"Сайн дурын оюутан" хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ

Хотын удирдлагын багт залуус ажиллаж байгаа нь нэг талдаа нийслэлийн ирээдүйд гэрэл гэгээ нэмсэн хэрэг гэдгийг олон нийт хэлж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оюутнуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, сурах хөгжих боломжийг нэмэгдүүлэх, санал санаачилгыг нь сонсох зорилгоор “Сайн дурын оюутан” хөтөлбөр санаачлан эхлүүлж, оюутан залуустай уулзаж байгаа аж.

Тус цуврал уулзалтаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудтай зохион байгуулж эхлүүлсэн. Тэгвэл үүний үр дүнд тус сургуулийн оюутнууд сайн дурын цалинтай хөтөлбөрт хамрагдаж эрсдэлт бүлгийн айл өрх, хүүхэд багачуудад үзлэг хийхээр захын хороодод хуваарилагдан ажилдаа гарчээ.

Үүнийг зөвхөн анагаахын салбарт аваад үзэхэд сайн тал маш олон бий. Ахлах ангийн оюутнууд тэртээ тэргүй эмнэлгүүдэд дадлага хийдэг. Харин эрсдэлт бүлгийг иргэд, үйлчилгээнээс хол захын хороодын иргэдэд үйлчлэх нь маш зөв зүйтэй санаа. Нэгдүгээрт, үйлчилгээ хол, өөрсдөө эмнэлэгт ирж үзүүлж чадахгүй байгаа иргэдэд том тус болно. Хоёрдугаарт, амьдралын халуун цэг дээр ажиллана гэдэг оюутнуудад өөрсдөд нь ихээхэн ач тустай. Гуравдугаарт, тэд дадлагаа ч хийж, иргэддээ ч үйлчилснээр цалин хөлс авч байна. Энэ нь орчин цагийн нөхцөл байдалд уялдсан сайн менежмент гэдгийг анагаахын салбарынхан ам сайтай байна.

Энэ тухайд Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Оюутнуудтай хийсэн цуврал уулзалтуудын маань үр дүн гарсаар байна! Жишээ нь: Анагаахын салбарын оюутнууд сайн дурын цалинтай хөтөлбөрт хамрагдаж эрсдэлт бүлгийн айл өрх, хүүхэд багачуудын үзлэг хийхээр захын хороодод хуваарьлагдан ажилдаа гарч байна. Оюутнуудаа мэргэжлийн дагуу цалинтай дадлага хийж, сайн мэргэжилтэн болоход дэмжих зорилготой" хэмээсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)