Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцаж, Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы (2023.03.23) үдээс хойших  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултаар нэгдсэн хуралдаан үргэлжилэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн  Х.Ганхуяг, Засгийн газраас экспортыг дэмжих, импортын бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад сангуудыг багасгах, төрийн өмчийн компаниудад хяналт тавих иргэдийн оролцоог сайжруулах арга хэмжээ авч буй эсэх, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа,  Засгийн газрын тусгай сангуудад  тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, шалгалт орж цэгцэлсэн. Сангуудын талаар төсвийн гүйцэтгэлийн үеэр аудит хийдэг учраас энэ талаар тодруулж болно. Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үед, эсвэл  Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөл өргөн мэдүүлэх үед эдгээр санд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэх талаар ярилцахад сангийн талаар тодорхой хариулт авах боломжтойг тэмдэглээд Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах нь зөв. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хариуцлага тооцож, хянаж ажиллаж эхэлсэн гэж байлаа.  

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дарханы замын бүтээн байгуулалтад нийлүүлсэн нийт цементээс алга болсон 36 мянган тонныг хэрхэн зарцуулсныг тодруулахын зэрэгцээ Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллах үеэрээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэсэн амлалт нь хэзээ ажил болгохыг лавлав.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд, 90.2 тонн цемент авч ашигласан. Гэвч 126 мянган тонн цементын асуудал өчигдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан. Бид хянаж, шалгаж байна. Эргээд асуудлыг тодруулж хариуй өгье гэв. 

Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох гурван яамны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.  Төр дэд бүтцийг гүйцэтгээд үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн чиглэлтэй явж байгааг хариултдаа онцоод Орхон суманд зоорийг улсаас барьж өгөх боломжгүй. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас  зоорь барьж байгуулахад хөнгөлттэй зээл олгож байгаа гэв. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Төслийн хүрээнд хэчнээн хүнийг ажлын байраар хангаж, ядуурлаас гаргасныг лавласан төдийгүй гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн ургашуулахаар ажиллаж буйг асууж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг  хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж, 148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан тул цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна хэмээн хариулсан. 

Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр,  2022 онд 111 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 85 мянган иргэн хамрагдаж, 40 орчим мянган иргэний ажлын байр хадгалагдсан. 30 мянган иргэнийг ажилд зуучилсан гэсэн юм.

Ийнхүү Засгийн газрын гүйцэтгэлийн хэрэгжилт, тайлантай холбогдуулан  гишүүд асуулт асууж хариулт авлаа.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг Байнгын хороо  2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа. 

Ингээд "УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)