М.Энхбадрал: УИХ-ын тамгын газар гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг хууль зөрчин нууцалж байна
- 2023-04-17
- Үнэн
- 1
Социологич, улс төр судлаач М.Энхбадралтай мэдээллийн ил тод байдлыг хангах асуудал болон одоо ид яригдаж буй зарим хуулийн талаар ярилцлаа.
- УИХ-ын гишүүд аль хууль журам дээр ямар санал өгсөн нь нийтэд тодорхой байх ёстой гэдэгт олон нийт санал нэгддэг. Таны хувьд үүнийг тодорхой болгохыг шаардсан ажлуудыг хийж эхлээд байна. Ард түмнийг төлөөлж ажиллаж байгаа тэр хүмүүсийн санал яагаад нээлттэй байдаггүй юм бол?
- УИХ төлөөллийн байгууллага. Тэр утгаараа өөрсдийнхөө өмнөөс төлөөлж сонгосон УИХ-ын гишүүдийг ажлаа хэрхэн хийж байгааг иргэд харах, хяналт тавих ёстой. Харамсалтай нь, хууль, тогтоолууд батлахад УИХ-ын гишүүн тус бүр ямар санал өгсөн талаарх мэдээлэл хаалттай байна. Иргэдийг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүд хууль, тогтоол батлахад дэмжиж, эсвэл татгалзаж санал өгсөн талаарх мэдээлэл нээлттэй байх ёстой. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Мөн УИХ- ын тухай хуульд “УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж, асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Түүнчлэн Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар ч нээлттэй хуралдаанд гишүүдийн өгсөн санал хураалтын дүн нь нээлттэй байх ёстой мэдээлэл юм. Гэвч хууль тогтоомж батлахад УИХ-ын гишүүдийн хэн нь дэмжсэн, эсвэл хэн нь татгалзсан, яг ямар санал өгснийг иргэд мэдэх боломжгүй байна.
-Танай “Цогц хөгжлийн үндэсний төв” “uih.mn” гэсэн платформд гишүүдтэй холбоотой мэдээллүүдийг нэгтгэдэг байх аа. Энэ чиглэлээрээ ч дээрх мэдээллийг авъя гэхэд олдохгүй байна гэж үү?
-Бидний сонгосон төлөөлөл ажлаа хэрхэн хийж байгааг иргэд харах, хяналт тавих боломж бүрдүүлэх зорилготойгоор гишүүдийн намтар, ирц, хууль батлахад өгсөн санал, санаачилж ажилласан хууль, хөрөнгө, орлогын мэдүүлэг, сонгуулийн түүх зэрэг мэдээллийг нэг талбараас авдаг болгохоор бид ажилладаг. Гэтэл бид 2020 оноос хойш УИХ-ын Тамгын газарт гишүүд хууль батлахад ямар санал өгч байгаа тухай мэдээллийг авахаар нийт дөрвөн удаагийн хүсэлт, хоёр удаагийн гомдол гаргасан ч мэдээллийг авч чадаагүй. Тиймээс иргэдийн мэдэх эрхийн зөрчилтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаад байна. Мөн бидний зүгээс “Мэдэх эрхтэй” аяныг эхлүүлж байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагын мэдээлэл авахыг хүссэн удаа дараагийн хүсэлтэд татгалзсан хариу өгч, нээлттэй байх ёстой мэдээллийг нууцалж байгаа нь хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл болж байна. Уг эс үйлдэхүй нь ил тод байдлын эсрэг, УИХ нь ил тод байдлыг хангах сонирхолгүй байна гэж бид үзэж байгаа тул энэхүү аяныг эхлүүлсэн.
-Аян өрнүүлэх ажлыг хэн ч, хэзээ ч зарлаад явуулчихдаг. Гол нь үр дүн шүү дээ. Та бүхний энэ арга хэмжээ хэр үр дүнтэй болж чадах бол?
-Сонгогчид бид мэдэх эрхтэй. Биднийг төлөөл гээд төрд илгээсэн тэр хүмүүс нь өөрсдийнх нь асуудлыг шийдэх аливаа нэгэн хуулийг батлахад яг ямар санал өгч байгааг мэддэг болно. Дэмжсэн, татгалзсан, аль эсвэл оролцоогүй аль нь болохыг бид мэдэх боломжгүй байж ирлээ. Иргэний нийгмийн байгууллагууд нь нэхээд хөдөлдөггүй юм бол бүх нийтээрээ шаардаад үзэх хэрэгтэй. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Аяны хүрээнд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас хэдэн зуун өргөдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хаяглан хүргүүлнэ. Тодруулбал, 2020 оны сонгуулиар байгуулагдсан одоогийн парламентын баталсан бүх хууль, тогтоолын төслийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн мэдээллийг нээлттэй болгож, УИХ-ын гишүүдийн хууль батлах санал хураалтад өгсөн санал тус бүрийн мэдээллийг ирүүлэх тухай өргөдлийн загвар гаргасан. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд аянд нэгдэж, өргөдлийн нэгдсэн загварыг бөглөн УИХ-д хүргүүлэх юм. Ингэснээр нэгдүгээрт, мэдээллийг нээлттэй болгоход нөлөө үзүүлэх, хоёрдугаарт, иргэд төрийн байгууллагуудад тодорхой асуудлаар хандах, өргөдөл гаргаж, хариуг нь авдаг зөв хэвшилд суралцах ач холбогдолтой. Өргөдөлд нэгдэхийг хүсвэл “info@uih.mn” цахим шуудан болон “uih.mn” фэйсбүүк хуудсаар бидэнтэй холбогдоорой.
-Өчнөөн амлалт өгөөд иргэдээс илгээлт аваад явчихдаг. Яг юу хийв гэхээр хэлэх юмгүй, иргэд ч мэддэггүй. Ер нь ил тод байдлыг хангаагүйгээс бид юуг алдсан гэж та хэлэх вэ?
-УИХ-ын чуулганы хуралдааны шууд дамжуулалтын дүрс бичлэгээс харахад хуулийг эцэслэн батлах үеийн санал хураалтын дүнгийн зөвхөн эхний хэсгийг дэлгэцэд харуулаад өнгөрдөг буюу саналын мэдээлэл бүрэн нээлттэй харагддаггүй. УИХ-ын чуулганы нэгдсэн тэмдэглэлд нээлттэй хуралдаанд гишүүн тус бүрийн санал хураалтад өгсөн саналын мэдээлэл ордоггүй нь хууль зөрчсөн, иргэдийн мэдэх эрхийг боогдуулж байгаа хэрэг. УИХ өөрийн баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь байж болшгүй зүйл. Хуулийн биелэлтийг хангаж үлгэр жишээ болох институт нь УИХ, түүний Тамгын газар байх ёстой.
Уг мэдээллүүд ил тод болсноор УИХ-ын гишүүдийн хариуцлага дээшилж, сонгосон гишүүндээ тавих иргэдийн хяналт сайжирна. Нууц зүйлийн цаана заавал асуудал нуугдаж байдаг. Ил тод байдал нь ардчиллын тулгуур зарчим, баталгаа болохоос гадна ил тод байдлыг хангасан нийгэмд төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, иргэд сонгогчдын боловсрол дээшилж, сайн засаглалын суурь болдог. Ардчилсан засаглалыг ил тод байдалгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.
-УИХ-аар Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна. Таны хувьд эдгээр хуулиад олон нийтэд нээлттэй, ил тод байдлаа хангаж чадаж байгаа гэж үзэж байна уу?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удахгүй өргөн баригдана. Ийм чухал ач холбогдолтой хуулиудыг хэлэлцэн батлахад иргэний оролцоог хангах, хэлэлцэх процессыг нь нээлттэй байлгах ёстой. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэхэд иргэдэд нээлттэй бус байна. Уг нь ажлын хэсгийн гишүүдийнх нь мэдээллийг танилцуулж, төслийг нь ил тод болгож, иргэдээс ирүүлсэн аль саналыг төсөлд тусгасан талаарх товъёг нээлттэй байлгах ёстой.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд жагсаалтын хэсэгт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч, тавь тавин хувийн харьцаатай байхаар оруулж ирсэн нь дэвшилтэт зүйл боллоо гэж үзэх хүмүүс байна. Бас квот дээр янз бүрийн санал сонсогдох юм?
-Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах нь гайхаж, цочирдож хүлээж авах зүйл биш. Төлөөллийн зарчмын дагуу олон талын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажллах ёстой. Төлөөлөл тэнцвэртэй бус байгаа хэсэгт зохицуулалт хийх буюу квотыг ашиглах нь боломжит аргуудын нэг л хувилбар. Хүйсийн квотыг Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд тусгаж байгаа нь сайшаалтай. Харин үүнийг хэрэгжүүлэх механизм, хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгахаас хэрэгжилт үр дүн нь шууд хамаарна.
Тухайлбал, улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхдээ үүрэг хариуцлагыг санхүүжилттэй нь уях замаар хэрэгжилтийг хангах нь хамгийн үр дүнтэй нь батлагдсан. Түүнчлэн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүйсийн төлөөллийг тэнцвэржүүлэх зорилгоор намын нэрсийн жагсаалтын хүйсийн харьцааг тавь, тавь байхаар тусгасан байна. Гэвч намаас гаргасан нэр дэвшичгдийн лист нь хөдөлгөөнгүй байсан тохиолдолд хүйсийн тэнцвэр хангагдана. Эс бөгөөс энэ нь урьдын л адил бэлгэ тэмдгийн шинжтэй зохицуулалт болох эрсдэлтэй тул олон нийт, сэтгүүлч, судлаачид үүнийг анхаарч, шаардлагаа тавих нь зөв.
Э.МӨНХТҮВШИН
Сэтгэгдэл (1)
(139.5.216.130)
Мангар ба галзуу эрүүгийн гэмт хэрэгтнүүд ингэдэг юм.