Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
- 2023-04-17
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм.
Тухайлбал, барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд давхардсан тоогоор 733 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Барилгын ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдэгдэл хүргүүлжээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх үүрэг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 2023 онд нийт найман удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Одоогийн байдлаар гурван удаа зохион байгуулсан. Түүнчлэн нийтийн тээврийн 925 автобусанд өдөр тутам гадна, дотор цэвэрлэгээ хийж байна.
Нийслэлийн хэмжээнд 1400 гаруй СӨХ, хүүхдийн тоглоомын 1600 талбай бүртгэлтэй байдаг. “Хотоо угаая” аяны хүрээнд 257 СӨХ хүүхдийн тоглоомын 288 талбай болон гадна орчинд чийгтэй угаалга цэвэрлэгээ хийжээ. Мөн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бууруулах зорилгоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд дахивар хог хаягдал авах урамшуулалт өдөрлөгийг зохион байгууллаа.
“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” дөрөвдүгээр сарын 20-нд болно. Форумын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Форумыг Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн. Олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гадаадаас 100 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Форумын https://ubif.mn/ цахим хуудас ажиллаж эхэлсэн бөгөөд бүртгэл хийж байгаа” хэмээлээ. Форумын хүрээнд 15 гэрээ, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Хотын дарга бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.
Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долоон хагарал байна
Улаанбаатар хотын газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа. Тэрбээр “Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар болон хот орчмын бүс нутагт 404 удаа газар хөдөлсөн. Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 12 мянга гаруй удаа газар хөдөлсөн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 68 удаа бүртгэгдлээ. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долоон хагарал байна” гэлээ.
Барилга хоорондын зай бариагүй, аюулгүй байдал хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ
Нийслэлийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас барилга, байгууламжийн чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдол, барилгын чанар, стандартын зөрчил, өнөөгийн нөхцөл байдлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам мэдээлэл өгөв. Тэрбээр “Он гарснаас хойш 375 өргөдөл, гомдол, хүсэлт ирсэн. Тухайлбал, хот төлөвлөлтийн норм, дүрэм, стандартын тухай 67, барилга угсралтын чанарын тухай 143, барилга ашиглалтын үед гарч буй зөрчлийн тухай 43, орон сууцны контор, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 122 өргөдөл гомдол, хүсэлт ирсэн” гэлээ. Барилга хоорондын зай бариагүй, орц, гарц, авто зогсоол хүрэлцээгүй, барилгын талбай, хашааны аюулгүй байдал хангаагүй, барилга ашиглалтад авсны дараа зориулалт өөрчилж, техникийн давхарт айл амьдруулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Хийн баллон ашиглаж буй ресторан, хоолны газар 1200 орчим байгаагаас орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж буй 420, зөрчилтэй 100 гаруй үйлчилгээний газар байна.
Хотын дарга аюулгүй байдлын зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхийг санууллаа.
Өдрийн худалдаа эрхлэх 30 байршлын тохижилтыг боловсруулав
Барилгыг паспортжуулах ажлын явц, түр худалдаа үйлчилгээ эрхлэх байршлын талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх 30 байршил буюу 10 га талбайд тохижилтын ажлын даалгаврыг боловсруулж, есөн дүүргийн ЗДТГ, УБЗАА-нд хүргүүлэхээр бэлдсэн. Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцны болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг 1844 барилга байна. Үүнээс 944 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж, паспортжуулсан. Үлдсэн 900 барилгад үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 1831 ТҮЦ байна
Нийслэлийн хэмжээнд 1831 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байгаагаас 106 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлжээ. Дүүргийн удирдлагууд энэ талаар болон шаардлага хангахгүй хаяг, сурталчилгааны байгууламжуудыг буулгах, тоглоомын талбай засварлах ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн шинээр оруулж ирсэн хүүхдийн автобуснууд үйлчилгээнд явж байгааг хэлж байв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Өнгөрсөн долоо хонгоос ТҮЦ буулгах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд 40 ТҮЦ нүүлгэн шилжүүлээд байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-ийг нүүлгэх ажил эхэлж, дуусах шатандаа явж байна. Хоёр том байршил буюу “Драгон”-ы автобусны буудалд 23, Таван шард 32 ТҮЦ бий. 2022 оны аравдугаар сараас ТҮЦ эрхлэгчдэд мэдээлэл хүргэж, гэрээ байгуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс нүүлгэж эхэлсэн. ТҮЦ-нд архи, тамхи зардаг гэх мэдээлэл иргэдээс олон ирж байна. ТҮЦ эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам, талбайд бус, орон сууцны дунд байршил зааж өгдөг. Гэтэл орлого ордоггүй гэх шалтгаан хэлж байна. 11 ТҮЦ-ийг орон сууцны дунд байрлуулсан. Эзэн нь тодорхойгүй, давхар түрээслүүлсэн ТҮЦ ч байна” гэсэн юм. Тус дүүрэгт тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайн 94 байршил байгаа бөгөөд нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг эхлүүлжээ. Мөн сурталчилгааны өнгө үзэмжгүй самбарыг буулгах ажлын хүрээнд аян зарлаж, буулгах ажлыг зохион байгуулж байна.
Налайх дүүргийн хувьд тоглоомын талбай, зар сурталчилгааны самбаруудын шаардлагыг хангуулан ажиллаж байгаа гэлээ. Баянзүрх дүүрэг ТҮЦ арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, гуравдугаар сард 480 гаруй ТҮЦ эрхлэгчтэй уулзаж, дүүргээс баримталж байгаа бодлогоо танилцуулжээ. Явган хүний гарцыг хаасан, зөвшөөрөлгүй газар байрлуулсан ТҮЦ эрхлэгчдэд шаардах хуудас өгөхөөр төлөвлөсөн байна. Стандартын бус 495 хаяг байгаагаас 198 хаяг реклам, 71 тулгуурт самбарыг буулгуулжээ. Хүүхдийн тоглоомын талбайг угааж, цэвэрлэхээс гадна аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байгааг хэлж байлаа.
Баянгол дүүрэг ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Харин энэ долоо хоногт дугуйн зам хаасан зэрэг зөрчилтэй 23 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Стандартын шаардлага хангахгүй 485 хаяг, 226 самбар буулгажээ. Сүхбаатар дүүргийн тухайд 25 байршилд ТҮЦ нүүлгэн шилжүүлнэ. Мөн шаардлага хангахгүй 58 самбарыг буулгажээ.
Чингэлтэй дүүргийн хувьд Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Хүүхдийн тоглоомын талбайн засвартай холбоотой зардлыг шийджээ. Хан-Уул дүүрэг мэдээллийн 78 самбар, 43 А самбар, хайс, хашлага дээр наасан 555 хулдаасан хэвлэлийг буулгасан. 1775 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэнэ.
Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг буурсан
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2730 бүртгэгдсэн нь 13.6 хувиар буурсан үзүүлэлт. Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг буурсан дүн мэдээтэй байна. Нийт 1246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 32.5 хувиар буурсан” хэмээв. Мөн хүний биед халдах, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах зөрчил буурчээ.
Төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг нийслэлийн хэмжээнд судалж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат “Найман дүүргийн хэмжээнд 33 нэр төрлийн ажил, үйлчилгээг дүүргийн өмчит 23, хувийн хэвшлийн есөн байгууллага гүйцэтгэж байна. Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Багахангай гэсэн таван дүүрэг 10 нэр төрлийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж саналаа ирүүлсэн” хэмээлээ.
1010 иргэнийг ажилд зуучлав
Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Өнгөрсөн долоо хоногт 527 ажил олгогч 2232 ажлын байр зарласан. Энэ хүрээнд байнгын болон түр ажлын байрны 2144, цагийн ажлын байрны 88 захиалга авлаа. 3848 иргэн ажил хайгчаар бүртгүүлснээс хөгжлийн бэрхшээлтэй 44, байнгын болон түр ажлын байранд 3322 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 1010 иргэнийг ажил зуучилснаас 26 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна” хэмээв.
Гэр бүл, хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Өнгөрсөн долоо хоногт 108 утсанд 168 дуудлага ирсэн. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл 76, сэтгэл санааны хүчирхийлэл 32, үл хайхрах хүчирхийлэл 30, үе тэнгийн хүчирхийлэл 10 бүртгэгдсэн. Өсвөр насны хүүхдийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 45.3 хувийг эзэлж байна. Түр хамгаалах 14 байр нь 68 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 65 нь хүүхэд байсан” гэлээ.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC барилга, байгууламж барихгүй”
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “2009 онд НИТХ-ын тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 1280 га талбайтай баталсан. Гэвч 2014 онд 307 га хасагдаж, 973 га талбайтай баталсан юм. Үүнээс 183 га-д нь ерөнхий төлөвлөгөө баталж, энэ дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийж байгаа. Улс, нийслэлийн төсвөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийж ирсэн. 2016 оноос улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт зогсож, 2021 оноос эргэж сэргэсэн. Бид 2021-2022 онд тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс татсан. Жишээ нь, дотоодын хөрөнгө оруулалтаар 2010 онд Цагдаагийн талбай, 2017 онд JCI-н талбай, 2018 онд Дайчин чанар, тэсвэрийн талбайг байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтаар 2013 онд Сөүл хотын захиргааны санхүүжилтээр Сөүлийн талбай, 2018 онд БНХАУ-ын Байгаль орчны яамны санхүүжилтээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC тохижилт хийж байгаатай холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд түгээд байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд ерөнхий төлөвлөгөөний тохижилтын даалгавартай хэсэгт тохижилт хийж байгаа. Ногоон байгууламж сүйтгэсэн зүйл байхгүй. Нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийнэ. Ямар ч худалдаа, үйлчилгээ, барилга, байшин барихгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залууст зориулсан, ая тухтай орчин бүрдүүлсэн ажлуудыг хийж байгаа” гэлээ. Мөн тэрбээр энэ мэдээлэлтэй холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийн хандлага өөрчлөгдөх, хөрөнгө оруулалтаа буцааж татах вий гэх эмээлт байгааг хэлж байсан юм.
Тус хүрээлэнг анх байгуулсан цагаас хойш ажиллаж байгаа Ерөнхий архитектор Г.Уянга “2011 оны НИТХ-ын 53 дугаар тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ дагуу “Идеал групп” 30 га талбайд нарийвчилсан ажлын зураг зурж, бүтээн байгуулалтыг 2017 онд хийж дууссан. 2013, 2014 онд 25, 50 га талбайд нарийвчилсан ажлын зураг зурж, зураг төсөл бэлэн болсон ч ажил нь хийгдээгүй. Мөн 2019 онд цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 43 га талбайд нарийвчилсан ажлын зураг гарсан ч ажил хийгдээгүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 226 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийхээс 48 га талбайд тохижилтын ажил хийсэн. Үлдэгдэл 180 га орчим талбайд ногоон байгууламжийн ажил хийж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайд бүтээн байгуулалт хийхэд 85 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь тохижилт байна. Одоогийн байдлаар тохижилтын ажил таван хувь, ногоон байгууламж 25 хувьтай байгаа” хэмээв.
KFC зураг төслийн үндсэн концепц болон ерөнхий төлөвлөгөөнд ямар ч өөрчлөлт оруулаагүй бөгөөд зөвхөн нэг метрийн өргөнтэй явган хүний замыг таван метр болгон өргөсгөхөөр төлөвлөжээ. Хотын дарга хувийн хэвшлийн оролцоог хууль, дүрмийн хүрээнд хангах ёстой гэдгийг онцолж байлаа.
Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, танилцуулах.
- Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэх, байршлуудыг тодорхойлох.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
- Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)