“Шударга ёсны талд зогсоно” гэсэн шүүгчдийн тоо 100 давжээ
- 2023-03-27
- Нийтлэл
- 0
Олон нийт шударга ёсыг хүсч байна. Энэ нь ямар нэг эш баримт, судалгаа нотолгоогүйгээр хэлэхэд л ойлгомжтой хүсэмжлэл юм. Бид шударга ёсыг төрөөс шаарддаг. Төр ч тийм үүрэгтэй. Тэр дундаа шүүх засаглалыг шударга байхыг хүсдэг.
Учир нь сүүлийн үед, ер нь сүүлийн жилүүдэд шүүхтэй холбоотой таагүй мэдээллүүд тасрахгүй байна. Шүүхдэх шинэчлэлийг хуулийн хүрээнд хэд хэдэн удаа хийлээ. Гэвч элдвийн судалгаа, шинжилгээнийдүн, олон нийтийн үнэлэлт дүгнэлтээр сайжирсан гэх байдал үзэгдэхгүй л байна.
Эндээс үүдээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд олноороо холбогдсон хэргүүдийг шүүх шударга шүүнэ гэдэгт олон нийт эргэлзээд байгаа юм.
Харин 2023 он гарсны дараахан нэр бүхий 30 гаруй шүүгч Ерөнхий сайд, Засгийн газар тэргүүтэй нөхдийн хийж буй “шударга ёсны төлөөх тэмцэл”-ийг дэмжиж, “Шударга ёсны талд зогсоно” гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл ингэж байр сууриа илэрхийлсэн шүүгчдийн тоо 100 давжээ. Монгол Улсад 600 гаруй шүүгч бий. Тэдний 20 орчим хувь нь ийн мэдэгдсэн болж таарч байна.
Уг нь шударга ёсны талд зогсох нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг л дээ. Гэвч явж ирсэн тогтолцоо, томилгоо, бусад хүчин зүйлийн улмаас тухайн шүүгчийн үйл ажиллагаанд саад болдог байна. Хуулийг өөрчилсөн ч ийм хүчин зүйлүүд байсаар байгаа ажээ.
Тиймээс шүүгч нар засаглалынхаа нэр хүндийг сэргээх, ажиллах нөхөцөл бололцоогоо хангахын тулд “хувийн шийдвэр” гаргаж буй бололтой.
Угаасаа шүүгч, шүүхийн ажилтнуудын шударга ёсны тунхаг гэж бий. Түүнд нь “Эрхэм зорилго нь шударга ёсны хэмжүүр байх учиртай” гээд“ Зарчим нь бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хамгаалан биелүүлэх, Зөвийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Айлгахгүй, алагчлахгүй, найр тавихгүй, сөрөг сэтгэлээр хандахгүй байх, Зан байдал, үйл ажиллагаа бүр нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх, мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, зохисгүй байдал гаргахгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрэх ёстой” хэмээн заасан.
Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам жил гаруйн өмнө тус зөвлөлийн даргаар томилогдохдоо “Шүүхийн шинэчлэлийн эцсийн зорилго нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал. Хүмүүс шүүхэд итгэдэг байх ёстой. Шүүх бол иргэдийн итгэл хүлээсэн, эцсийн найдвараа тавьж болдог байгууллага байх хэрэгтэй. Шударга ёсыг хэрэгжүүлэх хамгийн том баталгаа нь хууль дээдлэх ёсыг хатуу чанга баримтлах явдал юм. Ний нуугүй хэлэхэд шүүхийн нэр хүнд өнөөдөр иргэдийн дунд сайнгүй байгаа нь нууц биш. Шүүхийн шинэтгэл үе шаттай аажуухан явж байна. Буцаж ухарсан зүйл ч бий. Томилгоо, шүүгчийн мэргэжил, мэдлэгтэй ч холбоотой асуудал байдаг. Улс төрийн нөлөөлөлд автахтай холбоотой ч асуудал байдаг. Нөгөө талаар шүүхийн нэр хүндийг зориуд харлуулах ч тохиолдол гардаг. Өөрсдөө хэрэг төвөг хийчхээд, түүнийгээ цагаатгаж харагдуулахын тулд шүүхийн нэр хүндэд халдах нь ч бий. Тал талын хүчин зүйлтэй холбоотойгоор шүүхийн нэр хүнд буурсан. Тиймээс шүүгчийн нэр хүндийн асуудал нь дан ганц өөрсөдтэй нь холбоотой зүйл биш. Энэ асуудлыг олон талаас нь өргөн хүрээтэй харж байж засаж залруулах ёстой. Шүүхийн нэр хүндийг өсгөхийн тулд шүүх рүү халдсан халдлагыг таслан зогсоох ёстой. Шүүх рүү хүн болгон “чулуу шиддэггүй” байх хэрэгтэй” гэж байв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (0)