АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургуулилт энэ сарын 13-нд эхэлж, 11 хоног үргэлжлээд өчигдөр өндөрлөлөө.

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

 

Сургуулилтад  дивизийн хэмжээний тэнгисийн цэргийн довтолгооны хүчин, 30 хөлөг онгоц, F-35A, F-35B, F-15K, F-16 сөнөөгч, B1-B бөмбөгдөгч, AH-64 Апачи нисдэг тэрэг зэрэг 70 орчим онгоц,  50 орчим тэнгисийн цэргийн хөвөгч машин оролцож, далайн эрэг орчмын мина цэвэрлэх, эргийн десант буух үед галын дэмжлэг үзүүлэх, агаарын болон хуурай замын байлдааны ажиллагаа явуулах зэрэг дадлага сургуулилтыг хийлээ.

 

Уг сургуулилтад анх удаагаа Британийн 40 орчим тэнгисийн явган цэрэг оролцсон бол  Австрали, Франц, Филиппин улс цэргийн ажиглагчдаа илгээжээ.

 

Хамтарсан сургуулилттай холбогдуулан БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Сон Кён “НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг АНУ, Өмнөд Солонгосыг өдөөн хатгасан мэдэгдэл, хамтарсан цэргийн сургуулилтаа даруй зогсоохыг хатуу шаардах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байна. Мөн удахгүй Өмнөд Солонгос, АНУ хоёр улс хамтран түүхэндээ хамгийн том байлдааны буудлагатай сургуулилтыг энэ оны зургаадугаар сард хийхээр төлөвлөж байна хэмээн Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлж байна гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл стратеги судалгааны хүрээлэн мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)