“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг тус тус сонслоо.

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ  мэдээлэлдээ, Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог экосистем гэдгийг онцлоод 2020 оны байдлаар ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувийг эзэлж байгааг дурдсан.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тодотгоод 2022 оны байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуй нэгжүүд манлайлан "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 221.1 сая буюу нийт 1.5 тэрбум ширхэг мод тарихаар амлалт өгөөд, ажил хэрэг болоод ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн 2021 онд аймаг,  нийслэлийн хэмжээнд 2.6 сая, 2022 онд 12.1 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2 сая буюу нийтдээ 17.6 сая ширхэг мод тарьж ургуулсныг онцлоод 2023 онд аймаг, нийслэлийн хэмжээнд 33.9 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9 сая буюу улсын хэмжээнд нийт 42.9 сая ширхэг мод тарьж ургуулах урьдчилсан төлөвлөгөө гаргаад байна гэв.

Улсын хэмжээнд нийт 1750 га талбай бүхий 336 мод үржүүлгийн газар байна. Нэг мод үржүүлгийн газрын дундаж талбай хэмжээ 5.2 га орчим бөгөөд дээрх мод үржүүлгийн газруудад 2022 оны жилийн эцсийн байдлаар 51.6 сая тарьц, суулгац ургуулж байна гэсний зэрэгцээ “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1017 сургагч багш бэлтгэж, МУИС-д хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна. ХААИС Батлан хамгаалахын яамтай хамтран давхардсан тоогоор 23.600 хүнд мод тарьж, ургуулах 40 цагийн сургалт, 120 хүнд сургагч багшийн сургалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 54 хүнд сертификаттай, 51 хүнд сургагч багшийн сертификаттай сургалт, Хан-Уул дүүргийн 51 хүнд сертификаттай сургалт, нийт 23.876 хүнд сургалтыг цахим, танхим, дадлага хослуулж явуулсан. Цаашид ойн салбарт ойрын гурван жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.

Тэрбээр мэдээлэлдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээг 2021 оны 11 дүгээр сард байгуулж, Нийслэлд 2030 он хүртэлх хугацаанд 120 саяас доошгүй мод тарьж ургуулах амлалт  өгснийг дурдаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “АЛСЫН ХАРАА -2050,  Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" зэрэг Нийслэлийг хөгжүүлэх урт, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан доройтсон ойг нөхөн сэргээх, хамгаалалтын ойн зурвас байгуулах-агро ойн аж ахуйг хөгжүүлэх, хотын ногоон  байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж “Нэг зуун хорин сая мод” тарьж, арчлан хамгаалж, ургуулах үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гэж байлаа.

Мөн нийслэл Улаанбаатар хот нийт 470.444 га нутаг дэвсгэртэй бөгөөд 1/4 хувийг буюу 116,258 га талбайг ойн сан газар эзэлдэг.  Ойн сангийн талбайн 95,233 га буюу 84.4 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 17.543 га буюу 15.6 хувь нь ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна. Ойгоор бүрхэгдээгүй талбайн 17.098 га талбайг ойжуулах,  нөхөн  сэргээх  шаардлагатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд 2030 он гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 20.2 хувь байсныг 22.9 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он хүртэл хугацаанд  нийслэлийн нутаг  дэвсгэрт ойжуулалт, ой нөхөн сэргээлтийг 12.948 га талбайд 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га талбайд 34.3 сая, Улаанбаатар  хотын ногоон  байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх чигэлэлээр 3750 га талбайд 65.0 сая, нийт 120.0 сая ширхэг мод тарьж, арчлан хамгаалж, ургуулахаар  төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 29 аж ахуйн нэгжийн нийт 49.6 га талбай мод үржүүлгийн газар байна. Эдгээрт 4.6 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй  гэсэн урьдчилсан мэдээ гаргаад  байна гэв.

Тэрбээр, Хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 3750 га талбайг цэцэрлэгжүүлж, нийт 65.0 сая ширхэг мод бут, сөөг тарина гэсний зэрэгцээ хэрэгжилтийг хот, дүүргийн түвшинд зохион байгуулах чиг үүргийг бүх шатны Засаг дарга хариуцан гүйцэтгэнэ. Зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд 2030 он гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 28.170.245, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжид 25.216.245, тусгай хэрэгцээний ногоон байгууламжид 11.613.510 ширхэг тус тус мод таригдана. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нэг хүнд  ногдох ногоон  байгууламжийн хэмжээ 2021 онд 5.1 м2-г 2030 онд 25 м2-д хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж байлаа.

Нийслэлийн ногоон  бүсийн ойг нөхөн сэргээх, хамгаалалтын ойн зурвас байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 86.6 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалахад 8.2 их наяд төгрөгийн  төсөв хөрөнгө шаардагдах  урьдчилсан тооцоо хийгдээд байна. Энэхүү арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн  хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөснийг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээлэлдээ онцолсон.

Түүнчлэн “Тэрбум  мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн мэргэжлийн байгууллагуудад мод үржүүлгийн зориулалтаар газар олгож дэмжлэг үзүүлэх, мод үржүүлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мод үржүүлэг, агро-ойн аж ахуйн байгуулахад усан хангамж, ус ашиглалтыг зохицуулах, агро-ойн аж ахуйн загварыг олон улсын туршлагад үндэслэн бий болгон хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог сайжруулах, мод тарих соёлыг нутагшуулах нөлөөллийн аяныг зохион байгуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх  арга хэмжээг  авч хэрэгжүүлэхээр  зорьж байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, мод бут сөөгийг нь устгаж байгаад "Усан парк" барих төсөл нэрийдлээр газар авсан атлаа барилга барьж байгаа асуудалд холбогдох байгууллагууд арга хэмжээ авч буй эсэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд олон улсын менежмент, зөвлөх үйлчилгээ авсан талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Тэрбум мод тарих нэг хэрэг харин арчлах ургуулах нь чухал гэдгийг онцлоод газар тариалангийн талбай тойруулан мод тарих нь чухал гэдгийг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимсгэнэ, жимсгэнийн хангамжийг сайжруулах асуудалд ач холбогдол өгч, арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулахын зэрэгцээ нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хэдий хэрийн мод тарихаар төлөвлөснийг лавласан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг  салбарын яамнаас 7000 ойн мэргэжилтэн бэлтгэх тооцоо, судалгаа гаргасантай холбогдуулан тэднийг ажлын байраар хангах асуудлыг бодож төлөвлөсөн эсэх, иргэд аж ахуйн нэгжийг мод тарихад салбарын яамнаас үзүүлж буй дэмжлэг бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа.

Мөн мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Саранчимэг үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, ой модны хортон шавьжтай тэмцэхдээ сүүлийн үеийн дэвшилтэд технологи, аргыг нэвтрүүлэхийг салбарын яамныханд анхааруулахын зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүд мод бут тарих, бойжуулах талбай, хүнс тарих талбайг дуудлага худалдаагаар бус өөр бусад эрх зүйн зохицуулалт хийх боломжтой эсэх, нийслэлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC Land байгуулах асуудлыг сонгон шалгаруулалтад ямар шалгуураар тэнцсэн, холбогдох байгууллагуудын шийдвэрүүд гараагүй үед газар шорооны ажлаа эхлүүлсэн асудлыг хөндөж, тодруулсан юм. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу Байнгын хорооны тэмдэглэлээр сарын хугацаатай үүрэг өгөхөөр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)