Монгол Улсад хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлбэл эдийн засаг өсөх бүрэн боломж байна гэв
- 2023-04-10
- Улс төр
- 2
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.10/ хуралдаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг сонслоо. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн.
Бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “Бүлгийн хурлаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг сонсч, гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэлтийг дэмжих сангууд зээл тусламж олгодог ч эцсийн бүтээгдэхүүн иргэдийн гарт ирэхдээ үр өгөөжөө өгөхгүй байгаатай холбоотой асуудалд дүн шинжилгээ хийх зэрэг асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцлээ” гэв.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өссөн. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оноос хойшхи хугацаанд эдийн засаг 1.7 хувиар өслөө. Цаашдаа эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, тогтвортой өндөр хувь хэмжээнд хүргэхэд доод тал нь гурван жилийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Саяхан ОУВС-аас Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болон бусад орны ерөнхий хандлагуудыг гаргасан.
Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 2023, 2024 онд 3 хувиас бага байхаар төлөвлөгдөж байгаа хэдий ч манай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын гол түнш урд хөрш БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлтөө хамгийн багадаа 5 хувь байхаар тооцож байна. Бид энэ боломжийг ашигласан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх саналыг бүлгийн гишүүд хэллээ. Энэ чиглэлд Засгийн газар ажиллаж байгаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд олон нийтээс санал авч байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Дэлхий даяар бодлогын хүүгээ өсгөсөн энэ цаг үед хөрөнгө оруулалтыг татаж байж Монгол Улс хөгжих нь ойлгомжтой. Иймд, Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байна.
Харин төсөв, эдийн засгийг тогтворжуулах хүрээнд дараах бодлогуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт гишүүд санал хэлж байна.
Нэгдүгээрт, Төсвийн хувьд төсвийн үндсэн тэнцлээсээ зээлийн хүүгийн төлбөрөө хасаад тэнцэл нь эерэг байх нөхцөл нь макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэж явдаг. Тэгэхээр инфляцийг бууруулах бодлогыг цаашид тууштай авч хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдах ажлыг эрчимжүүлж, нэмэгдүүлнэ. Нүүрснээс гадна зэс, төмрийн хүдэр, цайр, жонш гээд экспортын гол бүтээгдэхүүнүүдийг биржээр борлуулна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх орлого нэмэгдэхээс гадна ил тод байдал бий болно. Энэ бодлогыг цаашдаа үргэлжлүүлэх нь эргээд манай улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Гуравдугаарт, Төсвийн тодотголтой холбоотой асуудлыг зарим гишүүд хөндсөн. Төсвийн орлого нэмэгдэх үед төсвийн тодотгол хийдэг хууль, эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн орлого бууруулах үед төсвийн зардлыг бууруулах зорилготой төсвийн тодотгол хийх хууль үйлчилж байна. Эдийн засаг тогтворжиж, хөрс нь бат болсон гэдгийг хагас жилийн эдийн засгийн үзүүлэлт харуулна. Тэр болтол бид эдийн засгийнхаа судалгаануудыг сайн хийж, эдийн засгийн төлөв байдал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг сайн тооцох шаардлага байна.
Цаашид Монгол Улсад хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлбэл эдийн засаг 6-аас дээш хувиар өсөх бүрэн боломж байна” гэв.
Сэтгэгдэл (2)
(192.82.90.124)
Монголын улс төрчид Монголын бизнесменүүдийг бүх талаараа дууриадаг юм.
(192.82.90.124)
Монголын улс төрчид Монголын бизнесменүүдийг бүх талаараа дурайдаг юм.