“Санамсаргүй давхацсан” хоёр айлчлал
- 2023-03-24
- Нийтлэл
- 0
БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон Ши Жиньпин хамгийн эхний гадаад айлчлалаа ОХУ-д хийж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ Украины хямрал, 2030 он хүртэлх хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг хөндөн ярилцлаа.
Айлчлалын өмнө В.Путин Хятадын “Жэньминь Жибао” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “хоёр улсын харилцаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрч, дэлхий дахины тогтвортой байдлын тулгын чулуу болсон” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Харин Хятадын удирдагч Ши Жиньпин дурдахдаа “Хятад-Оросын хэлхээ холбоо нь хоёр талын харилцааны хүрээнээс нэгэнт хальж, орчин үеийн дэлхийн дэг журам ба хүн төрөлхтөний хувь заяанд амин чухал ач холбогдолтой болсон” гэдгийг онцоллоо. Талууд 14 баримт бичиг ба 2 хамтарсан мэдэгдэлд гарын зурсан байна.
“Хятад-Оросын хэлхээ холбоо нь хоёр талын харилцааны хүрээнээс нэгэнт хальж, орчин үеийн дэлхийн дэг журам ба хүн төрөлхтөний хувь заяанд амин чухал ач холбогдолтой болсон"
Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр В.Путин Хятад улсын энхийн санаачилгын талаар хэлэхдээ “уг төлөвлөгөөний олон зүйл заалт нь Оросын байр суурьтай нийцэн тохирч байгаа учраас хямралыг энхийн замаар зохицуулахад үндэс суурь болгох боломжтой, гэвч үүнд Барууныхан ба Киев бэлэн бус байна” гэдгийг дурджээ. Хятадын удирдагч Ши Жиньпин мэдэгдэхдээ, Хятад улс НҮБ-ын дүрмийн зарчмуудыг удирдлага болгож, Украины хямралын асуудлаар алагчлахгүй шударга байр суурийг баримталж, энхийг тогтоохын тулд яриа хэлэлцээ хийх нь зүйтэй гэж үзэж байгааг илэрхийллээ.
Сануулан дурдахад, 2013 онд Ши Жиньпин Хятад улсын даргаар сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд ОХУ-д айлчилж байсан бөгөөд тэр үед Украинд байдал түгшүүртэй болж эхэлж байсан бол одоо дайн ид өрнөж буй үед Москвад ирлээ.
В.Путинтэй хэлэлцээ хийхийн өмнө Хятадын удирдагч Оросын Ерөнхий сайд М.Мишустинтэй уулзжээ. Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 30 гаруй хувиар өсөж, 190 тэрбум долларт хүрсэн бол энэ онд 200 тэрбумд хүргэх зорилт тавьсныг Оросын Засгийн газрын тэргүүн дурдлаа.
Хятад судлаач М.Коростиковын ярьснаар, Ши Жиньпинийг дагалдан Хятадын бизнесийн төлөөлөгчид Москвад ирсэн бөгөөд тэд барууны компаниудын орхин гарсан Оросын зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байна. Тухайлбал, одоогоор Оросын зах зээлд үлдсэн автомашин үйлдвэрлэгч 14 компанийн 11 нь Хятадынх байгаа бол Хятадын ухаалаг гар утасны брэндүүд Оросын зах зээлийн 75 хувийг, зөөврийн компьютерийн брэндүүд 40 хувийг эзлэх болжээ. Барууныхан Оросын эсрэг тогтоосонтой ижил хоригуудыг Хятадын эсрэг тогтоосон бөгөөд гэхдээ үүнийгээ алгуур байдлаар хэрэгжүүлж байгаа гэдгийг судлаач тэмдэглэн хэлэв. Иймээс Орос улс Барууны хоригийг хэрхэн сөрөн зогсож буйг өөрийн нүдээр харж, дүгнэлт хийхийн тулд Ши Жиньпин Москваг зорин ирсэн ажээ.
Ф.Кишидагийн гэнэтийн айлчлал
Москва хотноо Орос-Хятадын хэлэлцээ ид явагдаж байх тэр мөчид Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида Украинд гэнэт айлчилсан нь олон улсын ажиглагчдыг төдийгүй мэдээлэлд ойрхон байдаг Японы сэтгүүлчдийг хүртэл алмайруулсан үйл явдал байлаа. 3 дугаар сарын 20-ны даваа гарагт тэрбээр Нью Делид айлчилж, Энэтхэгийн Ерөнхий сайдтай уулзсан бөгөөд үүнийхээ дараа шууд Токио руу нисэхээр төлөвлөж байсан бололтой. Гэвч Кишида Польш руу нисээд, тэндээсээ шөнийн галт тэргээр Киевт иржээ. Энэ бол Дэлхийн II дайн дууссанаас хойших хугацаанд, нутаг дэвсгэрт нь дайн болж буй улсад Япон Улсын Засгийн газрын тэргүүн анх удаагаа айлчилсан тохиолдол юм.
Орос-Украины мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш Япон улс Украиныг дэмжсээр ирсэн бөгөөд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан “G7” бүлгийн орнуудын удирдагчдаас Киевт очоогүй ганц хүн нь Кишида байлаа. Түүнийг Украинд ойрын үед ирнэ хэмээн хүлээж байсан боловч энэ удаагийн гэнэтийн айлчлал чухамдаа Хятадын удирдагчийн Москвад хийсэн айлчлалтай давхацна гэдгийг хэн ч таамаглаагүй нь үнэн.
Японы ГХЯ үүнийг тайлбарлахдаа “Ерөнхий сайд Ф.Кишида Украины ард түмний эр зориг, тэсвэр тэвчээрийг үнэлэн, хүндэтгэл үзүүлэхээр тус улсад айлчилсан” гэжээ. Тэрбээр Киевийн ойролцоох Буча хотод очиж, өнгөрсөн онд Оросын цэрэгт эзлэгдээд байх үед амиа алдсан энгийн иргэдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөж, нэг минут чимээгүй зогслоо. Тус хотын дэд бүтцийн байгууламжуудыг сэргээн босгох ажилд Японы компаниуд оролцож байгаа бөгөөд япончууд өнгөрсөн өвөл өндөр хүчин чадалтай генераторуудыг Украинд нийлүүлж байв. Кишида айлчлалынхаа үеэр эрчим хүчний болон бусад салбарт Японоос 470 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж амлалаа.
Ер нь бол, дайн дэгдсэнээс хойш япончууд Украиныг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд 7 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлснээс гадна Японд дүрвэж очсон 2 мянга орчим украинчуудыг орон гэр, ажлын байраар хангаж, сурч боловсроход нь тусалж байна. Энэ бол дүрвэгчид, цагаачдын талаар хатуу бодлого баримталдаг улсын хувьд түгээмэл бус тохиолдол.
Нөгөөтэйгүүр, улс орны дотоодод Кишидагийн нэр хүнд төдийлөн сайнгүй байгаа бөгөөд хугацаанаас нь өмнө парламентын сонгуулийг явуулъя гэсэн үг яриа сөрөг хүчнийхний дунд гарах болсон аж. Иймээс гадаад бодлогын тал дээр идэвхийг үзүүлж, Киевт айлчилснаар Японы олон нийтээс сайн үнэлгээ авахаар тооцоолсон байхыг үгүйсгэхгүй гэж зарим ажиглагч дүгнэжээ.
Хамгийн гол нь, Азийн авторитар дэглэмтэй улсын удирдагчийг оросууд урьсан бол Ази тивийн ардчилсан улсууд Украиныг дэмжиж байна гэсэн мессежийг дэлхий дахинд өгч, Хятадын удирдагчийн айлчлалыг “бүдэгрүүлэх”-ийн тулд барууныхан Кишидаг Киев рүү явуулахаар шавдуулсан бололтой.
Сибирийн хүч-2: Үнийн асуудал л үлдлээ
“Хоёр хүн уулзаа л биз” гээд тоохгүй орхиж боломгүй том асуудал бол Хятадын удирдагчийн айлчлалын үеэр манай улсаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” байгалийн хий дамжуулах хоолой юм.
Мягмар гарагт болсон Путин-Ши нарын хэлэлцээний үеэр уг асуудлыг эхлээд цөөн хүний хүрээнд, дараа нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцжээ. Ингээд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурахад бэлтгэх ажлыг ойрын үед дуусгах чиглэлийг хоёр улсын удирдагчид холбогдох албан тушаалтнуудад өгчээ.
Хэлэлцээний дараа Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, асуудлыг шийдэх тал дээр томоохон ахиц дэвшил гарч, Орос, Хятад хоёр улс хийн хоолой барих төслийн бүх үндсэн параметр үзүүлэлтийг зөвшилцөн тохиролцсон, мөн өмнө нь Монголын талтай бүх тохиролцоог хийсэн гэдгийг мэдэгдлээ. Оросын “Газпром” компанийн мэдээлснээр, 2022 оны 1 дүгээр сард төслийн ТЭЗҮ-г боловсруулах тухай протоколыг Монголын талтай байгуулсан бол зураг төслийн ажил 2023 онд багтаж дуусна гэдгийг ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд В.Абрамченко мэдэгдэж байв.
Жилд 50 тэрбум шоо метр хийг Хятадад нийлүүлэх уг хоолойн нэг хэсэг нь Монгол Улсын нутаг дээгүүр 962,9 км урт зурвас газраар дайран өнгөрөх бөгөөд барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд дуусах төлөвтэй байна. Барууныхны хоригийн улмаас “Газпром”-оос Европын Холбоонд нийлүүлдэг хийн хэмжээ 80 тэрбум шоо метрээр буураад буй энэ үед “Сибирийн хүч-2” магистраль хоолойг барих ажлыг түргэвчлэхийг Оросын тал эрмэлзэж байна.
Ойрын жилүүдэд “Газпром”-ын Хятадад нийлүүлэх хийн хэмжээ жилд 48 тэрбум шоо метрт хүрэх бол “Сибирийн хүч-2” ашиглалтад орсноор 2030 он гэхэд жилд 100 тэрбум шоо метрт хүрэх юм. Үүн дээр 100 сая тонн шингэрүүлсэн шатдаг хийг нэмэх аваас Орос улс Хятадын зах зээлд томоохон байр суурийг эзлэх болно.
Нэгэнт талууд үндсэн параметрүүдээ тохиролцсон тул одоо зөвхөн үнэ ханшийн асуудлыг шийдвэрлэх л үлдлээ. Энэ тухайд ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.Новак хэлэхдээ “бүх гэрээ хэлцлийг харилцан ашигтай нөхцөлөөр байгуулдаг, алдагдалтай гэрээнд хэн ч гарын үсэг зурахгүй” гэлээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)