Солонгосын дайн
- 2023-04-18
- Нийтлэл
- 0
Монголчууд бид социализмын үед солонгосын дайны тухай үнэн бодит мэдээлэл огт байхгүй байсан. Бид социализмын үед “Солонгосыг америкийн империалистууд довтолж бөмбөгдөж дайн хийсэн гэнэ лээ, хэдэн өнчин солонгос хүүхэд Монголд ирж асрамжийн газар хүмүүжсэн юм гэнэ лээ” гэхээс өөр тоймтой зүйл дуулаагүй байлаа. Бидний үед наяад онд солонгосын “Хонгильдон” хэмээх тулааны кино гарч би л лав аймагтаа энэ киног 7 удаа үзэж билээ. Сүүлийн үед Хятадад болон Өмнөд Солонгост солонгосын дайны сэдвээр хэд хэдэн сонирхолтой кино бүтээсэн байна. Өмнөд Солонгосын “Амьнаас үнэтэй амь”, хятадын “Чосоны усан санг хамгаалсан байлдаан” зэрэг сайн кино гарсныг үзлээ. Дайн солонгосын ард түмэнд ямар их эмгэнэл, үзэн ядалт, хохирол учруулсныг энэ кинонууд сайн дүрсэлж чаджээ. Тэгвэл одоо би та бүхэнд солонгосын дайны тухай үнэн мэдээллийг толиллуулъя.
Дайны өмнөх байдал
1945 оны 8-р сарын 10-ны өдөр Японы Эзэнт улс дайнд бууж өгснөөр дэлхийн цэргийн хамгийн том хоёр орон болох АНУ, ЗХУ Солонгос улсыг 38 дугаар өргөргөөр хоёр хувааж хойд хэсэг нь Зөвлөлтийн нөлөөнд, өмнөд хэсэг нь Америкийн нөлөөнд оров. Хойд Солонгост цэргийн жанжин Ким Ирсений удирдсан коммунист засаглал тогтлоо. Өмнөд Солонгост доктор Ли Сыманы удирдсан Засгийн Газар байгуулагдав. Эдгээр хоёр улсын 1948 онд батлагдсан Үндсэн хуульд эх орноо нэгтгэнэ гэсэн заалт орсон байв. Хойд Солонгосын Үндсэн хуульд солонгосын нийслэл бол Сөүл хот, харин Пхеньян хот бол түр нийслэл хэмээн заажээ.
Дайн эхэлсэн нь
Хойд Солонгос өмнөд Солонгос руу хийх дайныг аль эрт 1948 оны намраас бэлтгэж эхэлжээ.1949 оны эхээр хойд солонгосын удирдагч Ким Ир Сен Зөвлөлтийн Засгийн газарт хандаж “ Өмнөд Солонгосын Ли Сыманы Засгийн Газар ард түмний дунд нэр хүндгүй, бид хэрэв өмнөд Солонгос руу цэргийн хүчээр дайрвал өмнөд солонгосын ард түмэн бослого гаргаж манай талд орно” гэсэн ятгалга явуулж байв.
Сталин хойд солонгосын энэ саналыг эхлээд хүлээн авахаас татгалзаж “Хойд солонгосын арми дайн хийх бэлтгэл муу, хэрэв дайн хийвэл АНУ оролцож дэлхийн цөмийн дайн гарах аюултай” хэмээн үзэж байв. Энэ хугацаанд Зөвлөлт улс хойд Солонгосыг цэргийн зэвсэг техникээр хангаж зөвлөлтийн цэргийн офиецерууд цэргийн эрдэмд хойд солонгосчуудыг сургасаар байв.
Ялангуяа хятадын ардын чөлөөлөх армид алба хааж байсан хятадын харьяат солонгос иргэд олноороо хойд солонгосын армид элсэж тусалсаар байв.Ингээд 1950 оны эхээр Ким Ир Сений өмнөд Солонгост дайн хийх гэсэн удаа дараагийн хүсэлт тавьсныг Сталин зөвшөөрөв. Ким Ир Сен хойд солонгосын армийн дайн хийх бүх бэлтгэлийг хангасны дараа өмнөд Солонгосыг дайрах тушаал өгч 1950 оны 6-р сарын 25-ны үүрийн 04 цагт хойд солонгосын армийн 175 000 цэрэг, “Т-34” танк 150, байлдааны нисэх онгоц 172 гэнэтийн дайралт хийж дайныг эхлүүлэв. Тэр үе өмнөд солонгосын арми 93 000 цэрэгтэй, 30 танктай, 40 байлдааны нисэх онгоцтой л байв. Хойд Солонгос цэргийн талаар илт давуу байв. Тэр дайн эхэлсэн өглөө хойд солонгосын радио, хэвлэл мэдээллэээр “Өмнөд Солонгосын урвагч Ли Сыманы өмнөд солонгосын арми итгэлийг хөсөрдүүлэн манай хойд Солонгосын хилийг даван орж дайрч байна” хэмээн худал суртал ухуулга явуулж эхлэв.
Дайны эхний өдрүүдэд хойд солонгосын улаан арми амжилттай давшиж 6-р сарын 28-ны өдөр нийслэл хот Сөүлийг эзлэв. Өмнөд Солонгосын Засгийн газар амжиж өмнөд нутаг руу дүрвэж чадлаа. Хойд Солонгосын улаан арми 8-р сарын дунд үе гэхэд Солонгос улсын газар нутгийн 90.0 хувийг эзэлжээ. Хойд Солонгосын улаан армийн энэхүү амжилт нь өмнөд Солонгос дайны бэлтгэлгүй байсан, дайн болно гэж бодоогүй байсантай холбоотой юм. АНУ мөн л дайн болохгүй хэмээн бодож байсан, дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ армийн цэргүүдээ олноор нь халаад байлаа. АНУ тэр үед дэлхийн хоёрдугаар дайны холбоотон Зөвлөлт улс, Хятад улс хоёрыг АНУ-ын эсрэг дайн хийхгүй хэмээн итгэлтэй байсан юм. АНУ хятадын коммунистууд болон Чан Кайшигийн цэргүүдийн хооронд болсон иргэний дайнд оролцохгүй гэсэн бодлого барьж байсан юм. Харин АНУ-ын Японд байрлаж байсан генерал Дуглам Макартурын удирдсан цэргийн хүчин л өмнөд солонгосыг хамгаалах ганц гол хүчин болж байв.
Хойд Солонгос болон хятадын коммунистуудын гэнэтийн довтолгоон АНУ-ыг гадаад бодлогоо өөрчлөхөд хүргэв. АНУ өмнөд солонгосын армид бүх талаар тусалж, Тайванийг америкийн тэнгисийн цэргийн 7 дугаар флотоор хамгаалах нь чухал юм гэдгийг ойлгов.
НҮБ дээр Зөвлөлт тэргүүтэй социалист орнууд “АНУ Хойд Солонгосоос савраа тат” гэсэн уриа гаргаж Америкийн Засгийн газрын эсрэг ухуулга явуулав. Өмнө нь Зөвлөлт, Хятадтай холбоотны сайн харилцаатай хэмээн итгэж явсан АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумен Хятад, Хойд Солонгосын коммунистуудын өдөөсөн дайныг хараад, тэдний ард Зөвлөлт улс зогсож байгааг мэдээд аргагүйн эрхэнд гадаад бодлогондоо өөрчлөлт оруулж коммунистуудын аюул занал ямар бодитой байгааг мэдэж ардчилал, хүний эрхийг азид хамгаалах нь чухал боллоо гэдгийг ойлгов. Тийм ч учраас АНУ-ын цэргийг солонгосын дайн эхэлснээс хойш 3 хоногийн дараа өмнөд Солонгост байрлуулж эхэллээ. НҮБ 1950 оны 6-р сард 84-р тогтоол гаргаж өрнөдийн орнууд АНУ-д тусламж өгч эхэллээ. НҮБ-ын цэргийн нэгдсэн удирдлага байгуулагдаж хойд солонгосын армийн дайралтыг эсэргүүцэх тогтоол гаргав. Ингэх хооронд хойд солонгосын арми нутгийн гүн рүү улам давшиж бүслэлтээ хумиж Пусаны ойролцоо бөөгнөрсөн холбоотны арми хүнд байдалд оров. Хойд Солонгосын улаан арми ялахад ганц хуруу дутуу байв.
Дайны явц
Дайн эхний саруудад хойд солонгосын арми Тэжоны давшилт, Нактонганы давшилт хийж Кимган мөрөнийг гаталж өмнөд солонгос болон НҮБ-ын 32 000 цэргийг устгаж, 220 их буу, 20 танк, 540 пулемёт, 1300 автомашин олзлов. Холбоотны арми 1950 оны намар 9-р сарын 15 ны өдөр сөрөг давшилтад оров. Энэ сөрөг давшилтад өмнө солонгосын 5 дивиз, америкийн 5 дивиз, 500 танк, 1600 их буу, 1100 байлдааны нисэх онгоц оролцов. Мөн яг энэ үед холбоотны арми “Хромит” ажиллагаа явуулж тэнгисийн 1 дүгээр дивиз, хуурай замын 7 дугаар дивиз болон Британий армийн тусгай хүчнүүдийг солонгосын Инчонд десант буулгаж дараагийн өдөр Сөүл хот руу дайрч хойд солонгосын хамгаалалтын бүсийг нэвтэрч 9-р сарын 27 ны өдөр нийслэл хот Сөүлийг эзлэв. Холбоотны арми урагш давшсаар 10-р сарын 8 ны өдөр 38 дугаар параллельд хүрэв.10-р сарын 11-ний өдөр холбоотны арми хойд солонгосын нийслэл Пхеньян хот руу давшив. Хойд солонгосын арми 2 том хамгаалалтын зурвас байгуулсан боловч холбоотны арми урагшилж 10-р сарын 20 нд 5000 хүнтэй холбоотны десант Пхеньяны хойхно 40 км-т бууж хойд солонгосын нийслэлийн араас нь дайрч нийслэл Пхеньяныг эзлэв. 9-р сарын эцсээр хойд солонгосын арми Холбоотны армид устгагдах нь тодорхой болов. 10-р сарын 8 ны өдөр Холбоотны арми 38 дугаар параллелийг давж хойд солонгосын нутаг руу орлоо.
Яг энэ хүнд үед хятадын удирдагч Мао Зедун Хятадын армийг Солонгостой хиллэдэг Ялу мөрний орчим байрлуулав. Хятадын ерөнхий сайд Жоу Энльлай яаралтай Москва нисч Сталинаас цэргийн тусламж хүслээ.Сталин хятадуудад зөвхөн агаараас дэмжиж туслана, буу зэр зэвсэг, автомашинаар тусална гэв. Зөвлөлтийн хамгийн сүүлийн үеийн “Миг-15” онгоцнуудыг агаарын тулаанд оруулж америкийн онгоцнуудтай тулалдаж байв. 1950 оны 11-р сарын 25-ны өдөр хятадын улаан арми өмнөд солонгосын нутагт орж, хурандаа генерал Пэн Дэхуагийн удирдлагаар 270 000 цэрэг Холбоотны армийн эсрэг довтлов. Хятадууд энэ армиа “хятадын сайн дурын цэрэг” хэмээн нэрлэдэг байв. Хятадын армийн хурандаа генерал Пэн Дэйхуагийн тактик их өвөрмэц байв. Хятадууд 50-200 хүний бүрэлдэхүүнтэй рот цэргээр дайрдаг байв. Тэд өдөр нь ууланд нуугдаад шөнө нь дайрдаг тактик хэрэглэснээс болж холбоотны цэрэгт их хохирол учруулж байв. Хятадын арми хөнгөн зэвсэгтэй, зөвхөн буу, пулемёт, миномёттойгоор шөнө нь хол газрыг туулж өдөр нь ууланд нуугдаж шөнө нь дайралт хийж их эрэлхэг зоригтой ухаалаг байлдаж байв. АНУ-ын арми орчин үеийн танк их буутай, өдөр нь агаарыг эзэмдэж олон зуун нисэх онгоцоор бөмбөгдөж байсан боловч томоохон амжилт олохгүй л байв.
Хятадын арми ялалтандаа эрдэж хэт урагш довтолж ар талын хангалтаасаа алслагдаж хүнс хоол болон сум байлдааны хэрэгслэл дутаж бүслэлтэд орж хүнд байдалд орж байв. АНУ-ын генерал Рижуэгийн соронзон байлдааны тактик их үр дүнгээ өгч байв. Энэ тактик нь хэрэв хятадын арми довтолвол ухраад л байдаг, нилээн хол ухарч байснаа гэнэт эргээд дайрдаг тактик юм. Ялалтандаа улайрсан хятадын улаан армиийн цэргүүд хэт урагшаа довтолж сум хэрэгслэлээ барж, хүнсний зүйлээ дуусгаж өлссөндөө болоод бүр сүүлдээ чулуу хүртэл хэмлэж байжээ. Хятадын арми гэнэдүүлэн гэнэт дайрдаг аргаараа америкийн 8-р армийг довтолж тэд Ханган мөрний өмнөдөөр хамгаалахад хүргэж байв. Холбоотны цэрэг үүнийг үл хайхран Ялу мөрний зүг давшсаар байв. 11-р сард хятад цэрэг хоёр дахь давшилтаа эхлэв. Пхеньян болон Ханган мөрний хооронд хамгаалалт хийж байсан америк цэргүүдийг хамгаалалтаас нь гаргах аргыг Пэн Дэхуай сэдэж сандран ухарч буй дүр үзүүлж үүнд нь хууртсан Макартур дивизээ давшуулж мэхэнд нь унав.
Хятад цэрэг холбоотны 420 000 цэргийг баруун талаас нь бүсэлж америкийн 8-р армийн жигүүрт цохилт өгөв. 8-р армид туслах ёстой байсан Туркийн бригад тусалсангүй. Хятад цэрэг Америкийн дивизийг бут цохиод туркийн бригадыг дайрч туркийн цэргийн 70.0 хувийг устгав.
1951 оны 1-р сарын 4-ний өдөр хойд солонгос болон хятадын улаан арми Сөүл хотыг буцаан эзлэв. Хятадын армийн удирдагч Пэн Дэхуай цэргээ нэмэгдүүлж 800 000 хятад цэргийг бөөгнөрүүлэв. Хятадууд хүний тоогоор илүүрхэж байлаа. Холбоотны 10-р корпус ухрав. Америкийн нэгдсэн корпусын командлагч генерал Уокер автын осолд орж нас барав. Түүний оронд генерал Мэтью Рижуэй ирж санаа сэтгэлээр унасан холбоотны армийг сэхээхээр шийдэв. Рижуэй ирмэгцээ америкийн генералуудаас хятадын арми хаана байна вэ? гэж асуухад тэд хаана байгааг нь хэлж мэдэхгүй байв. Тэд “манай америкийн тагнуулын нисэх онгоцны мэдээг үзэхэд хятадын ямар ч цэрэг илрээгүй” гэв. Рижуэй өмнөх командлал тактикийн алдаа гаргаж байсныг мэдэж ууланд бүгсэн хятад цэргийг напалмын бөмбөгөөр бөмбөгдөх, соронзон байлдааны тактикийн аргаар дайсан дайрвал ухраад гэнэт эргэж сөрөг довтолгоо хийх, дайсны ар талын хүнсний болон байлдааны хангамжийг бөмбөгдөж устгах, дайсны ар талд десант буулгах зэрэг шинэ тактикийг хэрэглэж амжилтад хүрэв. Хойд солонгосын армийн давшилтыг эхлээд зогсоож дараа нь холбоотны цэргийн сөрөг давшилтыг эхлүүлэв. Хойд солонгосын арми хойд зүг рүү ухарч Ханган мөрний цаад талд гарав.
АНУ-ын генерал М.Рижуэй агаарын бөмбөгдөлт, их бууны бэлтгэлийг сайн хийж “махан таташ” гэсэн ажиллагаа нь амжилттай болов. М.Рижуэй 2 чиглэлээр сөрөг довтолгоо хийж Ханган мөрнийг гаталж нийслэл Сөүлийг эзлэв. Энэ ажиллагаа амжилттай боллоо. 4-р сарын 22-24 ний өдрүүдэд хойд солонгос болон хятадын цэргүүд давшилт хийж ширүүн тулалдаан болж Британий 29-р бригадын дөрөвний нэг устгагдаж, 20 000 америк болон өмнөд солонгосын цэрэг олзлогдов.
Хятадын арми 70 000 цэргээ алдлаа.Хятадын цэргүүд ч тактикаа өөрчилж окоп ухдаг байсан бол газар доогуур нүхэн хонгил малтаж америкийн агаарын бөмбөгдөлтөөс хамгаалдаг болов.Хятад цэргүүд газар доогуур 20 км хүртэл урт хонгил ухаж байжээ.
АНУ-ын агаарын хүчин солонгосын тэнгэрт бүрэн ноёлж байсан тул хятадын арми өдрийн цагаар цэргээ татах ямар ч боломжгүй байв. Мөн хүнс байлдааны хангамжаа өдөр татах ямар ч боломжгүй байв. АНУ-ын бөмбөгдөлт маш аюултай, напалмын бөмбөг хаясан л бол зөвхөн тэсрээд зогсохгүй, орчны бүх газрыг галаар хуйхалдаг байв.Пэн Дэхуагийн штабт ажиллаж байсан Мао Зедунгийн хүү Аньин энэхүү бөмбөгдөлтөөс болж амь үрэгджээ.Тэр үеийн Солонгост байлдаж байсан хятад цэргүүд эх орноо хамгаалж байна гэсэн ташаа ойлголттой тулалдаж байжээ.Хойд солонгосын цэргүүд ч гэсэн эх орноо хамгаалж байна, америкийн империалистуудаас эх орноо чөлөөлж байна гэсэн ойлголттой тулалдаж байв.Хэрэв өмнөд солонгосыг АНУ хамгаалаагүй бол хойд солонгосын коммунистуудад амархан эзлэгдэх байлаа.
1951 оны 4-р сарын 11- нд Ерөнхийлөгч Г.Трумэн генерал Дуглас Макартурыг алс дорнодын номхон далайн цэргийн удирдлагаас чөлөөлөв. Макартур нь Ерөнхийлөгч Трумэний “Азид дайныг өргөжүүлэхгүй” гэсэн бодлогыг эсэргүүцэж, “Хятадад цөмийн цохилт өгнө” хэмээн буруу мэдэгдэл хийсэн тул түүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Хойдууд 5-р сарын 16 нд давшилт хийсэн боловч амжилтад хүрсэнгүй. Холбоотны арми 5-р сарын 21-ний өдөр өргөн фронтоор довтолгоо хийж хойдуудыг 38 дугаар өргөрөг хүртэл нь шахаж чадав. Солонгосын дайн бол зөвлөлт америкийн цэргийн зэвсгээ туршсан талбар болж байлаа.Зөвлөлтийн хамгийн сүүлийн үеийн байлдааны сөнөөгч нисэх онгоц “Миг-15” америкийн хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц “F-86”-тай солонгосын тэнгэрт эн тэнцүү тулалдаж байлаа. Дайны эцсээр хоёр тал цэргээ нэмэгдүүлж тал тус бүр 1.1 сая цэрэгтэй болжээ. Солонгосын дайныг шатлан өргөжүүлвэл дахин олон сая хүн амь үрэгдэх аюул нүүрлэж байлаа.
Дайны төгсгөл
1952 оны сүүлчээр АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж АНУ-ын Ерөнхийлөгчөөр Эйзенхауэр сонгогдов. Шинэ Щрөнхийлөгч солонгосын дайныг зогсоох арга хэмжээ авч эхлэв. 1953 оны 3-р сарын 5 -ны өдөр Москвад Сталин нас барав. Сталиныг нас барсны дараа Зөвлөлт улсын Дээд Зөвлөл дайныг зогсоох санал гаргалаа. Зөвлөлт улс Хятад болон Хойд Солонгост дайны тусламж үзүүлэхээ зогсоожээ. НҮБ дээр Энэтхэг улсын саналаар Солонгосын дайныг зогсоохоор 1953 оны 7-р сарын 27 ны өдөр дайтагч талууд хэлэлцэээр хийж солонгосын дайныг зогсоов. Хойд Солонгосын удирдагч Ким Ирсений өдөөсөн солонгосын хойгийн энэхүү дайнд цэрэг, ард нийтдээ 3.0 сая хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хоёр талын хохирол
Солонгосын дайны уршгаар хоёр орны аж үйлдвэр, дэд бүцийн 80.0 хувь нь устгагджээ. Дайны үед хойд Солонгос руу 280 000 хүн, өмнөд Солонгос руу 2.0 сая хүн дүрвэжээ. Хойд Солонгос нь дайны үед олзолсон өмнөд солонгосын цэргийг бүрэн буцааж тушаагаагүй, заримыг авч үлдээд шоронд хийсэн аж.
Олон улсын байдал
АНУ солонгосын дайн эхлэхээс өмнө нь “Хятадын дотоод хэрэгт АНУ оролцохгүй” хэмээн мэдэгдэж Тайваний Чанкайшийн хятадуудад ямарч тусламж үзүүлдэггүй байсан бол солонгосын дайны дараа АНУ дэлхийн коммунизмын аюулыг сайтар ойлгосон тул Тайваньд нэн яаралтай цэргийн тусламж үзүүлж, АНУ-ын тэнгисийн цэргийн 7-р флот Тайваний арлыг хамгаалахаар болжээ. АНУ-аас азийн Өмнөд Солонгос, Япон, Филлипинд үзүүлэх тусламжаа эрс нэмэгдүүлжээ.Харин Сталинийг нас барсны дараа Хятад, Зөвлөлт улсын харилцаа хүйтэрч, Мао зөвлөлтийн ревизионистуудыг шүүмжилж, зөвлөлтийн жанжлах бодлогын эсрэг тэмцэж байв. Маод зөвлөлтийн талаас Хятадын дотоод хэрэгт эрээ цээргүй оролцох гэсэн явдал нь огт таалагддаггүй байв. Зөвлөлт Холбоот улс энэхүү дайнд байлдааны сөнөөгч онгоцнуудаа шинэчилж америкаас олзолсон зэр зэвсийн технологийг хуулбарлаж зэр зэвсгээ сайжруулж эхэлсэн байна.
Өмнөд Солонгос сүйдсэн аж ахуйгаа сэргээж, АНУ, Японтой харилцаагаа сайжруулж эдийн засгаа хөгжүүлж чаджээ. Дайны дараа АНУ Зөвлөлтийн өрсөлдөөн ширүүсч хүйтэн дайны сөргөлдөөн удаан хугацаагаар үргэлжлэх шинжтэй болжээ. Солонгосын дайнаас хойш 70 жил өнгөрчээ.
Энэ хугацаанд дэлхий нийт өөрчлөгдөж хүйтэн дайн дуусч коммунист систем задран мөхлөө. Гэвч хойд солонгосын коммунизм мөхсөнгүй, харин улам бэхжиж улам харгис болсоор байна. Солонгосын дайныг өдөөсөн хойд солонгосын удирдагч Ким Ирсений ач хүү Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай уулзалт хийж хойд солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгоно хэмээн амалсан боловч маргааш нь дахин пуужин хөөргөж цөмийн туршилт хийж амлалтаа хөсөр хаяж, НҮБ-ын цөмийн зэвсэггүй бүс болгох, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтоол дүрмийг зөрчсөөр байна. Эдүгээ хойд Солонгос 1.1 сая цэрэгтэй /цэрэгт алба хаах хугацаа 10 жил /, 3500 танктай, 11 000 зениттай, 11 000 их буутай, 1100 байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгтэй, дунд болон алсын тусгалтай пуужинтай, цөмийн зэвсэгтэй цэргийн хүчирхэг аюултай орон болжээ. Хойд Солонгост байлдааны сум, галт зэвсэг, их буу, танк, пуужин үйлдвэрлэдэг цэргийн 35 үйлдвэр ажиллаж байна. Хойд Солонгос нь урьдын адил “Бидний номер нэг дайсан бол империалист Америк” хэмээн зарласан хэвээрээ байна. Дайны дараа Өмнөд Солонгос маш хурдан хөгжиж аж үйлдвэржсэн улс болж эдүгээ дэлхийн эдийн засгийн 11 дэх хүчирхэг улс болж чаджээ.
Өмнөд Солонгосын нэг хүнд ногдох GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 35 000 ам.доллар байхад Хойд Солонгосын нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 650 ам доллар байгаа нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Өмнөд Солонгос дэлхийн баян чинээлэг орны нэг болоод байхад Хойд Солонгос дэлхийн хамгийн ядуу улсын нэг болжээ.
Хоёр солонгосыг заагласан 38 дугаар өргөрөг буюу 4 км- ийн өргөнтэй, 241 км үргэлжилсэн энэхүү цэрэггүй бүсийн орчим хоёр талын цэргүүд байрлаж хэзээ ч дахин дайн эхэлж болзошгүй гэсэн байлдааны бэлэн байдалтай 70 жилийн нүүр үзэж байна. Хоёр Солонгос хоорондоо дахин дайтах уу, эсхүл тайвнаар нэгдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл (0)