Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
- 2023-04-07
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.
Тэрбээр, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад, Ажлын хэсгээс манай улсад 2022 оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын тоо 238,329 байдгаас 48,800 буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд даатгуулсан, эрүүл мэндийн даатгалд 141,400 малчин хамруулахаас 49,200 буюу 34,8 хувь нь хамрагдсан байгааг танилцуулж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх тул хамрах хүрээг өргөтгөх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын зөрүүтэй найман санал, найруулгын шинжтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Н.Энхболд, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Үргэлжлүүлэн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав. Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 4,5 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэл авахаар боллоо. Түүнчлэн энэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.9 хувь нь дэмжив.
Ингээд Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл (0)