“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулах, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Парламентын сургалтын цогц хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын Тамгын газраас батлан хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 649 дүгээр захирамжаар “Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, геополитик сургалтын дэд хөтөлбөр”-ийг баталсан юм.

Уг дэд хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалтыг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Сургалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын эрх зүйн судалгааны төвийн дарга, доктор, дэд профессор Ц.Минжин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга, хурандаа Л.Баясгалан нар удирдан явуулсан бөгөөд сургалтад 70 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалтаар аюулгүй байдлын ойлголт, эрх зүйн орчин, Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт, онцлох үйл явдал зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)