CNN: Украин дайныг хурдан дуусгаж чадна гэдэгт АНУ эргэлзэж байгааг нууц баримт бичгүүд харуулж байна

ВАШИНГТОН. /CNN/. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан Пентагоны маш нууц баримт бичгүүд нь АНУ Украины дайны явцын талаар гутранги төсөөлөлтэй байгааг харуулж байна гэж "СNN" суваг мэдээлжээ. 

 

Уг баримт бичгүүдэд Украины зэр зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах системийн сул талыг тодотгож, ирэх саруудад дайны явц мухардалд орно гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.

 

Энэ оны хоёр, гуравдугаар сарын өдрүүдээр огноолсон энэ баримт бичгүүдэд Киев Оросын эсрэг хаврын сөрөг довтолгоонд бэлтгэж буй энэ үед Украины цэрэг зэвсэгт сул талууд олон байгааг дэлгэрэнгүй тодорхойлон бичжээ. Тухайлбал, зарим баримт бичигт Украины фронтын тэргүүн эгнээний цэргүүдийг хамгаалах дунд тусгалын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг “Оросын тал тавдугаар сарын 23 гэхэд үндсэндээ тооцоолж мэднэ” гэж анхааруулж байгаа нь Орос удахгүй агаарын довтолгооны хувьд давуу талыг олж авах, Украин сөрөг довтолгоонд хуурай замын цэргийн хүчээ төвлөрүүлэх чадвараа алдаж болзошгүйг харуулж байгаа аж.

 

Баримт бичгүүдэд мөн Оросын өөрийнх нь цэргийн довтолгоотой холбоотой асуудлууд хэвээр байгааг дурдаад, үр дүнд нь ойрын ирээдүйд хоёр тал мухардалд орно гэж таамаглажээ.

 

“CNN” суваг дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл бүхий албаны хүмүүсийг эх сурвалж болгон мэдээлэхдээ, эдгээр баримт нь Пентагоны удирдлагууд, тэр дундаа Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли тэргүүтэй хүмүүст зориулан бэлтгэсэн өдөр тутмын тагнуулын товч мэдээллийн нэг хэсэг бололтой гэжээ. 

 

Ихэнх нь "маш нууц" гэсэн тэмдэглэгээтэй баримт бичгүүдийг задруулсан нь үндэсний аюулгүй байдлыг ихээхэн алдагдуулж байгаа бөгөөд Хууль зүйн яам эдгээр баримтыг хэн задруулж болох талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол Пентагон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг шалгаж байна гэж “CNN" мэдээлсэн байна. 

 

Баримт бичгүүдэд Украины дайны явцад хийсэн дүгнэлтээс гадна АНУ-ын холбоотнууд болон өрсөлдөгчдийн аль алиных нь талаар цуглуулсан мэдээллүүд байгаа аж. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)