Германы эдийн засгийн төлөв сайжирч байгаа ч бүрхэг хэвээр байна
- 2023-03-23
- Дэлхий
- 0
БЕРЛИН. /DW/. Европын хамгийн том эдийн засаг болох Германы эдийн засгийн богино хугацааны төлөв сүүлийн саруудад сайжирсныг тус улсын Эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийн лхагва гарагт танилцуулсан тайлан харууллаа.
Гэхдээ аливаа өсөлт нь инфляцын өндөр түвшин, санхүүгийн нөхцөл байдал, гадаад эрэлт зэргээр хязгаарлагдах төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ. Тайланд дурдсанаар, эрчим хүчний хангамж харьцангуй тогтворжиж, үнэ буурсантай холбоотойгоор Германы эдийн засгийн богино хугацааны төлөв үл ялиг сайжирчээ.
Тодруулбал, 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 0.2 хувьтай байна гэж төсөөлж байна. Өмнө нь энэ үзүүлэлтийг 0.2 хувиар агшина гэж таамаглаж байсан юм.
Тайланг гаргасан шинжээчид 2024 онд ДНБ 1.3 хувиар өснө гэж тооцоолсон байна. Гэхдээ инфляц өссөөр байгаа нь худалдан авах чадвар, хэрэглэгчдийн эрэлтэд нөлөөлж байгааг мөн дурджээ.
Үүний зэрэгцээ бодлогын хүүгийн өсөлт нь санхүүгийн нөхцөл байдлыг улам дордуулж, хөрөнгө оруулалт буурахад хүргэж байна. Хэдийгээр инфляц буурах төлөвтэй байгаа ч 2023 онд дунджаар 6.6 хувьтай буюу харьцангуй өндөр түвшинд хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. Харин ирэх онд 3 орчим хувьд хүрч буурна гэж тооцоолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл (0)