгоржав “Төрийн захиргааны албан хаагчийн ёс суртахууны асуудал” сэдвээр илтгэл тавьсан.
Тэрбээр, Америкийн сэтгэгч Вальдогийн тухайн цаг үед номлож байсан төрийн албан хаагчийн ёс суртахууны 12 үүргийг өнөө цагийн төрийн албаны ёс суртахууны хэм хэмжээтэй дүйцэж байгаа талаар харьцуулсан судалгааны ажлаасаа танилцуулав. Энэхүү үүрэгт Үндсэн хууль, хууль, улс, үндэстэн, ардчилал, байгууллага, мэргэжил, гэр бүл, найз нөхөд, өөрийнхөө болон, хамтын нийгэмлэг, нийтийн ашиг сонирхол, хүн төрөлхтөн, дэлхий нийт, шашин, бурхны өмнө хүлээсэн 12 үүргийг нэрт сэтгэгч тодорхойлсон агаад өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдаагүй ажээ. Мөн Я.Долгоржав ёс суртахуун, эрх, үүрэг, эмх журам зэргийг хэрхэн тодорхойлж, мөрдөж ирсэн талаар танилцуулсан.
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр илтгэлдээ, авилгатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд шалтгаан нөхцөлийг зөв тогтоох ёстой гэж үздэг. Орлогын төвшин, боловсролын байдал зэрэг нь авлига үүсэх нөхцөл болохоос бус шалтгаан биш юм. Харин хүний өөрийн шунал, хүсэл бол шалтгаан юм. Хүний хүсэл, шунал хязгааргүй. Гэхдээ төрийн албан хаагчид үнэт зүйлээ хамгаалж, хуулиа дээдэлж, нийтийн ашиг сонирхлыг дээдэлж байх ёстой гэх зэрэг авлигын учир, шалтгааныг тайлбарлаад ёс зүй зарчмыг төрийн албан хаагчид хэрхэн баримтлах, төрийн албан хаагчийн ёс зүйг бусдаас онцлох шалтгааны талаар итгэлдээ дурдсан. Мөн өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийн талаар танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн жил 1520 хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад 1184 холбогдогчтой, 1806 үйлдэл илэрсэн. Үүнийг төрийн болон нийтийн албан тушаалтнууд үйлдсэн байна.
Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухаан гавъяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл хэлэхдээ, төрийн албан хаагчдын ёс суртахууны асуудал монгол хүний мөн чанарыг харуулж байна. Улмаар нийгмийн толь болж байна. Төрийн албаны хуулийн төслийг хэлэлцэх үед төр гэж юу вэ, ёс зүйг хуульчилж болох эсэх талаар асуудал хөндөгдсөн. Мөн энэ талаар эртний уламжлал, ёс суртахууны талаарх онол, судар бичгийг судалж, энэ цагтай харьцуулан хуулийн төслийг боловсруулж буй талаар ярьсан. Мөн тэрбээр Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг Эрүүгийн хууль болгохгүй байхыг зорьж байна гэв.
Мөн Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг танилцуулсан юм.
Энэхүү хуулийн төсөлд төрийн албан хаагчийн баримтлах 6 үндсэн зарчмыг тодорхойлжээ. Тухайлбал, хүнлэг энэрэнгүй байх, төрт ёс, хуулийн дээдлэх, бүх иргэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг сахин баримтлах, хариуцлагатай байх, хамт олонч байх зарчмыг оруулсан байна. Эдгээр зарчим нийтлэг хэм хэмжээ болж хуульд тусаж байгаа ажээ.
Үндсэн илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд саналаа хэллээ. Улсын дээд шүүхийн Ёс зүйн зөвлөлийн дарга Т. Мөнхсүлд, Засгийн газрын тогтоолоор Ёс зүйн зөвлөл хараат бусаар үйл ажиллагаа явуулна гэж заасан. Гэтэл хуулийн төсөлд Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан шаардлагатай бол няцаана гэсэн байна. Энэ нь зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлж байна. Мөн төрийн албан хаагч зөрчлийн хэм хэмжээг тодорхой зааж өгөөгүй атлаа шийтгэлийг нь заажээ. Энэ нь эрх бүхий албан тушаалтан сонголтоороо шийдэх нөхцөл үүсэх боломжтой байна. Тиймээс хуулийн төсөлд эдгээр заалтуудыг эргэн харахыг хүслээ.
УИХ-ын Ес зүй, сахилга, хариуцлагын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, хуулийн төслийг сар гаруйн хугацаанд хэлэлцэх учраас саналаа өгөх боломжтойг онцолж байв.
Хэлэлцүүлгийг хааж Төрийн албаны зөвлөлийн дарга Б. Баатарзориг үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хууль хэлэлцүүлэх явц сонирхолтой болж байна. Бодит үр дүн гарсан, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, оновтой санал тусгасан, хуулийг батлах ёстой. Бид олон сорилтын өмнө байна. Нэн ялангуяа ёс зүйн асуудлыг шийдэх шилжилтийн үед ирлээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн харилцаанаас гадна нийгмийн баталгааг авч үзэх ёстой. Бид энэ асуудлыг жичид нь ярилцах юм. “Алсын хараа- 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулахад ёс зүйтэй төрийн албан хаагчгүйгээр, тэдний нийгмийн баталгааг хангахгүйгээр шинэтгэл хийхэд хэцүү. Тиймээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль чухал ач холбогдолтой юм гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)