Дорнод, Сүхбаатар аймагт гарч буй тал хээрийн түймрийг унтраахаар 260 гаруй хүн ажиллаж байна

Дорнод аймгийн Халх гол, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэмжээнд гарч буй тал хээрийн түймрийн улмаас 3 айл өрх орон гэргүй болж, тодорхой тооны мал амьтад өртсөн байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаанд энэ сарын 08-ны үдээс өмнө гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутагт орж ирсэн мэдээг шөнө 00:00 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч шуурхай ажиллаж эхэлсэн.

Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид  сумын иргэд дайчлагдан нийт 260 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Цаг агаараас шалтгаалан салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, салхины чиг өөрчлөгдөж байгаа тул галын тархац нэмэгдэж, хүчтэй салхины улмаас байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул аймгийн Онцгой комиссоос хүсэлт гаргаснаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 30 аврагчийг Халхгол сум руу тээвэрлэж байна. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэх бэлтгэл хангав.

Иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж, үнс нурмыг ил задгай хаяхгүй, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)