АН-ынхан “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” гэх вий
- 2023-03-27
- Улс төр
- 0
Нүүрсний хулгай хэмээх томоохон хэрэгт холбоотой хүнээр УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодроод байна. Уг нь түүний “мөргөцөг”-ийн гэх асуудал яригдаад удсан. Олон ч тоо баримт, цаг хугацаатай ноцтой зүйлс яригддаг. Хууль хяналтынхан шалгаж байсан ч удаа бий. Харин энэ удаад мөрдөх байгууллага, прокурорын зүгээс “...Д.Бат-Эрдэнийн гэм бурууг тогтоохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах нь зөв” гэж үзжээ.
Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр чуулган дээр “...Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу. Хууль зөрчөөд байгаа гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой” гэсэн. Дараахан нь АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэг нь Д.Бат-Эрдэнэ” гэж зарлахад “...Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байна. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо” гэж байв.
Түүнээс хойш Д.Бат-Эрдэнийг”...Асуудлаа зохицуулахаар энд тэнд нөлөө бүхий хүмүүстэй уулзаад байгаа” талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, хоёр долоо хоног орчмын өмнө “...Нэгэн улстөрчийн морины уяан дээр очиж уулзлаа” л гэсэн.
Залгуулаад Ерөнхий прокуророос санал орж ирсэн ч бүрэн эрхтэйгээ үлдэхээр “ажиллаад” эхэлсэн гэх мэдээлэл ч их явж байна. Тэр хүрээнд АН-ынхнаараа ч улс төрийн акц хийлгэх бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна” гэж байсан юм. Энэ жишгээр АН-ынхан дуугарах магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ арайхийн даргатай болж, эвлэж нягтрах гэж ядаж буй үед “Ажнай” Д.Бат-Эрдэнийг өмөөрөөд дуугарах нь АН-ын хувьд зөв шийдэл биш. Учир нь нүүрсний хулгай бол нийгмийн анхаарлын төвд хэдийнэ орсон бөгөөд нийтээрээ дургүйцэж буй асуудал юм. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэм буруугүй бол бүрэн эрх нь буцаад л сэргэнэ. Харин АН дахиад л хүндэрнэ гэсэн үг.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)