Ёс зүйн дело: УИХ-ын дарга аа! “Өгзөг базагч” Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцэд “ялзарлаа”
- 2023-03-29
- Нийтлэл
- 1
Монгол Улсын Үндсэн хууль дээр Цэцийн тухай хууль нь “зайдалж”, түүн дээр Үндсэн хуулийн Цэцийн байтугай Монгол төрийн нэрийг гутаасан Д.Одбаяр завилж суучихаад өндийхгүй байна. Хамгийн “аймаар” нь энэ тухай хэн ч ярихгүй байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Д.Одбаярын албан тушаал хаших хугацаа дуусаад дөрвөн сар гаруйн нүүр үзэв. Монгол Улсын Үндсэн хуульд Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилохоор заасан байдаг бол Цэцийн тухай хуулийн 4.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно” гэчихсэн байгаа юм. Зөрчилдөж байгаа биз? Тэгэхээр УИХ дараагийн гишүүнийг томилохгүй л байхад Д.Одбаярын хугацаа дуусахгүй л байх нь. Цэцийн тухай хуулийн 5.1-д заасан “хамгаалалт” -аар тэр Цэцийн даргаас Цэцийн гишүүн болсныг хариуцлага тооцсон гэх үү? Түүний зорчиж явсан харь нутгийн агаарын хөлгөөр дүүрэн гэрч, дээр нь тэр даруй тухайн улсын болон дэлхий нийтэд нотлох баримт бичлэгтэйгээр зарлан тунхаглаж шившиглэсэн нь хуулийн зөрчил биш гэх үү? Гэтэл хугацаа нь дуусчихаад байхад ҮХЦ-д түүнийг “хадгалах” ямар эрх ашиг УИХ-д байна вэ? Танхим дүүрэн хууль тогтоогчид яаж нэгэн зэрэг энэ чухал асуудлыг “таг мартаад” ҮХНӨ гэж ярьж чадаж байна аа? Эсвэл хоёр сарын дараа ҮХЦ-ийн дарга Н.Чинбатыг хугацаа нь дуусахаар түүний оронд томилохоор, магадгүй ирэх жил Цэцийн дөрвөн гишүүний хугацаа дуустал Цэцэд Д.Одбаярыг “хадгалах” ашиг сонирхол энэ парламентад байна уу? Юуг шаардаад байна вэ гэвэл Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаал учраас Цэцийн гишүүн Д.Одбаярын хугацаа дууссан асуудлаар нийтийн сонсгол явуулах ёстой. Энэ чинь төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангаж байгаа хэрэг юм. Нийтийн сонсголоор дэмжигдэхгүй байх гээд нийтийн сонсгол зохион байгуулахгүй байх нь өөрөө хууль зөрчсөн хэрэг болно. УИХ өөрөө ингэж баталсан. Мөрдөхгүй юм бол яах гэж баталсан юм бэ? Энэ талаар УИХ-д хугацаатай үүрэг өгөх нь олон нийтийн эрх ашигт нийцнэ. Одоогийн энэ увайгүй байдал нь МАН-аас Дорнод аймгийн Засаг дарга, ХЗДХ-ийн сайдын суудал авч байсан түүнийг айсуй сонгуульд ашиглах гээд байдаг юм уу гэсэн хардлагыг ч төрүүлж байгааг нуух шаардлагагүй байх. Нөгөөтэйгүүр, энэ дашрамд хэлчихэд одоо мөрдөж байгаа хуулиар бол энэ онд УИХ-ын сонгууль явуулах боломжгүй.
Амжихгүй байхын төлөө!
“Өгзөг базагч”-аас айдаг, Үндсэн хуулиас давсан Цэцийн тухай хуулиа засдаггүй, Нийтийн сонсголын тухай хууль баталчихаад хэрэгжүүлдэггүй УИХ хэрэгтэй юу? Хэн ч байсан бухимдах байх. Гэтэл бас учир байна. Хэн, хаана УИХ-ын сонгуулийг “хугацаанаас нь өмнө” явуулах ашиг сонирхлоор элдэв арга сэдээд, эвлэлдэн нэгдээд, энэ нь хүчээ аваад байгааг харахаар сэжиг бүхий! “Дайны цагийн байдал” биш дээ, хуулиараа явсан нь дээр байлгүй дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тухайд авлигын эсрэг, олон жил зөвхөн яриад л өнгөрдөг байсан нүүрсний хулгай, Хөгжлийн банкны, Боловсролын зээлийн сангийн “хулгайн” талаар өөрийн намынхантайгаа хамгийн хүчтэй “үзэлцсэн” онцлогтой Засгийн газар болж түүхэнд бичигдэх байх. Үгүйсгэх ч аргагүй. Харин энэ явцдаа УИХ-аас аль болох олон “яллагдагч төрүүлэх” гэж халуурч болохгүй л болов уу. Нэг тийм буруу хүч үнэртээд байна шүү. Энэ нь явсаар УИХ-ыг хүчгүйдүүлж харагдуулах, болж өгвөл хугацаанаас нь өмнө тараах “самуун арга хэмжээнд ашиглагдаж” мэднэ. УИХ энэ өнцгөөс нь өнөөдөр харахад өнөөх “яллагдагч нар”-аа хаацайлаад ч байгаа мэт ойлголт төрөхүйц гэх үү дээ. Гэтэл бид чинь нэг намынхныг, дотоодынхныг байтугай гадаад ертөнцийн хэнийг ч төрийн эрх мэдэлд халдсан, улсын эрх ашигт харшилсан шийдвэр гаргуулахгүй байхын тулд хүчтэй бөгөөд сонгодог парламенттай болохыг ярьдаг улс биз дээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд, олон нийтийн харж байгаагаар парламентаа сонгодог бөгөөд хүчтэй байлгах уу, авлигатайгаа тэмцэх үү, цаашид “яллагдагч”-аар татагдсан гишүүдийнх нь тоо нэмэгдээд байвал яах вэ гэдэг “ацан шалаанд” байгаа бололтой. Хүчтэй, бат бэх дархлаатай парламент ярьсаар байгаад УИХ-аа тараалгачихвал тэр УИХ-ын дарга түүхэнд сайн, муу алинаар нь үлдэх бол? Гэтэл үүний нөгөө талд нэгэн цагт УИХ-ын даргыг хуульд нь өөрчлөлт оруулж байгаад “явуулчихсан” тэр хүмүүст хугацаанаас нь өмнө УИХ-ыг тараах хүслээ биелүүлэх боломж бүр ч томоор нээгдсэнийг ч ойлгож байна. Хэдийгээр хуулийн хугацаанд бол боломжтой гээд дэмжиж байсан ч энэ мэт зарим сэжүүрээс үүдээд “Амжихгүй байхын төлөө” хундага өргөмөөр санагдах боллоо. Учир нь намынхантайгаа тэмцэн олон нийтийн хүлээж байсан олон жилийн бугшсан хэргийн талаар хамгийн хүчтэй дуугарч хариуцлага тооцож буй Засгийн газрыг хэсэг бүлэг улстөрчдийн хуйвалдааныг дэмжээд үдчихмээргүй байгаа юм.
Энэ мэт том ашиг сонирхлын үед Үндсэн хуулийн шүүх гэж өргөмжилдөг Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага хууль мөрдөхгүйгээр оршин тогтнож удаад, бүр ялзарчихаад байгааг хэн ч харахгүй, сонсохгүй байгаад л хамгийн түрүүнд “шүгэл үлээх” ёстой биш гэж үү? Цэцийн тухай хууль нь Үндсэн хуультайгаа зөрчилдчихсөн, Цэцийн гишүүнийх нь хугацаа дуусаад 4 сар ялзарчихсан байхад ҮХНӨ яриад яах юм бэ?
Нийтлэлч У.Оргилмаа
Сэтгэгдэл (1)
(192.82.90.124)
АН-ынхан сонгуулийн кампанит ажлаа эхлүүлчихсэн.