Олон хулгайч дундаас онцгой нь Ажнай байгаа юу

Хичнээн ч хулгайчаа зарлав даа. Зарлаагүйгээ оруулаад тоолбол төр засагт шургасан хулгайч гадныханд хэлэмгүй олон. Тийм олон хулгайчаас тунахыг бодоход Ажнай овоо гар байж. Намдуу царайлсан түүнийг тасархай овгор гэж таасангүй. Сэжигтэн яллагдагчаар татагдсан Х.Баттулга, З.Энхболд, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр нар Ажнайн дэргэд зуль хулгайчид гэнэ. Зуль хулгайчдынхаа толгойг илээд нам дардаг гаршсан залиар ганц нэгийг шийтгэж олны бухимдлыг намсгасны ар хударгаар олигархиудаа сугалаад жишимгүй царайлах нь. Одоо тэгж даврахгүй шүү МАН-ынхаан. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн боломжийг завшаад өнгөрсөн баячуудын дээрэм ядуусын ой санамжаас арчигдаагүй байна.

Дахин ахин ингэж чадуулаад байвал монголчуудын үйлс хазайна. Ажнайгаар туг тахиснаа авилгатай тэмцсэн “гавъяа” гээд рейтингээ өсгөж, тэнэг манийгаа маллах гэж буй бол горьдсоны гарз. Ажнайг хаацайлж ял завшуулах гээгүй ээ Л.Оюун-Эрдэнэ ээ! Экспортын 80 их наядын ашиг хаасан ерөнхийлөгч асан, 40 их наядын нүүрсний хулгайчдыг өмнөх шигээ ял завшуулж оодруулахгүй гэж масс шаардаж байна УИХ-аа! Ард олны тэвчээр тэнхээ барагджээ, ерөнхийлөгч өө!

Бүлгүүдийн шунал бугласаар дэлбэрэх агшинд тулжээ. Баялгаа булаацалдагчдын тэмцэлд хэн нь ч дийлсэн ядууст юу ч наалдахгүй. “Ард түмнийхээ төлөө” зодолдогчид цөм хулгайчид. Хулгай луйврыг тэд хийдэг. Бид мэддэг. Мэдээд яах юм бэ. Хулгайч түшээг эргүүлэн татах хуульгүй, хариуцлага хүлгээлгэх гэвэл халдашгүй дархан эрхээр сүрдүүлнэ. Бүлэглэлүүд цөм ав адил-хулгайчид. Үүнд бүү эргэлз. Эрдэс баялгаа булаацалдаж буй бүлгүүд хүн амын нөхөр биш чоно. Төр засагт нэг ч хулгайч үлдээхгүй гэж тууштай тэмцвэл Та цэвэр үлдэнэ. Хулгайч бүлэглэлийг хулгайч бүлэглэл ялснаар Монгол хожихгүй. Ялсан хулгайч бүлэглэл, өрсөлдөгч хулгайч бүлэглэлгүй дархлагдаж, хүн зоноо дураараа дарлана. Дайсныг чинь идсэн чоно нөхөр болохгүй гэдэг ийм учиртай үг.

Хулгайчийг хулгайч ялах-ялалт биш. Олны давалгаа хулгайчдыг орвонгоор нь хамах-жинхэнэ ялалт. Хараат бус шүүхийн шийдвэр эрх баригч бүлэглэлийн ялалтаас үнэнд арай ойр байх магадлалтай. “Манан” мафийн толгойлогчийг огцруулах баримт ололгүй шинэ хууль зохиож байж унагаснаа мартаагүй биз, Ерөнхий сайдаа. Тантай хамт тэмцэгч ард түмний захиалгат 5 чинь ямар ямар хэрэгт ороогдов оо? Анхнаасаа тэд сэжиг төрүүлсэн тул би гайхаагүй. Харин Та гайхсан уу? Тэднээс Та ганцаараа энхийн цагаан тагтаа гэж үү? Авилгатай тэмцэгч тагтааг би дэмжинэ. Авилгатай тэмцэгч чоныг дэмжихгүй. Та тагтаа юу чоно уу? 

У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулдаж засгийн эрх булаасан. Ийм заль мэх мораль бичдэг зохиолчид харш тул би У.Хүрэлсүхийг үнэн зүрхнээсээ хүндэлж чаддаггүй. Булаалт хийдэг ерөнхийлөгчдөө залбирах нэг л эвгүй. Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус засгийн эрх булаасан намтартай У.Хүрэлсүхдээ мөргөсөөр нүд аних болж байх шиг. МАН бул аагчаа шийтгэх байтугай шударга ёс тогтоогч туг болгож мандуулсан ньялзрал байв. Ялзрал ялдаг улсад ганц Ажнайг золигт гаргаснаар хулгай устах бус улам даамжирна гэх зовиурыг минь ойлгооч. Тиймээс хулгай нь нотлогдсон бүх хулгайчаа цэвэрлэ гэх гээд байна, би.

Ард түмний захиалгат 5 хүүгийн мэдэгдэл гонсойлгов. Л.Оюун-Эрдэнэ “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж телевизээр зарлав. Спикерийгээ чирээд гаргадаг цоо шинэ туршлага гадаадад гарч гээд Х.Нямбаатар мал төхөөрөгч шиг ханцуй шамлан дайрлалаа. Хэн нэгнээс хутга ч гялалзсан. Т.Аюурсайхан гар утсаараа чуулганы танхимыг “Парламент” сувгаар харуулаад “Манан-мафийн загалмайлсан эцэг оргочихлоо” гэж шөнөжин дамжуулсан. Завсар чөлөөгөөр нь “Парламент” суваг М.Энхболд байнгын хорооны хуралд сууж буйг үе үе тодотгов. (Энэ бол болоод өнгөрсөн бодит түүх учраас саяхных гэлтгүй эргэн харж сургамж ав). 

Харьшгүй гүтгэгч Аюурсайхан “4-5 машин чухал баримт хуулийнхан устгаж гэмт хэргээ балласан” гэж залаад, нотлооч гэхээр бултсан. Хожим С.Баярцогтын Швейцарийн банкинд нуусан хэн ч олшгүй оффшор дансыг би ганц явалтаар олоод ирлээ гэж цэнхэр дэлгэцээр ханхалзав. Харилцагч нарынхаа нууцыг хадгалах талаар алдартай Швейцарийн банк Аюурсайханыг хараад өмдөндөө харвасан болтой. Гэтэл Аюурсайханы авч ирлээ гэх бичиг цаасыг Баярцогт аль эрт хуулийн байгууллагад өгөөд шалгуулчихсан байжээ. Ясны гүжирдэгч тэр бээр зүгээр сууж чаддаггүй болтой. 2,4-4,5 саяын цалинтай шүүгчдийг 7-8 саяыг авдаг гэж чуулган дээр гүтгээд суудал дээрээ Дээд шүүхийн шүүгч Ц.Цогтоос няцаалт авсан ч нийтийн сүлжээгээр гүжрээ цацаж гарав. Худал мэдээ тараах хуультайг хамдаа Х.Нямбаатар сайд та сануулдаг уу. Ард түмний захиалгат 5-ын 2 нь биз дээ, та хоёр. “Жагсагчдыг цус урсган дарах 200 алуурч Мөнхбат гишүүн бэлдчээд байна” гэж Болд гишүүн зарласнаатөдөлгүй ташаа мэдээ цацсандаа уучлалт гуйв. Мөнхбат “30 тэрбумын хэрэг” гэсэндээ Болдоос өршөөл хүслээ. Тэгснээ хоёул “Уучлалт гуйхгүй, 200 алуурч 30 тэрбум яг үнэн” гээд дахин уралцав.

Ёс зүйгээ нулимаад хол харайхгүй. Идэр есийн тэсгим жаварт жанжны талбайд 20-30 мянгуулаа УИХ-ынхаа даргын (гашуудлын хар улаан туузтай) том хөргийн толгойг уруу харуулж бариад орилолдсон. Тэнд голдуу хонжоо хайж нохойтогчид цугларсан байх: зохион байгуулагчдын ханцуйнаасаа тарааж буй төгрөгнөөс хэдийг сэм атгах, талбайд эгнүүлсэн гэрүүдээс сиймхий таарвал ачих. Харин цуглааныг зохион байгуулагчдын зорилго том. У.Хүрэлсүх ерөнхий сайдад, Ц.Нямдорж УИХ-ын даргад, ард түмний захиалгат тав-сайдад санаархаж буйгаа мэдээж зарлаагүй. Гэвч андашгүй байв. Тэд өндөр индрээс албан ёсоор гүжирдэж гарсан. Журамлаг оронд бол гүжирдэх ноцтой гэмт хэрэг. Монголд гүтгэхийг эмзэглэх бүү хэл эх оронч үзэл гэж өргөмжилж, ерөнхий сайд, сайд болгодог. “Мишээл экспо”-гоо цулайлгах ялдамд сайдаар шагнуулсан Энх-Амгалан Дарханы замыг бантагнуулж, олон хүний амь, эд хөрөнгө сүйтгэсэн ч Говь-Алтайчуудад ариун бүрэлбаа гэгдэж дахин сонгогдов. Хулгайчдын адаг “Ажнай”-тай Энх-Амгалан эгнэхгүй шударга лидер, МАН-ынхаар бол.

Хийрхүү жагсагчдын хараал зүхэл цус харвамаар байсан. Миний цус харвах юу ч биш. Харин ёс зүй бол барагдашгүй цэнэг, мөнхөд хөтлөгч луужин шүү. Ганц хонолгүй илэрдэг худал мэдэгдлүүдийг магтан уухайлдаг харанхуй масс гол буруутан гэдгийг онцолъё. Ард түмний захиалгат таван хүүгийн базаахгүй авир Япон Солонгост ганц алхахгүй, харин Монголд амжилтын үндэс байжээ. Энэ цоорхойг олж харсан манай тав харанхуй массдаа таарсан улстөрөөр суга дэвшсэн ч тэдний гаргаж байсан балиар ааш жолоодогч хүний өндөр ёс зүйд гологдож, сэтгэл ханамжийг минь унтарааж билээ. Гүтгэлэг улстөрд давшгүй хүч болсонд эмзэглэснээ бичив.

УИХ-ын дарга огцрох хуулийн дөрвөн заалттай аж. Тэр дөрвийн аль нэгийг ч атугай зөрчсөнийг нотлоод намайг огцруул. Эс тэгвээс УИХ-ын дарга хууль зөрчиж огцорсон болчих гээд байна гэж М.Энхболд олон өдөр тайлбарлав. Хууль зөрчилгүй, хуулиар огцрох гэсэн М.Энхболдыг журам дагаж сураагүй нүүдэлчид ойлгоогүй. М.Энхболд аргаа барахдаа УИХ-ын даргыг огцруулах шинэ хууль зохиож өөрийгөө огцруулахыг санал болгосноор ерөнхийлөгч Х.Баттулга уухайн тас шинэ хуулийн төсөл өргөн барьж, М.Энхболд өөрийгөө огцруулах төслийг УИХ-аар батлуулсан.

Манангийн таглааг авч хаях хамгийн аюултай торгон мөч ирлээ. Ард түмээн, өнөө шөнө нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж нөгөө тав сүржигнэсэн ч өнөө дайсан нь өөрийгөө огцруулахад зориулж шинээр зохиосон инээдэмтэй хууль дэгээр захих үгээ хэлээд намдуухан буув. Анхааруулаад байсан дайн дажин зодоон нүдээн гарсангүй. Ард түмнийг нүдээ хором ч анилгүй сонор сэрэмжээ өндөрсөг гэж сүржигнэсэн Оюун-Эрдэнэ яаж дуугүй байхав “Зэс” корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдсан нь үнэн байна гэхэд Батзандан “Зэс”-ийн удирдлага шөнө дундуур М.Энхболдтой нууцаар уулзсан нь туйлын үнэн гэж онголзлоо. Худал хэлэхэд байтугай хувьсгал хийхэд ч хуульгүй гэж Батзандан онолдов. Эрх мэдэлд ичгүүргүй улайрсан зодоонд ёс зүй яаж байхав. Хожоо нь-дүрэмгүй зодоонд жудаггүй авиртай хэд шунасан эрх дархаа авч, Чингисийн цус буцалсан харанхуй масс алга нижигнүүлэв. Хохирол нь-ёс зүй хог дээр хаягдаж, гүтгэлгээр ялах улстөр туг болж, дараагийн баг гүжирдэх бэлтгэлдээ гарсан билээ.

“Ажнай”-гаар туг тахиад төр засагт үүрлэсэн хулгайчдаа авч үлдвэл юун хуулийн засаглал, юун ардчилал, юун чөлөөт зах зээл-Монгол баларна. Бадамжунайн хулгайтай урьд нь эвлэршгүй тэмцэгч Ц.Нямдорж цахимаар тодров. Тэр ийм моментыг овжин ашиглаж рейтингээ өсгөдөг хуульч. Би ийм занд дургүй. Тэгээд тэсэлгүй бичдэг. Бадамжунай бол Нямдоржийн өрөөсөн гутал. Ав адил хоёр хулгайчийн нэг нь шүтэгдээд нөгөө нь шоронд суух ёс зүйг бузарлана. Энэ үүднээс би ганц хоёр хулгайч шийтгээд бусдыг ял завшуулахыг эсэргүүцэв ерөнхий сайдаа. Тиймээс Ажнайг өмөөрөгчдийн нэг гэж намайг бүү сэрдээрэй. “Ажнай руу дайраад байдаг буруу гэсэн зохион байгуулалттай зүйл их явлаа. Бид ухармааргүй байна” гэжээ, Та. Таныг бид ухар гээгүй. Ганц Ажнайг бус олон Ажнайг шалга гэсэн. Та бүү мэдэн будил.

“Нүүрсний хулгайчид” гэх хий дуулиан дэгдээж, нийгмээ донсолгон сүржигнээд байсан чинь ердөө ганц Ажнай л хулгайлж байжээ хэмээнмаллуулахыг-хулгай луйвраа гардуулсан олигархиуд хүсэж буй нь тэдэнд үлдсэн бүдэг гарц. Тэр гарцаар МАН хамуудаа нууцаар гаргах вий гэж нүд цавчилгүй ширтэх-авилгын эсрэг тэмцэл мөн биз Л.Оюун-Эрдэнээ. 

(2023)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.121.17)

    2023-04-11

    Муу хүний оюуны хөгжил дутуу байдаг.