С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан
- 2023-03-31
- Улс төр
- 1
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс танд хадгалагдаж байгаа АН-ын тамга хүчин төгөлдөр гэж тогтоожээ. Энэ шийдвэр танай намын тамганы маргаанд цэг тавилаа гэсэн үг үү?
-Тийм ээ. АН-ын тамганы асуудал ингээд эцэслэгдсэн. Үүнээс өөр хуулийн ямар ч гарц байхгүй.
-Ингэхэд танай намын үл ойлголцол, тамганы маргааны эхлэл Ц.Туваанд та тамгаа өгсөнөөр эхэлсэн юм биш үү?
-АН-ын дүрэмд “Намын дэд дарга нь намын даргын өгсөн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дүрмийн дагуу 2020 оны сонгуулийн дараа миний бие АН-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваанд үүрэг өгч, намын тамгыг хариуцуулсан. Гэхдээ би түүнд намын тамгыг ашигла гэдэг эрх өгөөгүй. Харин дараагийн шинээр сонгогдож гарч ирсэн намын даргад шилжүүлж өгөх үүрэг өгөөд хариуцуулсан. Дээр нь Ц.Тувааныг “АН-ын дараагийн X их хурлыг хуралдуулаарай, намын даргын сунгааг зохион байгуулаарай. Тэр хүртэл намын даргын үүргийг хариуцлагатай хийгээрэй” гэсэн хугацаатай чиг үүрэг өгсөн. Харин Ц.Туваан наймдугаар сарын 23-нд хуралдах ёстой байсан намын X их хурлыг хуралдуулаагүй. Намын даргын сунгааг ч зохион байгуулаагүй. Эсрэгээрээ хууль бус үндэсний бодлогын хороог хуралдуулсан. Намын дүрэмд ҮБХ-г зарлах эрх Ц.Туваанд байхгүй. Гэтэл тэрбээр ҮБХ-ны хурлыг зарлаж өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн хуурамч тогтоол гаргуулсан байдаг.
Тэр үед нь би түүнд хэлсэн л дээ. “Яагаад ийм дүрмийн бус зүйл хийгээд байгаа юм бэ. Одоо үүнийгээ боль. Цаашдаа намын эв нэгдэл, дараа, дараагийн үйл ажиллагаанд асар том сөрөг үр дагавар авчирна шүү дээ. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна” гэхэд тэрбээр “Ний нуугүй хэлэхэд, Ерөнхийлөгчийн зүгээс янз бүрийн дарамтууд ирээд байгаа. Би адилхан зохицуулах гээд явж байна” гэж тайлбарлаж байв. Гэтэл мань эр сүүлдээ давраад намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Манай намын дүрэмд одоо байгаа Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол дүрмийн дагуу бүх гишүүдээс санал авах ёстой байдаг. Тэгэхгүйгээр дүрэмд өөрчлөлт оруулаад явсан. Тэгэхээр нь би “Больё, тамгаа авъя” гэтэл Ц.Туваан бүтэн хоёр сар шахам хугацаанд ор сураггүй алга болсон. Хууль дүрмийн дагуу би Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т гомдол гаргасан. Энэ асуудлын талаар УБЕГ хуулийн дагуу 14 хоногийн хугацаатай сонсох ажиллагаа явуулдаг юм билээ. Тамга тэмдэг нь алдагдаж, үрэгдсэн юм уу ямар шалтгаантай юм судалдаг юм байна л даа. Ингээд Ц.Туваан гэдэг нөхрийг хэд хэдэн удаа дуудсан боловч очоогүй. Хоёрдугаарт, нэгэнт хариуцагч этгээд сураггүй алга болчихсон. Тийм учраас тэр тамгыг үрэгдсэнд тооцоод УБЕГ-ын улсын байцаагчийн акт гарсан. Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүйд тооцсон. Ингээд надад хууль ёсны дагуу шинээр тамга хийх хяналтын дугаар олгосон юм. Тэрнийх нь дагуу би тамга хийлгэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ийм процесс явсны дараа Ц.Туваан гэнэт гарч ирээд “Надад тамга байхад яахаараа С.Эрдэнэд дахин тамганы дугаар олгодог юм бэ. Энэ бол хууль зөрчсөн байна” гэж гомдол гаргасан. Ингээд УБЕГ-ын Хяналт шалгалтын газрыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Ийм маргаан үүсэнгүүт би сөрөг нэхэмжлэл гаргасан. Ц.Туваан бол АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш” гэж миний бие захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр орсон.
-Энэ маргаан гурван жил орчим үргэлжилчихэв үү?
-Тэгсэн. Хэд дахин ч буцав. Нөгөө тал миний мэдэхийн арав, хорин удаа шүүх хурлыг янз бүрийн байдлаар хойшлуулж, саатуулсан. Явсаар байгаад хоёр сар орчмын өмнө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргаад Ц.Тувааны нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэнгүүт тэд дахин давж заалдаад, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүхийн шийдвэрт процессын алдаа байна. Наадуулаа дахиж хянаж хэлэлц” гээд анхан шатны шүүх рүү буцаасан. Ингээд уржигдар буюу гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүх дахиж хуралдаад Ц.Тувааны нэхэмжлэхийг хүлээж авахаас татгалзаад хэрэгсэхгүй болгосон. Өнгөрсөн хугацаанд АН-ыг хагаралтай мэтээр харагдуулсан хамгийн том эрх зүйн маргаан бол тамганы асуудал байсан.
-АН-ын аливаа үйл ажиллагаа тамгаар баталгаажна биз дээ. Тэгэхээр Л.Гантөмөрт байгаа нь хүчингүй болсон тамга уу?
-Булган аймгийн АН-ын даргыг томилоход гаргасан миний тушаалыг Л.Гантөмөр сая хүчингүй болгосон байна лээ. Ингэхдээ Х.Баттулга дээр байсан АН-ын хүчингүй тамгыг дарсан харагдсан. Л.Гантөмөр мордохын хазгай гэдэг шиг боллоо. Тэрбээр Дээд шүүхийн бүртгэсэн тогтоол шийдвэрт хүндэтгэлтэй хандаад асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх боломжийг хүлээгээд сууж байх ёстой. Гэтэл түүнд хууль ёсоор улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй. Ингэхээр тамга олгогдохгүй гэсэн үг. ОДоо Л.Гантөмөрт АН-ын хүчин төгөлдөр тамга бас гэрчилгээ байхгүй. Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй, зүгээр л бүртгэгдсэн гэсэн нэртэй дарга байж байгаа шүү дээ. Дээрээс нь Улсын дээд шүүхийн бүртгэсэн үйл ажиллагааг бид Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн байгаа. Ийм маргаантай үйл явц дунд Л.Гантөмөр тушаал гаргаад явж байгаа нь арай дэндүү, хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаа.
-Тэгвэл Дээд шүүх мэдсээр байж яагаад Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан юм бол. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын дээд шүүх улс төрийн намын даргыг бүртгэх бүрдүүлбэр хангах журмаа зөрчсөн. Дурдвал маш олон зөрчил байгаа. Нэгдүгээрт, эрх бүхий намын даргын гарын үсэгтэй тодорхойлолт бичгээр очсон байх ёстой. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байх ёстой. Гэтэл Л.Гантөмөр, С.Баярцогт нарын ээлжит бус их хурал ямар ч эрх зүйн чадамжгүй.
-АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар сонгогдсон шүү дээ?
-Гудамжинд байсан нөхөд өөрсдийгөө АН-ын ҮБХ-ны гишүүн гэж зарлаад, 293 хүн хуралдсан болсон байдаг. Тэрнээс 152 хүний саналаар Л.Гантөмөр намын дарга гэж сонгогдсон. Манай намын дүрэмд ҮБХ намын даргыг сонгох дүрмийн заалт байхгүй.Харин АН-ын дарга нийт гишүүдээс сонгогддог дүрэмтэй. Жишээлбэл, би намын дарга болохдоо тавуулаа өрсөлдөөд, 21 аймгаар явсан. Ингээд хамгийн өндөр санал авч АН-ын даргаар сонгогдож байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд намын даргын сунгаа зохион байгуулагдахад Д.Ганбат 79 мянган гишүүний санал авсан шүү дээ. Гэтэл түүнийг бүрдүүлбэр дутуу гэж Дээд шүүх буцаасан хэрнээ 152-хон санал авсан Л.Гантөмөр гэдэг хүнийг бүртгэсэн. Тамга байхгүй, албан бланкгүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, хурлын протокол гээд хэдэн хуудас материал очсон байх. Ямар ч эрх зүйн боломжгүй хурал гээчээс гарч ирсэн өөрийгөө АН-ын дарга гэж нэрлэсэн этгээдийг Улсын дээд шүүх ямар үндэслэлээр бүртгээд авчихаж байгаа юм бэ. Жишээлбэл, аль нэг байгууллагын удирдлагын асуудлыг гудамжинд яваа таван хүн хуралдаад нэгийгээ дарга болгочихож болдог юм уу. Тэгвэл УБЕГ тэднийг бүртгэж авах уу. Тэгж болдог бол Монгол Улсад төр, хууль байхын хэрэг байна уу. Улсын бүртгэл дээр албан ёсны бүртгэлгүй хэн ч хууль бус. Ямар ч бүртгэлийн гэрчилгээгүй хүмүүсийг АН-ын эрх бүхий байгууллага гэж үзэж хурлын протоколийг хүлээж авч байгаа юм бэ. Ямар нотлох баримтаар АН-ыг төлөөлөх эрхтэй гэж үзээд байгаа юм бэ.
-Ер нь танд АН-ын тамгыг өөр хэн нэгэнд шилжүүлж өгөх сонирхол байна уу?
-Геополитикийн хүрээнд гадаадын нөлөөлөл Монголын улс төрд орж ирж байна. Хоёрдугаарт, манайх авторитор дэглэмтэй хоёр том гүрний дунд оршиж байгаа жижиг улс шүү дээ. Энэ улс дээр парламентын засаглалыг, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг Монгол Улсын тусгаар тогтнолыг 100 хувь хамгаалж зогсч байгаа цорын ганц улс төрийн хүчин бол АН байна. Тийм учраас АН өнөөдөр түрэмгийллийг эсэргүүцэж байгаа.Энэ шударга ёсны төлөө АН дуу хоолойгоо өргөөд л зогсож байгаа. Яг үнэндээ АН-ыг устгах, бүр болохгүй бол эрх мэдэл, удирдлагыг ямар ч аргаар хамаагүй булааж авах нь гадны сонирхол байна. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө Х.Баттулгын ҮАБЗ-ийн гишүүд Орос руу гараад, хайрцагтай 20 сая ам.доллартай буцаж орж ирээд сураггүй болсон. Тэр мөнгө одоо хаана байна вэ. Хэн ашиглаж байна вэ. Араас нь яагаад хууль хяналтын байгууллага ажиллахгүй байгаа юм. Би үүнийг шууд улс төрийн зорилгоор ашиглаж байгаа гэж хардаг. Өнөөдөр УИХ-д Х.Баттулгын лобби, нөлөөллөөр гишүүн болсон нөхдийн бүх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд энэ мөнгө зарцуулагдаж байгаа гэж хардаж байна.
Би М.Тулгатыг гурван удаа АН-ын даргад дэвшүүлсэн боловч Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Сая дахиад Д.Ганбатыг бүртгүүлэх гэсэн боловч хүлээж авсангүй. АН-ын эв нэгдэл, шударга ёсны зарчим, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зогсдог энэ байр суурин дээр зогсч чадах дараагийн дарга гараад ирэх юм бол хэн ч байсан би энэ тамга, суудлаа өгөхөд бэлэн. Тэрнээс би АН-ын эрх мэдлийг гадны улс оронд, эрх баригчдад ашигтайгаар ашиглуулах тийм этгээдүүдэд өгөхгүй. Иймд Л.Гантөмөр бол АН-ын хууль ёсны намын дарга биш. Тэгээд ч түүнд АН-ын дарга хийх эрх зүйн чадамж болоод улс төрийн туршлага байхгүй. Яагаад гэвэл энэ нөхөр гарч ирээд л Х.Баттулга дээр очоод наалдчихсан. Л.Гантөмөрийн бүрдүүлсэн АН-ын хэрэг эрхлэх газар гэж нэрлээд байгаа бүтэц дээр дандаа Х.Баттулгын нөлөөний хүмүүс очсон байна лээ.
-Нийгэмд та л муухай хүн болж харагдаж байна...?
-Намайг 2018 оноос хойш хорвоогийн хамгийн муу хүн болгох ажлыг Х.Баттулга гэдэг хүн эрх барьж байгаа намтай хамтарч хийсэн шүү дээ. Миний тухай янз бүрийн зураг, постерууд хийсэн. Гэтэл яг үнэндээ би ЖДҮС, Хөгжлийн банкны хөрөнгө идчихсэн юм уу, нүүрс хулгайлсан уу. Надтай холбоотой ямар хэрэг байгаа юм бэ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө идсэн гээд л байдаг. Харин ч би сайд байх үедээ энэ сангийн хөрөнгийг 265 тэрбум төгрөгөөр хүүгийн ашиг болгож арвижуулж байсан.Хэрэв намайг гэм буруутай гэж үзэж байгаа бол аливаа үйлдлээр нотлогдож, хохирлын тоо хэмжээ гарсан байх ёстой. Надтай холбоотой ямар ч төсөл тендер байхгүй. Би улсын төсвөөс тендер хэзээ ч авч үзээгүй. Уул уурхайн ашиглалтын байтугай хайгуулын лиценз ч надад байдаггүй. Намайг зөндөө л ухлаа шүү дээ.
-Ингээд янз бүрээрээ хэлүүлэн байж АН-ын тамга тэмдгийг дараад суух хэрэг байна уу. Та тамгаа өгөөд орхиод явчихаж болдоггүй юм уу?
-Би өнөөдөр энэ улс орныхоо төлөө өөрийн амьдралынхаа 33 жилийг зориулсан. Ганцхан зүйлд л би итгэл үнэмшилтэй явдаг. Монголд АН байгаа тохиолдолд тусгаар тогтнол байна. Ардчилал байхгүй тэр цагт Монголын тусгаар тогтнол устана. Өнөөдөр орос ах нар гээд байдаг. Бүр нарийн түүхийн хэмжүүрээр ярих юм бол оросууд Хятадаас илүү Монголыг хорлож байсан. Би улс төрд албан тушаал эрх мэдэлд хүрэх гээд улайраад байгаа юм биш. Би өнөөдрийнхөө зорилгоос ухрахгүй. Хатуу зогсоно. Нэгэнт надад хувь тавилангаар гэх юм уу ийм үүрэг оногдсон. Тийм учраас миний хувьд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л мөрөөрөө амьдаръя гэдэг хүсэл биелэхгүй.
-Бүгдээрээ тойрч суугаад зөвшилцөж болдоггүй юм уу?
-Би Л.Гантөмөр, С.Баярцогт хоёрыг ҮБХ-ны хуралдаан гээд хууль бус улс төрийн жүжиг тавих гэж байхад нь хэлж байсан. “Намын эв нэгдлийг хангах гэж байгаа юм бол хууль ёсны нам дээрээ ирээд даргын сунгаанд өрсөлд өө. Би удахгүй намын даргын сунгааг зарлана. Шударгаар сонгууль явуулах бүх боломжоор хангая. Тэнд нэр дэвшээд өрсөлд. Үнэхээр гараад ирэх юм бол надад ямар ч асуудал байхгүй. Одоо хууль бус, дүрмийн бус ҮБХ гэдэг улс төрийн жүжиг тавих юм бол би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэж хэлж байсан. Яг энэ үгээ би С.Баярцогтод бас хэлсэн. Аль аль нь тухайн үедээ хүлээж аваагүй. Сүүлд бодоод байхад эд нар яриа тохироогоо эрх баригчидтай, хууль хяналтын байгууллагуудтай хийчихсэн байсан юм билээ л дээ. Би тэрийг нь мэдээгүй.
-С.Эрдэнэ дээр байсан хүмүүс Л.Гантөмөр рүү оччихлоо гэж гадуур ярьж байна. Л.Гантөмөр нь Х.Баттулгатай нэгдчихлээ. Та л энэ намыг эвлүүлэхгүй гүрийгээд байгаа хүн шиг харагдаад байгаа шүү дээ?
-Өнөөдөр АН-ын анхан дунд шатан дээр миний томилгоогоор үүрэг гүйцэтгээд ажиллаж байгаа аймаг, дүүргийн дарга яг 50 хувьд нь байгаа.
Ер нь УИХ-д байгаа АН-ын гишүүд үндсэндээ тухайн үеийн эрх баригчдын үнэмлэхүй олонх байсан МАН-тай нийлж хуйвалдаж байгаад Х.Баттулгын захиалгаар гарч ирсэн улсууд шүү дээ. Бүхэл бүтэн хоёр жил Х.Баттулгын үүдэнд суугаад л түүний үүрэг даалгаврыг биелүүлдэг утсан хүүхэлдэйнүүд байсан. Үүнийг монголчууд тэр чигээрээ мэдэж байгаа. Өнгөрсөн гурван жил манай намын нэрээр ард түмнээс сонгогдож УИХ-д суугаа нөхдөөс хэн дуугарсан бэ. Тэр байтугай 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг нэр дэвшиж байхад хаа хамаагүй бие даагчаар гарч ирсэн Н.Алтанхуяг гэдэг хүнийг дэвшүүлэх гэж СЕХ-ны тогтоолыг хүчингүй болгуулахын тулд Х.Баттулгын зохион байгуулсан УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад онигоо болж байсан биз дээ. Тэд яг үүн шигээ ард түмний төлөө яагаад өлсгөлөн зарлаагүй юм бэ. Яагаад өнөөдөр хэдэн саяараа ядуурсан байгаа монголчуудынхаа төлөө өлсгөлөн зарлаагүй юм бэ. С.Эрдэнэ гэдэг хүн өнөөдөр АН шударга ёсны байр суурин дээр байх ёстой гэдэг зарчим дээр зогсч байгаа. Өөр ямар ч зарчим булаацалдаагүй. Намайг гэм буруутай гэж үзвэл шалгаж болно шүү дээ. Надад хийсэн гэм буруу байхгүй. Би үүнийг хаана ч шударга хэлнэ.
-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Сонгуулиас өмнө та бүхэн нэгдэж чадах уу?
-Үнэхээр Монголд хууль гэж байдаг бол хуулийн дагуу асуудал шийдэгдэнэ. Хэрэв хүчирхийллээ энэ чигээр нь үргэлжлүүлээд явах юм бол Монголд хууль байхгүй, төр байхгүй юм байна. Зүгээр коммунист дарангуйлал бий болчихсон юм байна гэдгийн хамгийн том нотолгоо болно гэж харж байгаа. Эрх баригчид үнэхээр АН-аас айгаагүй юм бол, үүрэг хариуцлагаа шударгаар хүлээж чадна гэж байгаа бол сөрөг хүчнээ өөрсдийн мэдэлд байгаа хууль шүүхийн байгууллагаар бужигнуулдгаа болих хэрэгтэй.
-АН нэг туган доор цул болох ямар гарц шийдэл байна вэ?
-Хуулийн хүчирхийллийг зогсоох юм бол АН-ын одоо байгаа бүтэц нь сөрөг хүчний хувьд улс төрийн ямар ч сорилтод ороход бэлэн. Ний нуугүй хэлэхэд АН-ын өнөөдрийн үйл ажиллагаа, АН-ын бүтэц зохион байгуулалт дээр зориуд санаатайгаар эрх баригч, улс төрийн хүчин, өөрийн мэдэлд байдаг хууль хүчний хүчирхийллийг ашиглаж үймүүлж байна. Үүнд манай намд байгаа эрх баригчидтай хуйвалдсан, худалдагдсан хэсэг нь оролцож өнөөдөр АН-ыг самарч байна. Жишээлбэл, би эрх баригчтай ямар наймаа хийсэн юм бэ. Нэг ч хүнийг томилуулаагүй. Нэг ч зөвшөөрөл, лиценз гуйгаагүй. Ер нь би эрх баригчтай ямар тохироо хийсэн юм бэ. Гаргаад ир л дээ.
-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригчидтай тохиролцож, албаар унасан гэж танай намынхан шүүмжлэх юм билээ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд би өөрөө дэвшсэн. Яагаад гэвэл Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг дэвшүүлэхгүйн тулд. АН-ын мандатыг хэн нэгэн луйварчинд алдахгүйн тулд би дэвшсэн. Би өөрийгөө ялахгүй гэдгээ мэдэж байсан. Яагаад гэвэл, эрх баригчид аль эртнээс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлчихсэн. Улс орон даяар асар их мөнгө хөрөнгө зарцуулчихсан. Маш их эрх мэдэл тэдэнд төвлөрчихсөн нөхцөлд өрсөлдсөн. Тийм том зохион байгуулалттай, улс төрийн хэт нэг тал нь давамгай өрсөлдөөнд орохдоо би айгаагүй. Хоёрдугаарт, би 76 мянган сонгогчийн санал авсандаа маш их баярласан. Энэ бол их хурлын хоёр гишүүн гардаг сонгуулийн мандат гэсэн үг. Яг үзэл санаа, үнэт зүйл дээрээ тууштай зогсож, шударга байж чадсан, дарангуйлалгүй Монголыг хүссэн 76 мянган хүн надад саналаа өгсөн. Тэрний цаана АН-ын мянга мянган гишүүдийг зохион байгуулалттайгаар санал хураалтад оруулаагүй. Үнэхээр үзэл санаа, үнэт зүйл нь нэг юм бол хэн нэр дэвшиж байгаа нь хамаагүй АН-ыг ялуулъя гэсэн хүсэл эрмэлзэл байсан бол нэгэнт намын шийдвэр гарсан бол дэмжих л ёстой шүү дээ. Гэтэл намайг зарим аймагт очиход намын байраа цоожлоод зугтааж байсан.
Тийм нөхцөлд би өрсөлдсөн. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч гээд эрхэм хүндтэй суудал дээр сууж байсан хүн эрх мэдэл, албан тушаалаа зуун хувь ашигласан. Зөвхөн миний эсрэг төрийн одон медалийг хайр наргүй тараасан. 2020 оны сонгуульд АН-ыг ялагдуулахын тулд АН-ын лидерүүдийг толгой дараалан барьж хорьсон. Би худлаа яриагүй. Би үндэслэлгүй яриагүй. Өчигдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, АН-ын дотоод зөрчил дээр хамгийн их хурцдаж байсан тамганы маргааны асуудал эцэслэгдсэнд баяртай байна. Энэ хүртэл надтай хамт, үзэл санаа, үнэт зүйл дээрээ тууштай байсан эрхэм журмын мянга, мянган нөхдөдөө талархал илэрхийлж, баярлалаа гэж хэлмээр байна. Та бүх үнэний төлөө тууштай зогссон баатрууд юм шүү.
М.Мөнхцэцэг
Сэтгэгдэл (1)
(192.82.90.124)
Монголын Барууны намынхан сонгуулийн кампанит ажлаа эхлүүлчихсэн.