Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнийг таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө
- 2023-04-11
- Улс төр
- 0
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу энэ оны гуравдугаар сарын 15-ны хуралдаанаараа товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатыг томилсон юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн нь Засгийн газар, даатгуулагч болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн тус бүр гурван хүнээс бүрдэх бөгөөд Засгийн газрын төлөөллийг төсөв санхүү, нийгмийн даатгал, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллүүдээр бүрдүүлэхээр тогтоосон. Харин даатгуулагч болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно гэж хуульчилсан.
Хуулийн дагуу даатгуулагч болон ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагууд болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигч нарын тав нь сонсголд биеэр ирж оролцсон бол эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад зорчиж яваа нэр дэвшигч Н.Одонгуа цахимаар оролцов. Тэд сонсголын эхэнд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй үндэслэлээ товч танилцуулсан юм.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж, тэдний төлж байгаа шимтгэлийн ашиглалтыг сайжруулах, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны үр дүн, хүртээмж, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цахимжуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох, өвчтөн өөрийн өвчний болон эмчилгээ, санхүүжилтийн түүх зэрэг мэдээлэлтэй танилцдаг байх, үнэлгээ дүгнэлтээ өгдөг байх боломжийг бий болгоход анхаарна гэлээ. Даатгуулагчдын буюу эмчлүүлэгчид, иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулж, эрүүл мэндийн салбарт зохиомол дарамт үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оролцож ажиллана гэсэн юм.
Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Эрүүл мэндийн даатгалын сангийн чанар, хүртээмж, аюулгүй байдал, ялангуяа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, сангаас санхүүжилт аваагүй иргэдийг урамшуулах болон даатгалд хамрагдаж чадахгүй байгаа болон хамрагдахаас зайлсхийж буй иргэдийг соён гэгээрүүлэхэд анхаарна гэв. Мөн тэрбээр, Үндэсний зөвлөл болон даатгуулагчийн хооронд гүүр болж ажиллахаа илэрхийлж, Эрүүл мэндийн даатгалын санг нээлттэй, ил тод ажиллуулах, иргэд, олон нийтэд ойлгомжтой, энгийн байдлаар сурталчлах, сангийн үйл ажиллагаанд даатгуулагчдын санал хүсэлтийг тусгах талаар идэвх санаачилга гаргаж ажиллахаа хэлэв.
Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, хөрөнгийг эрсдэлгүй байлгах, санг нэр хүндтэй, үүргээ сайн гүйцэтгэдэг болгоход хувь нэмрээ оруулахаар нэр дэвшиж буйгаа дурдаж, эрүүл мэндийн даатгалд хамрагдагсдын хувийг нэмэгдүүлэх, даатгалын сангийн санхүүжилтийг иргэдийг өвчилсөн хойно нь эмчилдэг бус өвчлөхгүй байх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад үүрэг гүйцэтгэдэг болгох чиглэлээр нэлээд ажил хийнэ гэлээ. Мөн тэрбээр, эрүүл мэндийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байгааг тэмдэглээд, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийгн тогтолцоог төгөлдөржүүлж, боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулна гэв.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо эдүгээ Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажилладаг. Өмнө нь П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт зүрх, судасны мэс засалч, эмчилгээ эрхэлсэн орлогоор ажиллаж байсан. Тэрбээр, Монголын анагаах ухааны хөгжилд маш том дэвшил авчирсан Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилтэд тулгарч байгаа бага зэргийн зохицуулалтын асуудлыг жигдлэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн чиг үүргийн хүрээнд санхүүжилтийн зарим зөрүү, дүрэм журам, жагсаалтыг шинэчилж, бодит амьдралд нийцүүлэхэд анхаарч ажиллахаа ярилаа. Мөн Үндэсний зөвлөл хуульд заасан Техникийн хороог нэн даруй байгуулж, тус хорооны санал дүгнэлтэд тулгуурлаж шийдвэр гаргаж байх шаардлагатайг онцолсон юм.
Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа ДЭМБ, АХБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслүүдэд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай ажээ. Эдгээр туршлагадаа тулгуурлан тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулах болон даатгуулагчдын эрх ашгийг хангах асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв. Эрүүл мэндийн салбарт 2020 оноос бодлогын шинэчлэл хийж, стратегийн худалдан авагчийн тогтолцоог хэрэгжүүлж буйг дэмжиж, энэ тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэлээ. Мөн тэрбээр, Эрүүл мэндийн даатгалыг цаашид хөгжүүлэх урт хугацааны баримт бичгийг боловсруулахад оролцохоо хэлж, даатгуулагчийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах хуулийн зорилтыг хангахад анхаарч ажиллана гэсэн юм.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуа БНСУ-ын Ёнсей Их Сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд эдүгээ Харвардын Бизнесийн Их Сургуулийн Manage@Mentor хөтөлбөрийн Монгол Улс дахь чиглүүлэгч багшаар давхар ажилладаг байна. Тэрбээр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, даатгалын санг тогтвортой бүрдүүлж, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн тогтолцоо бий болгох талаар анхаарч ажиллана гэсэн юм. Үүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, иргэдийн оролцоотой санхүүжилтын хяналт бий болгох, сангийн дотоод болон монгол хүний эрүүл мэндийн ирээдүйн эрсдлийг олон улсын аргачлалаар тооцож, судалгаа шинжилгээ, нотолгоонд суурилж ажиллах зарчмыг баримтална гэв. Мөн эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйг дээшлүүлэх, харилцагчийн бүртгэлийг сайжруулах, салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатайг ч дурдав. Мөн даатгалын сангийн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын оролцоо их байгааг багасгах ёстойг тэрбээр онцолж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудыг чадавхжуулах, ажлын үр дүнг сайжруулахад анхаарч ажиллахаа хэллээ.
Нэр дэвшигчид тус тусын хөтөлбөр, зорилтыг товч танилцуулсны дараа тэдний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх дүгнэлтээ мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр дүгнэлт гаргахдаа ирүүлсэн бичиг баримтад дүн шинжилгээ хийсний зэрэгцээ нэр дэвшигч нэг бүртэй уулзаж ярилцан, мэдлэг үнэлэх сорилт, харилцаа, хандлагын үнэлэлт хийсэн байна. Нэр дэвшигчид бүгдээрээ ажлын хангалттай туршлагатай, тус тусын давуу тал, онцлог чанартай, мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй шаардлага хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн тэрбээр дүгнэсэн байна. Мөн сонсголыг даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нэр дэвшигчдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай АТГ-ын дүгнэлтийг танилцуулсан юм. АТГ дүгнэлтдээ, нэр дэвшигчдийг тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал тогтоогдоогүй гэсэн байна. Харин нэр дэвшигч, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Сайхан уянга” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар бүртгэлтэй байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд тухай бүр мэдэгдэл, тайлбар гаргаж ажиллахыг зөвлөсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн өөрсдийн танилцуулга, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, “Эрүүл мэндийн даатгуулагчийн хяналт” ТББ-ын тэргүүн н.Эрдэнэбат, МУИС-ын багш, ажилчдын холбоны тэргүүн н.Жавзандулам, иргэн н.Батбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөх н.Булганчимэг нар асуулт асууж, үг хэллээ. Сонсгол даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат АШУИС-ийн багш С.Наранчимэгийн бичгээр ирүүлсэн асуултыг мөн уншиж танилцуулсан юм.
Улсын Их хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, иргэн н.Батбаяр нар Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоог ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Үүнд мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ, нэр дэвшигчээс өөрөөс нь авсан тайлбар, мөн өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоор түүнийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэснээ тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчид нэр дэвшигчдээс даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, шимтгэл төлсөн ч үйлчилгээ аваагүй иргэдийн шимтгэлийг буцаан олгох, стратегийн худалдан авалтын тогтолцоог хэрхэн бэхжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдлээс хэрхэн хамгаалах, улс төрчдийн нөлөөллийг яаж бууруулах, иргэд, даатгуулагчдын гомдлыг шалгаж шийдвэрлэдэг механизм болон тайлагналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, сангийн техникийн хороог байгуулах, эв санааны нэгдлийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх, цалин, тэтгэврээс өөр орлогогүй иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн дарамтыг хуваалцах бодлогын зохицуулалт, хэрэгжилтийг хэрхэн одоо байгаагаас нь дээшлүүлэх, гүйцэтгэлээр санхүүжих болсноос хойш эмч нарын ёс зүйд сөргөөр нөлөөлж байгааг хэрхэн засч залруулах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж, нэр дэвшигч бүрээс нэг бүрчлэн хариулт авсан юм.
Асуулт, хариултын дараа үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчид сонсгол үр дүнтэй болж байгааг болон нэр дэвшигчид туршлагатай, мэдлэг, мэргэшлийн шаардлага хангасан, судалгаа, нотолгоонд суурилж ажилладаг хүмүүс байгаад олзуурхаж буйгаа илэрхийлж байсан юм. Мөн тэд, санг эрдэлгүй, алдагдалгүй болгохоос илүүлтэйгээр даатгуулагч иргэдийг эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлгүй болгоход түлхүү анхаарч, даатгалын сангийн хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.
Сонсголыг хааж, даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг зүй зохистой зарцуулах, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах, өнөөдрийн сонсголд оролцогчдын гаргаж буй санал, дэвшүүлж буй асуудлыг хайхрахгүй хаяж болохгүй гэдгийг хэллээ. Мөн тэрбээр Эрүүл мэндийн даатгалын сангийн Техникийн хороог байгуулаагүйгээс шат шатны эмнэлгүүд дээр гарч байгаа хүндрэлүүдийг засаж сайжруулах ажил удаашралтай байгааг анхааруулсан юм. Нэр дэвшигчийн сонсголын тайлангийн хурлыг сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд хоёр хоногийн дотор хаалттай хэлэлцээд, Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулах юм. Байнгын хороо тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ гэдгийг сонсголыг даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)