Жиргээч Болушка буюу Б.Болор-Эрдэнэ: Монголчууд өдөрт дор хаяж нэг хүн сонгож авч дайралт хийдэг гэхэд хилсдэхгүй болчихлоо
- 2023-04-13
- Өөр өнцөг
- 0
-ДАЙРУУЛЖ БАЙГАА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ДАЙРЧ БАЙГАА ТАЛ НЬ ӨӨРӨӨ ЭМГЭГ АСУУДАЛТАЙ БАЙДАГ. ЯМАР НЭГЭН ХҮНИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙЖ ТЭР ӨДӨР ӨНГӨРДӨГ-
Жиргээчин Болушка буюу Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сошиал орчинд хүмүүс нэгнийгээ адладаг, үзэн яддаг, ялладаг боллоо. Сошиолд хүмүүс нэгнээ хүндлэхээ болиод байна уу?
-Орчин үед сошиалд англиар social bully, targeted transment, hayds beach гэх мэтээр ухагдахуунууд , нэр томъёонууд нь үүсээд, технологи болон хууль эрх зүйн байдлаар яаж зохицуулах вэ гэдэг асуудал дэлхий дахинд сүүлийн 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Энэ нь ганц Монгол биш дэлхий дахинд үүссэн шинэ асуудал. Оюун ухаант хүн төрөлхтөн дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой асар хүчтэй энэ багажийг хэрэглэж байгаа нь хүний түүхэнд өөрөө шинэ үзэгдэл юм. Энэ бол инноваци, хөгжил дэвшил, ардчилал, боломж мөн. Гэхдээ түүхэнд шинэчлэл, хөгжлүүд заавал араасаа асуудал дагуулдаг. Асуудал нь өөрийнхөө араас шийдлээ дагуулдаг. Тэгэхээр жамаараа л явж байгаа зүйл.
-Монголын нөхцөлд хууль эрх зүйн орчин нь дутмаг. Манай нөхцөлд шийдлүүд нь юу байж болох вэ?
-Бид процессийг цаг хугацааны хувьд ойлгоод шинэ боломж бий боллоо, шинэ асуудал бий боллоо гэж хүлээж авах хэрэгтэй. Үүнийг харин яах вэ гэдэг дээр өдөр тутам хэлэлцэж байдаг. Эхлээд асуудал ямар түвшинд байгааг би хоёр өнцгөөс базаад хэлье. Нэгдүгээрт, сошиал медиа хөгжсөн сүүлийн арваад жил дэлхийн улс төр өөрөө маш экстрим болсон.
Нийгмийн хуваагдал буюу Фүкүяама судлаачийн томъёолсноор ideant tipolitics буюу нэг нэгнийхээ мэдээлэл дээр чи хэн бэ, чи эмэгтэй юу, чи бэлгийн цөөнх үү, чи ази уу, мексик үү. Энэ бүх өөр өөрийнхөө шинж чанар, оршихуйн ялгаан дээр маш их хуваагдал үүсдэг. Асар экстрим шинжтэй намууд бий болсон. Сонгуульд ялдаг болсон. Ингээд нийгмийн хуваагдал нэлээд гүнзгийрэх чиглэлдээ болж ирсэн. Үүнд ганцхан сошиал медиа нөлөөлөөгүй ч гэсэн сошиал медиаг хүн өөрийгөө батлах гэж хэрэглээд байгаа.
-Өөрийгөө батлах гэж хэрэглэнэ гэдэг нь яана гэсэн үг вэ?
-Зөвхөн өөрийн санал нийлэх хүнээ дагадаг. Санал нийлдэг хүнтэйгээ найз болдог. За ингээд нэг мянга ч юмуу, таван мянга ч юмуу, өөртэйгөө адилхан үзэл бодолтой хүмүүсийн хүрээнд өдөр тутам байгаад байхаар тэр нь нэлээд төөрөгдөлтэй, хатуу, догматик шинж чанартай болж ирдэг. Гэтэл хажууд нь өөр үзэл бодолтой зэрэгцээ хүмүүс байгаа шүү дээ.
Тэднийгээ хүлээж авч чадахаа больдог. Ингээд хоорондоо улам бүр таарахаа больдог. Үүнийг devision гэж байгаа юм. Ангал тийм үү. Үүнээс болоод нийгэм хоорондын ойлголцол, харилцан яриа, диалоги зэрэг нь хүлээцгүй, доромжлол гүтгэлэг, дайралтад өртдөг. Сүүл рүүгээ улс гүрнүүд нэг нэгнийхээ дотоод бодлого руу сошиал медиа хэрэглэж оролцох, сонгуульд нь хүртэл нөлөөлөх глобал түвшинд хүрсэн. Хувь хүний түвшинд асуудал маш их. Тэр нь манай Монгол шиг нэг хүнд ногдох ДНБ нь 4000 ам.доллар орчимтой нийгэм болоод ирэхээр, хүний нэр төр, сэтгэл санааны сайн сайхан байдал зэрэг, нэн ялангуяа гарт баригдахгүй, барих биегүй, биет бус хүний капитал зүйлс рүү харилцан халдлага хийх, маш их дайрах, түүнийгээ улс төрийн зорилгоор ашиглах байдалтай болж ирсэн. Өнөөдөр ч бас тийм байгаа. Монголын хувьд дэлхийн бусад орноос өөрийн гэсэн онцлогууд бий. Сая би нэгийг нь дурдлаа. Хоёрдугаарт, манайх ардчилсан орон гэдэг. Гэвч ардчилал гэдгээ өөрсдөө бүрэн дүүрэн ойлгоогүй тал бий. Үүнд олон соёлын онцлогууд нөлөөлж байгаа.
-Тэгвэл одоо яах ёстой вэ гэдэг асуудал урган гарч байна л даа?
-Аливаа асуудал илэрсэн хойно шийтгэлээр ч юмуу, хуулиар ч юмуу, эсвэл санкцаар шийдэж болно. Гэхдээ дийлэхгүй гэж би боддог. Жишээ нь, ус цооногоос оргилж байна гэж бодъё л доо. Түүнийг гараараа дараад, янз бүрийн зүйлээр тогтоох гэж таглаад таглаад, доороос нь оргилсоор л байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь урт хугацаандаа хүний оюун санаа, төлөвшил, боловсрол мэдлэгийн асуудал болно. Ганц сошиал медиа ч биш.
Манай нийгмийн маш олон асуудал бий. Өөрсдийн боловсрол, оюун ухаанаа хөгжүүлэх, асуудал ундраад оргилоод байгаа тэр зүйлд л зориулж, өөрчилж сайжруулж явахгүй бол дээрээс нь мянга таг тавьж таглаад шийдэж чадахгүй. Дунд болон богино хугацаанд бид гэмт хэргийг тодорхой хэмжээнд зохицуулж болдог. Бид хүний амь биед халдаж болохгүй, эд зүйлсийг нь хулгайлж болдоггүй. Хүний нийгэмд ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд ч энэ асуудал байж болохгүй. Эдгээр асуудлыг бид хүмүүс хоорондын гэрээ маягтай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр үүнтэй адил хүний нэр төр, алдар хүндэд хэн ч халдаж болохгүй. Би дээр хэлсэн. Боломж нь асуудлаа дагуулна. Асуудал нь шийдлээ дагуулна. Шийдлүүд нэмэгдэж байна.
-Ямар шийдлүүд байна вэ?
-Технологи хөгжүүлэгчид фэйсбүүк, твиттер зэрэг олон хэрэглэгчтэй компаниуд хүмүүсийн өөрсдийн шаардлагаар шинэчлэлүүд хийж байна. Твиттер ялангуяа тролл, бот хаягуудад нэлээд хатуу бодлогууд авч хэрэгжүүлэх шинжтэй болж байна. Хүн өөрөө мөнгөө төлж өөрийнхөө хаягийг баталгаажуулдаг болсон. Технологи талаасаа энэ шийдлүүд их чухал. Яагаад гэвэл бид өнөөдөр өөрсдөө ойлгохгүй хэмжээнд алгоритмийн нөлөөнд амьдарч байгаа. Нэг газар алгоримт нэг инженер бичдэг. Ганцаараа бичихгүй л дээ. Багаар хөгжүүлж байгаа. Тэр алгоримт юу шийдэж байдаг вэ гэхээр чамайг юу уншихыг, чиний авсан мэдээллийг шийдэж байдаг. Жишээ нь, Фэйсбүүк компани олон нийтэд шүүмжлүүлсэн. Маш их гүйлгээтэй хуурамч, сөрөг мэдээллүүд оруулдаг гэж. Хүний тархинд хөгжлийнхөө түвшинд аюулаас зугтаах хэрэгцээ байсан учраас бид сөрөг мэдээллийг маш хурдан авдаг. Хүн гал гарч байна гэхэд маш хурдан мэдээллийг тархиндаа авч зугтаж гарахаа боддог. Үүн шиг сошиал мэдиад сөрөг мэдээллүүд хурдан тархах шинжтэй байдаг. Тийм мэдээллүүд тархаад байхаар сошиал медиагийн компанид тусна.
Яагаад гэхээр олон хүн байгаа газар маркетинг буюу сурталчилгаа хийж болно. Тэгэхээр фэйсбүүк юу гэж шүүмжлүүлсэн бэ гэхээр өөрсдийнхөө ашиг орлогын төлөө фэйк ньюс, сөрөг мэдээлэл, дайралт зэргийг өөгшүүлж байна гэдэг асуудалд орсон. Ингэсээр байгаад сошиал медиа компаниуд өөрсдөө дотроо гол бодлогыг шинэчилж эхэлж байна. Дараагийн шийдэл нь хууль. Энэ нь нийгмийн шинжлэх ухаан талдаа илүү зохицуулалт л даа. Хууль бол гарцаагүй байх ёстой. Бид анхнаасаа аливаа нийгмийнхээ харилцааг хуульгүй зохицуулж чадах байсан бол төгс төгөлдөр оюун ухаантай, ёс зүйн хувьд өндөр хөгжсөн төрөл байна. Ийм төрлийнхнийг анархи гэдэг. Монголд үүнийг буруу ойлгодог. Анархиги хаос гэх эмх замбараагүй байдалтай дүйцүүлж ойлгоод байдаг. Тэр бол каос буюу өөр хэлбэр. Анархи гэдэг нь төр хэрэггүй, зохицуулалт хэрэггүй. Хууль хэрэггүй өндөр түвшинд хөгжсөн нийгмийн бодьгалыг хэлж байгаа юм.
Бид тийм биш. Зам дээр цагдаа зохицуулж л байхгүй бол мөргөлддөг. Гарч ирээд зодолддог. Нэг нэгнээ шанааддаг. Бидний төлөвшил хөгжлийн хувьд өнөөдөртөө бидэнд төр хэрэгтэй. Зохицуулалт хэрэгтэй. Хууль хэрэгтэй. Ийм болохоор л өнөөдөр бид Засгийн газрыг тэжээж байгаа шүү дээ. Өөрсдийнхөө дундаас хэдэн хүн сонгоод, төсөв өгөөд, татвар төлөөд, зохицуулалт хий гэж байгаа юм. Энэ ерөнхий дүрэм зарчим нийгмийн бүх асуудалд үйлчилнэ.
-Сошиал медиа дахь хүний эрхийн зохицуулалтыг хэрхэн хангах вэ?
-Хүний эрхийн ойлголт бол ёс зүйн явцуу ойлголт. Хүний эрхээс өргөн агуулгын хүний эрхэм чанар тийм үү. Бүр өргөн агуулгын хүймонизмийн буюу хүмүүнлэгийн асуудал. Ёс зүйн асуудлууд байна. Үүнийг бид хоорондоо хараахан зохицох чадвартай болоогүй байгаа энэ түвшинд хуулийн зохицуулалт хийх гарцаагүй шаардлагатай.
-Нөгөө талаасаа сошиал орчин нэг хүнийг бай болгож харааж зүхдэг, шүүмжилдэг, шүүдэг орчин болчихлоо шүү дээ...
-Тэр бол targeted transment онилсон дайралт. Тэгээд цахимаар буллидэх, гадуурхах үзэгдэл. Монголчууд өдөрт дор хаяж нэг хүн сонгож авч дайралт хийдэг гэхэд хилсдэхгүй болчихлоо. Үүнийг бид эхлээд анализ хийж ойлгох хэрэгтэй. Яагаад ингэж байна вэ гэдгийг нь. Энэ нь өөрөө сошиал эконимик буюу нийгэм эдийн засаг талаасаа учир шалтгаанууд байна. Соёлын шалтгаан байна. Дайруулж байгаа гэхээсээ илүү дайрч байгаа тал нь өөрөө эмгэг асуудалтай байдаг. Өөрсдөд нь өвчин байна шүү дээ. Өөрсдөд нь ямар нэгэн золиос, ямар нэгэн хүнийг хэрэглэж байж тэр өдөр өнгөрдөг. Өөрийнх нь ажил бүтдэг юмуу. Тиймэрхүү асуудал нийгэм талдаа байгаад байна. Жишээ нь, бид хүмүүсийн боломжийг өгөхгүй байж мэднэ. Хүмүүс боломж нэхээд бухимдаж байгаа ч юмуу. Монгол хүн юунд бухимдаж байна. Яагаад хажуугийнхаа нэг монгол хүнийг шонд өлгөхгүй бол сэтгэл амар тайван амьдарч чадахгүй байна вэ. Үүнийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа бодлого тодорхойлж байгаа тэдгээр хүмүүс. Би хувьдаа ингэж боддог.
Би өөрөө targeted transment-д их өртдөг. Ерөнхийдөө дайрч байгаа дайруулж байгаа хоёр тал хоёулаа хохирдог. Яагаад гэхээр тэр хүний өөрийнх нь асуудал маш гүн гүнзгий. Өөрийнх нь асуудал шийдэгдэхгүй болохоор бусад руу дайрч аргацаадаг. Түүнээсээ болж өөрөө өөрийгөө төөрөгдөлд оруулж амьдардаг. Тэгээд суугаад байхаар нөгөө асуудал нь улам хүндрээд л байна. Ер нь маш асуудалтай, ямар ч аз жаргалгүй хүн л тийм зүйл хийж сууна шүү дээ. Юм хийж байгаа завгүй, ухаан санаа нь бүтээх хөдөлмөрлөх бодлоор дүүрэн хүнд тийм зүйл хийж явах зай байхгүй. Иймэрхүү нийгмийн нөхцөл байдалд ялагч гэж байхгүй.
-Эцэст нь асуухад, сошиал орчны боловсролыг яаж олж авах вэ?
-Боловсролыг хүн яаж олж авдаг билээ, ухамсрыг яаж өөрчилдөг юм яг л тэр замаараа л явна. Бид хамгийн гол нь мэдлэгээ нэмэх хэрэгтэй байна. Энэ тухай маш сайн харилцан яриа явах хэрэгтэй. Диалогууд, хэлэлцүүлгүүд гэх мэт. Монголд соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг хүмүүст хүрдэг сувгууд бий. Түүгээр дамжуулаад л боловсруулах хэрэгтэй. Юмыг гэнэт хүчээр өнөөдөр шийднэ гэхээсээ илүү яаж хүний ухамсартай явах вэ гэдэг тэр л жамаараа явна. Өөр онцгой гойд шийдэл байхгүй.
С.Отгонбаяр
Сэтгэгдэл (0)