Богдын хорлонтой дүрийг үзүүлэхгүй байя
- 2023-03-24
- Нийтлэл
- 1
Хүсэн хүлээсэн Х Богд маань тодорч сүсэгтэн олон монголчуудын магнай тэнийж байх шиг байна. Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн сэтгэгдэл. Зураг хөрөг. Үүнтэй холбоотойгоор хэлж сануулахгүй бол болохгүй үзэгдэл нэг байнаа.
Ахмад хижээл насныхан, социализмаар дамжаад ирэгсдэд бол дүүрч гэхсэн. Харин XXI зууны залуус, бидний үрсэд тийм ч аятайхангүй, тэгээд ч Шарын шашны монгол тэргүүнээ залж буй энэ цаг үед бүр ч зохимжгүй үзэгдлийг би сэрэмжлүүлж байна.
Үе үе олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа, бас Youtube сайтад оруулчихсан “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцсэн хүмүүс олонтаа. Тэднийг төлөөлж энэ нийтлэл бичигдлээ.
Энэхүү Богдыг ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, чухам л түүний буян, ухаанаар монголчууд Манжаас салж, тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн хэмээн үздэг нэртэй түүхч найз нараа (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) өмгөөлөн энэхүү нийтлэлийг бичиж байна хэмээн давхар тооцоорой. Тэд маань яагаад дуугүй суугаад байгаад, тэгэх тусмаа өөрсдийнх нь нотлон гаргаж ирсэн шинэ дүгнэлтийг зориуд унагах гэсэн мэт уншигчид, үзэгчдийг нэр бүхий уран сайхны кинонуудаар хордуулсаар байгаад,тэд маань ус балгачихсан аятай эвлэрэн өнгөрүүлэхүйд нь гайхан гайхан энэхүү бичил нийтлэлийнхээ үгсийг хэлхлээ.
1942 онд зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн “Сүхбаатар” кинонд энэхүү Богд нь ёстой нэг хорлонтой, зэвүүцмээр, зүхмээр дүрээр гарч ирдэг дээ. Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж Тасганы овоогоор даван Гандангийн дэнжээс урагш маршилж байна. Өндөр Жанрайсагийн тагтан дээрээс Богд нь хатан Дондогдулам, Бадмаа маарамбатайгаа гурвуул зогсон сонирхож байна. Тэр гурвын яриа:
-Тэд нар ирэх нь энэ үү?
-Таныг бурханы орноос ирсэнтэй адил хүндэтгэж байна.
-Сүхбаатар хаана байна?
-Тэр түрүүнд нь явж байна.
-Алив, яасан ч сайхан эр вэ.
-Бадмаа, чи дуулж бай, энэ хүнийг үгүй хийх хэрэгтэй. Үгүй хийнэ. Чамд чанга хатуу эм байна уу, Бадмаа?
-Амьд байлгах юм уу, тонилгох юм уу?
-Тонилгох оо!
Ардын хувьсгалын удирдагчийг алж тонилго гэсэн үүрэг өгчихөөд Богд цаашаагаа орчихдог. Тэгж зарлигдсаных нь дагуу маарамба нь жанжны гэрт нь ирж хор өгч үхүүлдэг. Тэр дүрсийг үзэхээс зарсхиймээр.
“Тунгалаг тамир” киноны 2-р бүлэгт Богдын өвлийн ордны хашаанд Богдыг хоёр бараа бологчтой нь дэлгэцнээ харуулснаа ийм нэгэн тайлбар уншдаг.
-Богд. Гамин, Баронтой нийлж Монгол оронд түмэн зовлон учруулсан. Богд бол үлэмж хүчтэй дайсан юм аа. Энийг гамин барон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Ардын журамт цэргийг Хүйн Бургалтайд ирэхэд Богдын элч угтан очиж уулзаад урт хадаг барьжээ. Тэр бол аргагүй дарагдаж бахардсан хүний элч. Ялагчийг зусардсан бялдууч хүндэтгэл байлаа.
Мөн тэр киноны тэр 2-р бүлэгт ийм нэгэн яриа бий. Ардын засгийн төлөөлөгчөөр томилогдсон Эрдэнэд жанжин Сүхбаатар үүрэг өгч байна.
Эрдэнэ асууж байна:
-Хаад ноёд, хутагт хувилгаад, баячуудыг яах вэ?
Жанжин хариулж байна:
-Одоохондоо бидэнд түр ч гэсэн хань хэрэгтэй. Бид Богдод хайртайдаа түүнийг хэмжээт эрхт хаан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж, ухаан бодолд нь шингэсэн шарын шашинтай зөв хандахад л хамаг учир нь оршиж байгаа юм. Гэхдээ зорилгоо гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэргээсээ ухрахгүй ээ. Бидний дайсан ухаантай ч, зальтай ч, бид тэднээс ухаантай аргатай байж ялна.
Одоо Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьсан дүрс зурагтаар хөврөх юм. Богд бол дайсны цаадхи дайсан, урвагчийн цаадхи урвагч,бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсий-г жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань жанжин Сүхбаатар түр ашиглаад л дараа нь устгачихна гэсэн заналхийлэл тэр кинонд буй.
“Хатанбаатар” киноны 1-р бүлэгт ийм нэгэн хэсэг бий. Богд Өвлийн ордондоо заларч нөмгөн орон дээрээ тойлуулж байна. Хэлж байна:
-Би ч аалзны шүлсэнд орооцолдоно гэдэг болоод байна. Эд нар намайг их ороож байна. Миний төлөг төөрчээ. Чи нэг үзээдэх.
Тэгсний дараа Хатанбаатарыг хүлээн авч Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт нь тамгаа дарж өгч байна. Богдын яриа:
-Улаан Орос чинь Хаанаа ширээнээс нь буулгаж...
Тамгаа дарсны дараа Хатанбаатарыг гаргачихаад хэлж байна:
-Байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо?
-Би, би юу, юу хийчих вэ?
Зүрхээ зүсүүлсэн, зөнөж тэнэглэсэн нэгэн Богд тэр кинонд дүрслэгджээ.
XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу? Үүнд миний номын садан доктор О.Батсайхан зоригтой үгсээ дуугарч хариулт хэлнэ үү?
“Өглөө”, “Тэмцэл” кинонд Богдыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтнаар дүрсэлжээ. Зарим сайтад “Өглөө”, “Тэмцэл” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулсан байснаа буцаагаад сэргээчихсэн ч байх шиг. Тэнд ингэж ярилцдаг даа.
Богд:
-Бодоо Та уг нь лам хуварга хүн. Арай цочмогдож сүсэгтэн олон шавь нарынхаа сэтгэлд нь сэв хийж, болчимгүйтэж байгаа юм биш биз?
Оролцогч:
-Харин ээ харин, тэгээд энэ төр Таны зүтгэлийг хэр зэрэг үнэлэв дээ?
-Би бодвол цаадуул чинь ёстой нөгөө сахил ч үгүй, туулай ч үгүй болгоно гэдгийн үлгэрээр оруулсан юм биш үү?
Бодоо:
-Энэ ч миний уучилж болшгүй эндэгдэл болох нь ч болсон юм. Гэхдээ би тэд нараар ингэж сануулчихаад өнгөрнөө, хол хэвтэнэ.
Хуйвалдагч:
-Зөв, бид эднийг ингэж дагаж буруутчихсаныгаа зөвтгөж болохтой байгаа юм чинь.
Бодоо:
-Тэгээд ч бид шашныхаа хүч, шавь нарынхаа тоог дутуу үнэлэж болохгүй.
Оролцогч:
-Ялимгүй оройтоогүй бол боддог л бодол.
Бодоо:
-Да ламтан Та сэтгэлээр битгий уна. Ерөнхий сайд нь байж байгаагийн хувьд мэдэлгүй яахав. Хийсэн дуулиан нь их болохоос хэрэг дээрээ тийм дийлдэхгүй их болчихсон юм биш шүү. Та нар хуримтлуулж байгаа жаал зугаа юмандаа найдаж байгаа бол чинь дэмий.
Хуйвалдагч:
-Чамлаад яахав, бас ч овоо товхийсэн юм цуглачихаад байгаа юм шүү.
Бодоо:
-За за би тэрнийг чинь үзнээ. Тэрнээс гадна би Дамбийжанцантай холбоо бариад яггүй юм сэдчихээд байгаа. Шинжаанаас хятад цэргийн тусламж чиг бүтэж мэднэ. Тэгээд тэр чөтгөр Ховд, Улиастайг хамаад орхив л уу, бид энд зүгээр суухгүй. Ер нь олны санал сэтгэлийг алдагдуулж энэ Ардын засагт дургүйцүүлэх ажлыг цааш үргэлжлүүлэх нь чухал. Энэ ажлыг би өөрөө гардан хариуцаж хийе.
Хуйвалдагч:
-Зөв. Энэ ажлыг Та л хийж чадна. Бид ч гэсэн зүгээр суухгүй.
Бодоо:
-Эрхмүүд минь ер нь яриагаа татаж, хөдлөхөө бодъё. Эзэн хаант төрөө аваръя.
Хуйвалдагч:
-Ёстой ёстой.
Богд:
-За Та нар минь сайн бодоорой. Гоомой юм хийсэн шүү.
Энэ мэт дүр монгол кинонд мөнхөрчээ. Яах вэ гэдэгт хоёр хувилбар байж болно: 1) Бүтнээр нь архивлаад хадгалах; 2) Эсвэл үзүүлэх гэж байгаа бол өмнө нь манай түүхч найз нараар (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) тайлбарлуулж, тайлбар зүүлт дагалдуулж үзүүлж байхыг санал болгоё. Үзүүлэх тоолондоо шүү!
Сэтгэгдэл (1)
(42.48.1.86)
Bogd guai chn Mongoliig darahiin tuld urd nutgiinhan Tovdoos oruulj irsen shashinii zutgelten bish biluu