Д.Мөнх-Эрдэнэ цагдан хориогоо өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авахаас татгалзлаа

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэллээ.

Шүүх хурлын эхэнд тэрбээр "Хөх хотод консулаар ажиллаж байх үетэй холбоотой хэрэг дээр хоёр өмгөөлөгчтэй байсан боловч нэгээс нь татгалзаж, нэг нь төрийн албан хаагч болохоор тангараг өргөсөн тул би өмгөөлөгчгүй болсон. Миний амьдралыг шийдэх чухал асуудал.

Цагдан хоригдож байгаа тул өмгөөлөгч авах боломжгүй байна. Гэр бүлийнхэн хүмүүс санал болгосон ч уулзаж үзэхэд нийцэхгүй байгаа. Иймээс шинээр өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжоор хангаж өгнө үү" гэв.

Түүний өмгөөлөгч Л.Баттогтохын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд түүний учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлэхэд бэлэн болохыг хэллээ.

Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Ингээд шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байна. Түүнийг дэмжигчид шүүхийн гадаа жагсаал зохион байгуулж байна.

Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/хахууль авах/, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт/Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.161.44)

    2023-04-04

    Монголын төр юунд хүчээ үзүүлэхийг харж л байцгаая даа !!!