УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа нууцын зэрэглэлтэй ирүүлж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Байнгын хороод хаалттай хуралдсаныг тэмдэглээд гишүүдийн зүгээс уг асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжтой эсэх талаар санал гаргасныг  уламжилж, УИХ-ын Тамгын газраас тодруулсан юм.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2. дахь хэсэгт Монгол УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж, мөн УИХ-ын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ гэж хуульчилсан. Иймд уг асуудал нь Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын зэрэгтэй орж ирсэн” хэмээн хариулсан.

Иймд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж хэлэлцэээд цаасаар нууц санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээх шийдвэрийг гаргалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)