Ж.Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна
- 2023-04-11
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөхөөр “төлөвлөж байгаа” талаараа даваа гарагт ярилаа.
Гэхдээ энэ тухайгаа зарлахад хараахан бэлэн болоогүй байгаагаа нэмж хэлжээ. Ж.Байден АНУ-ын “NBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү ярьсан байна. Урьд нь тэрбээр сонгуульд дахин өрсөлдөх “бодолтой байгаагаа” илэрхийлээд байв.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч улиран сонгогдохын төлөө өрсөлдөх хүсэлтэй байгаагаа хуваалцсан ч энэ талаараа жилийн эцсээр болдог баярын үеэр гэр бүлийнхэнтэйгээ ярилцана хэмээн хэлсэн юм. Цагаан ордны төлөөлөгч өмнө нь Ерөнхийлөгч албан ёсны мэдэгдлийг хоёрдугаар сарын эхэн үе гэхэд хийж магадгүй гэж мэдэгдээд байсан ч хожим нь дөрөвдүгээр сар болгож хойшлуулсан байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Ж.Байден олон нийтэд дэлгэхээсээ өмнө хандив цуглуулж болох хугацааг уртасгахын тулд сонгуулийн сурталчилгааны ажилд хөрөнгө босгох шинэ улирал буюу долоодугаар сар хүртэл хүлээж магадгүй байна.
Нийт босгосон хандивын улирлын дүнг кампанит ажил хүчтэй байгаагийн чухал үзүүлэлт гэж үздэг. Одоогоор 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөнө гэдгээ хоёр нэр дэвшигч мэдэгдээд байгаа нь шилдэг борлуулалттай номын зохиолч Марианна Уильямсон, вакциныг эсэргүүцэгч идэвхтэн Роберт Кеннеди нар юм. Гэхдээ Ардчилсан намын нэр хүндтэй албан тушаалтнуудын хэн нь ч одоогийн Ерөнхийлөгчтэй өрсөлдөх талаар бодохгүй байгаа бололтой байна.
Намд нь хүчтэй өрсөлдөгч байхгүй байгаа нь Ж.Байденд албан ёсны мэдэгдэл хийх хугацаагаа гадны томоохон дарамт шахалтгүйгээр тогтоох боломжийг олгож байна.
Өдгөө 80 настай Ж.Байден хэдийнээ АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм. Хэрвээ тэрбээр ерөнхийлөгчийн дахин сонгуульд ялбал бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь дуусах үед 86 нас хүрнэ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл (0)