“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г корпораци болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.    Хуулийн төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу  корпорацийн статусд шилжүүлэхээр тусгасан юм.  Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун  хуралдаанд танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Удирдлага зохион байгуулалт нь ямар байх вэ.  Улс төрөөс хамааралтай байх юм уу.  Төв дээр ганцхан ийм корпораци байгуулчихлаа, орон нутаг, аймаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай харьцаад явах юм уу.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Хөдөө аж ахуйг дэмжих сан өр авлагын тулам, өглөг буяны газар болсон. Авлага, өглөгийн хэмжээ 200 тэрбумд хүрсэн. Энэ янзаар яваад байж болохгүй. Удирдлагыг сонгон  шалгаруултаар сонгоно.

УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн:

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт актив, өр, авлага нь хэр байна вэ?

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтнаран:

 -2022 оны жилийн эцсийн байдлаар эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөг. Бараа материалын үлдэгдэл 78.2 тэрбум, харилцахад 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өр төлбөрийг харьцуулж үзвэл богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн өр төлбөр 18 тэрбум төгрөг байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газрын хөтөлбөрүүд, сангууд дэмжих гэдэг нэг үгтэй. Дэмжих гэдэгт итгэхээ больсон шүү. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос биш, хар юмнууд байдаг нь тодорхой болоод байна. Баланс цэвэрлэх гээд байна уу, зүсийг нь хувиргаад.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Өр авлага, өглөг буяны сүлжээ болсон энэ байгууллагыг ямар ч байсан төрийн өмчит корпораци болгох нь зөв. Цаашдаа олон нийтийн компани болох үйл явц идэвхжинэ гэдэгт итгэл төгс байна. Корпораци болохоор энэ байдал өөрчлөгдөнө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Сүүлийн үед иргэд төрийн өмчит компанид огт итгэхээ больсон. Хөгжлийн банкны сонсголын үеэр та бүхэн харсан л байх. Хөдөө аж ахуйг хөгжүүлж, хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг агуулга зорилго нь зөв сонсогдож байна. Хөгжлийн банк ч бас улс орны хөгжлийг өөд нь татах төсөлд зээл өгнө гэж байсан. Гэтэл хэлбэр нь болохгүй байна.  МАН-ын бодлого гээд 10 их наяд төгрөгийн зээл өгөөд л бүх хүнийг ядуурлаас гаргана гэсэн ч жижиг бизнес эрхлэгчдэд тэр зээл очоогүй. 10 их наяд төгрөгийн зээл банкуудад очсноос долоо хоногийн дараа Монгол Улсын хадгаламж тав дахин өссөн гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга ярьж байсан. Хүмүүсийн итгэлийг сулруулсан зүйл болчих вий. Өнөөдрийн яригдаж байгаа корпораци том, жижиг бизнес эрхлэгчдийн алийг нь дэмжих вэ. Тариалан дэмжих сан гэж байхад томоохон компаниуд зээл авсан. Зээл нь төлөгдөөгүй учир бүх материалыг нь жалганд аваачиж шатаасан гэдгийг тухайн үед хэвлэлээр бичиж байлаа. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг ил болгох хэрэгтэй" хэмээв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

 

Төмөрбаатар БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)