Бид хоол идэж байна уу? Хорт хавдар идэж байна уу?
- 2023-03-28
- Нийтлэл
- 0
Эрүүл монгол хүн байхын гол үндэс бол эрүүл, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал юм.
Манай улсын хөдөө аж ахуйн тэргүүлэх салбар болох мал аж ахуй эрчимтэй хөгжиж, малчдыг дэмжих идэвхтэй бодлогын хүрээнд 2022 онд 71.1 сая толгой малтай болжээ. Хүн амын дийлэнх нь малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол, хүнсэндээ хэрэглэж байна. Монголчуудын хувьд дотоодын хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэл өндөр байдаг бөгөөд байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг илүү таашааж байна.
Мэдээж энэ бол сайн хэрэг. Гэхдээ бид үнэхээр чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадаж байгаа юу? Бидэнд анхаарах шаардлагатай зүйлс бий юу?
Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт иргэдэд дутмаг байна.
Манай улс жилд нийтдээ 15 сая мал нядалдаг ба түүний 10 гаруйхан хувийг нь үйлдвэрийн аргаар нядалж, үлдсэнийг нь гар аргаар нядлаад иргэдийн ширээнд хүргэдэг тухай ХХААХҮЯ-ны мэдээлэлд дурджээ.
Гар аргын нядалгаа хийгдсэнээр хэзээ, ямар антибиотик тариаг тухайн малд тарьсан болох, эмийн үлдэгдэл бий эсэх, гарал үүсэл нь тодорхой эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус байдаг. Эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд малчны хотноос эхлээд арчилгаа, маллагаа, эмчилгээний үйл явцаас эхлээд нядалгааны үйл явц, тээвэрлэлт, борлуулалт, үйлдвэрлэл гэсэн шат дамжлагыг дамждаг. Тиймээс бүхэлд нь эдгээр үйл явцыг стандартжуулах, хянах шаардлагатай юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хүний биед антибиотикт дасал үүсч жилд 700 мянган хүн амь насаа алдаж байна. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэлтэй махны талаарх ойлголтыг өгөх, сурталчлан таниулах сургалт, боловсролын чиглэлд анхаарснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм.
Тэгвэл эмийн үлдэгдэлтэй мах, сүүний асуудлын талаарх ойлголтыг илүү тодотгон Цагаантун Эрдэнэ мал эмнэлэгийн ерөнхий захирал, Малын их эмч С.Сарантуяа иргэд, олон нийтэд зориулан https://www.facebook.com/MongolMalEmneleg хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Энэхүү хуудсад нийтлэгдсэн зөвлөмжүүдээс эмхэтгэн энэхүү мэдээг бэлтгэн хүргэж байна.
Эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөл юу вэ?
Малд хэрэглэсэн эмийн бодис, антибиотик малын биед хуримтлагдаж, бүрэн гадагшлаагүй байхад нь мах, сүүг бид бүхэн хүнсэндээ хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл, химийн бодис нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай байдаг.
Мал, амьтны биед агуулагдах эмийн үлдэгдлүүд малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний биед харшил, хордлого, хорт хавдар, бэлгийн сулрал мөн удамшлын мэдээлэлд нөлөөлөх, антибиотикт тэсвэртэй нянгууд бий болох, ходоод гэдэсний хэвийн микрофлорууд устах гэх зэрэг олон эрсдлийг дагуулж байдаг ажээ.
Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэх, хүүхдийн санах ойг сааруулж, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэгийг ДЭМБ-ийн судалгаагаар тогтоосон байдаг. Хорт хавдрын үзүүлэлтээр манай улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь Монголчууд бидний амьдралын хэв маяг, хүнс хоолны хэрэглээтэй салшгүй холбоотой болов уу.
Эмийн үлдэгдэлтэй махыг чанаж болгох, эсвэл дулааны болон физикийн арга хэрэглэн саармагжуулна гэж байхгүй. Ингэснээр харин ч дахин задраад өөр хортой бодис үүсэж идсэн хүний биед хортой бодисын нэгдэл, хуримтлал үүсгэдэг.
Хэрхэн эмийн үлдэгдэлтэй махны хэрэглээг хязгаарлах вэ?
Нэгт, малчдын мэдлэггүй байдлын улмаас мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр малын өвчнийг таамаг тавьж оношлох, зөвлөмж зааваргүйгээр, хэмжээ тунг зөрчин эм тариаг дур мэдэн хэрэглэх нь тухайн малын мах, сүүнд эмийн үлдэгдэл үүсэх суурь нөхцлийг бүрдүүлж байна. Малчдын түгээмэл хэрэглэдэг ивомек тариа нь нэг сарын дараа малын биеэс бүрэн гадагшилдаг. Энэ хугацаа дуусаагүй үед мах, сүүнд эмийн үлдэгдэл хадгалагдсаар байх болно. Хэр сахилга баттай, хариуцлагатай хандаж байгаа нь тодорхойгүй байна. Тус тариаг хавар хамуунаас, зун өтнөөс, намар хачигнаас хамгаалах зорилгоор түгээмэл хэрэглэдэг.
Аль ч эм тариа, антибиотик нь оношлогдсон өвчинд зохих тунг тааруулан хэрэглэх ба арьсан дор тарих, булчинд тарих зэргээр ялгаатай эмчилгээг хийдэг.
Хоёрт, нийтийн хоолны газар, мах, сүүний худалдаа эрхлэгчдийн мэдлэггүй байдлын улмаас тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн үйл явцад хяналт сул тавьж, улмаар хямд үнийг чухалчлан худалдан авалт хийх байдал үүсэх нөхцөл бүрддэг.
Энэ байдлын улмаас иргэдийн хоол хүнсний аюулгүй байдалд дараах эрсдэлүүд үүсэх нөхцөл бүрддэг.
- Малчид эмчилгээ авахгүй болсон өвчтэй, эм тариагаар шахуулсан малыг шууд нядлан зах зээлд хямд үнээр нийлүүлэх хандлага гардаг.
- Иргэд эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт багатайгаас болж эрүүл ахуйн хяналт тавих, гарал үүсэл, шинжилгээний бичиг шаардах, зэргээр хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах тал дээр хангалтгүй байна.
Тиймээс эмийн үлдэгдэлтэй малын мах нь хүн амын эрүүл мэндэд маш хортой болохыг ойлгуулах, мэдээлэл сургалтаар малчид болон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг хангах нь малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй Монгол хүний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай байна.
Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх нь ямар үр дүнтэй вэ?
Иргэд, олон нийт эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх мэдлэгтэй болж, хяналт сайжирснаар дараах үр дүнгүүд гарна. Үүнд:
- Малчид эмийн үлдэгдэлтэй махны талаар илүү сайн мэдээлэлтэй болсноор бие даан, дур мэдэн малын өвчнийг оношлох, эмчилгээ, тарилга хийх байдлаа бууруулж, мэргэжлийн байгууллага, малын эмчид ханддахыг чухалчилдаг болно.
- Малчид малын тарилга туулга, эмийн бүтээгдэхүүнийг малдаа зохисгүй хэрэглэснээр өөрсдийнх нь болон бусдын эрүүл мэндэд хэрхэн хөр нөлөө учруулж буй талаар мэдлэг ойлголтыг олж авна. Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдах, улмаар ХБӨ-ийн тоо хэмжээ буурахад тодорхой нөлөөг үзүүлнэ.
- Малчид өвчтэй малыг эмчилгээний үр дүн гарахгүй байдлаас шалтгаалж шууд нядлах, махыг зах зээлд нийлүүлэх “мөнгө” төвтэй хандлагад бодит өөрчлөлт хийж, ёс зүй, мэдлэг боловсрол төвтэй “Хариуцлагатай малчин”-г бий болгоно.
- Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөлийн талаарх бодит мэдлэгийг олж авснаар гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээгүй мах худалдан авах байдлыг хязгаарлах, нухацтай, анхааралтай ханддаг дадал хэвшил бий болно.
- Нийт ард иргэд малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа махны эрүүл аюулгүй байдалд чухалчлан анхаардаг, хэрхэн эрүүл мах худалдаж авах талаар, мах худалдан авахдаа гарал үүсэл, эм тариа вакциныг хэдийд тариулсэн эсэх дээр хяналт тавьдаг худалдан авалтын боловсролтой иргэд бий болно.
- Хоол хүнс тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн төдийгүй нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал үр дүнтэй юм.
Малын эмийн зохистой хэрэглээний талаар системтэй мэдлэг ойлголтыг малчид, мах, сүү борлуулагч, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид болон мал эмнэлэгийг холбосон хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх тал дээр Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, ХХААХҮЯ болон холбогдох төрийн бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
Малын эмч Б.Баярмаа
Сэтгэгдэл (0)