Нүүрсний хэргийг “шүүх” түр хороонд хэн хэн багтдаг вэ?

Нүүрсний хулгайн хэргийг “шүүх” түр хорооны нээлттэй сонсгол хойшлогджээ.  Уг нь энэ сонсголоос олон нийт олон хулгайн сэжүүрийг “атгах”-аар хүлээж байв.  Гэвч АТГ-аас санал ирүүлж, сонсголыг хойшлуулсан талаар тус түр хорооны дарга Г.Ганболд өчигдөр мэдээлэв.  Тэрбээр  "Түр хороо өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй хуудас нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч, шинжлэн судалсан. Хуулийн дагуу нээлттэй сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрийг долоо хоногийн өмнө зарлах ёстой байдаг.  Энэ хүрээнд 114 орчим хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөөд байсан.  Гэвч нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй гэж АТГ үзэж,  түр хорооны сонсголыг хойшлуулаад байна" гэв.

Парламент өнгөрсөн оны зургадугаар сарын 10-нд тогтоол баталж, нүүрсний хэргийг хянан шалгах түр хороог байгуулсан.  Долдугаар сарын 16-нд тогтоолд нэмэлт оруулж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг бүрэлдэхүүнд нэмсэн бол, арванхоёрдугаар сарын 1-нд өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүн Ш.Адьшааг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, түүний оронд С.Одонтуяаг нэмжээ.   Улмаар арванхоёрдугаар сарын 11-нд дахин тогтоолд өөрчлөлт хийж, түр хорооны үйл ажиллагааг зургаан сарын хугацаатай сунгах шийдвэрийг гаргасан.  Тэгэхээр нүүрсний хэргийг шалгах түр хороо ирэх зургадугаар 11-нийг  хүртэл ямар ч гэсэн байх нь.  Цаашид үйл ажиллагааг нь сунгах эсэхийг парламент шийдэх учиртай.

13 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалдаг, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтаж байна.   Нүүрсний хэрэг бол цар хүрээ, хор хохирлын хувьд Хөгжлийн банкны зээлүүдээс хэд дахин том хулгай.  Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах нээлттэй сонсгол амжилттай болж, парламентын танхимд хэн нь хэн бэ, хэдийг авсан бэ, төлсөн үү, төлөөгүй бол яагаад, зээл авахад хэн нөлөөлсөн,хэн хамаатай, авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх гээд олон зээлдэгчийн багийг хуулж, олон нийтэд мэдээлэл өгч, зармынх нь зээлийг төлүүлж чадав. Тэгвэл нүүрсний хулгайн хэргийн сонсголоос ч олон нийт ийм үр дүнг хүлээж байсан юм.

 

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (192.82.90.124)

    2023-04-04

    Монголын албан байгууллагуудын, эмнэлгүүдийн, банкуудын ба компаниудын ажилтнууд гуйлгачдын царайнуудыг харах маш дуртай, байнга дуудаад л, үзээд л, баахан юм шаардаад л байдаг. Бүр нэг мөсөн гуйлгачидтайгаа шаалцаач ээ!

  • F gj htd (202.21.115.187)

    2023-04-04

    Хулгайчыг ЛУЙВАРЧИН шүүнэ гэж монголд л байдаг бх даа