Үхрийн мах 18500 төгрөгт хүрчээ
- 2023-04-12
- Үнэн
- 0
Хавар ирж, ханш нээхтэй зэрэгцээд махны үнэ магнаг болжээ. Өглөө 10 цагийн үед нийслэлд хамгийн хямдаар мах худалдаалдаг “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Хөл тавих зайгүй бужигнадаг тус худалдааны төв эл хуль байлаа. Бас махны тасагт хоосон лангуу цөөнгүй байна. Энэ нь шинэ махны олдоц муу байгааг өгүүлнэ.
Тодруулбал, "Хүчит шонхор" захад өдөрт 50-100 тонн мах ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 20-30 тонн мах нийлүүлж байгаа аж. Махны олдоц бага учраас үнэ нь нэмэгдэх нь аргагүй биз ээ. Тус худалдааны төвд шинэ, хуучнаасаа хамаарч үхрийн мах бөөний үнэ нь 11.500-13500, жижиглэнгийн үнэ нь 14500-18000 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин хонины мах бөөний үнэ 9500-13000 төгрөг, гулууз хонины мах 190-250 мянган төгрөгт хэлбэлзэж байв.
Хонины гулууз авч буй иргэн О.Түдэв “Өглөө ирсэн шүдлэн хонины гулууз 197 мянган төгрөгөөр авлаа. Нөөцийн мах, шинэ мах үнийн хувьд нэг их зөрүүгүй байна. Жил хадгалсан мах авснаас хэдэн төгрөгөө нэмээд шинэ мах авчихвал илүү дээр гэж боддог” гэв. Харин түүнд мах зарсан Т.Даваасүрэн “Энэ хавар нийслэлчүүд, малчид бүгд бүсээ чангалах байх” хэмээн ачааны машинаа түшин зогсохдоо урамгүй өгүүлэв. Мах хомсдож, үнэ өссөн шалтгаан нь нөөцийн махны үнэ, махны хомсдолтой холбоотой аж. Энэ өвөл ихэнх аймгууд зудтай байсан учир мал нь туранхайгаас болж шинэ мах орж ирэхгүй байгаа. Нөгөө талаар нөөцийн махны үнэ өндөр байгаатай холбоотой гэдгийг ченжүүд учирлаж байлаа. Энэ тухай махны ченж О.Болортуул “Махны үнэ өсөөд 10 гаруй хонож байна. Даруй 1000-3000 төгрөгөөр нэмэгдсэн. Нөөцийн махны үнэ өндөр болон ихэнх аймгуудад зудтай байгаа учир махны үнэ нэмэгдсэн. Махны үнэ ямар байх нь нөөцийн махнаас хамаардаг. Энэ жил нөөцийн үхрийн мах 10700 төгрөгөөр гарсан. Ингэхээр махны үнэ дагаад нэмэгддэг. Нэг кг нойтон мах бараг 20 мянган төгрөг байхаар авах хүн олдохгүй байна шүү дээ. Харин хүмүүс дайвар бүтээгдэхүүн их авч байна” гэсэн юм.
Ямааны мах борлуулж буй Б.Баатарсүрэн 50 гаруй гулуузаа зараад дуусжээ. Ер нь ямааны махны нийлүүлэлт, борлуулалт муугүй байгаа аж. Харин үхэр болон хонины махны нийлүүлэлт бага байна. Долдугаар сар гарч байж мал тарга хүчээ аван, зоо нь тэнийнэ. Ингэснээр нийлүүлэлт нэмэгдэнэ. Харин тэр хүртэл нийслэлд малын мах хомсдож магадгүй гэдгийг худалдаачид анхааруулав.
Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд нөөцийн мах бэлтгэн, иргэдэд хямд үнээр нийлүүлж байгаа. Энэ нь хаврын тарчиг хомс цагт нийслэлчүүдийн дийлэнхийн махны хэрэгцээг хангадаг. Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 431 цэгээр худалдаалж буй. Үндсэндээ борлуулж буй дэлгүүрүүдийн зүгээс нөөцийн махны худалдаа муу байгааг тэд хэлж байв. Баянзүрх дүүргийн 14 хорооны "Мандах наран" хотхоны "Тахилтат Очирваань" дэлгүүрээс нөөцийн махны үнэ асуухад “Үхрийн ястай мах 14500, хонины ястай мах 9500, ямааны ястай мах 8400 төгрөгөөр зарж байна. Иргэд нөөцийн мах авахгүй байна” гэв. Статистикийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн дүнгээс харахад, хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1080 төгрөг, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1755 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.31 хувиар буюу 663 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.44 хувиар буюу 773 төгрөгөөр өссөнийг онцолжээ.
Томоохон худалдааны төвүүдийн махны ханш
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)