Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсов
- 2023-04-19
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг.
Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд тохирох хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг баримтлан ажилласан болохыг Х.Хашбаатар дарга танилцуулав.
Шүүхийн сахилгын хороо 2022 онд гишүүдээ мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, шинэ байгууллага учир үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм, журмуудыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах, төрийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг батлуулах, үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах үүднээс цахим хаягийг ашиглалтад оруулах, олон улсын байгууллагуудтай гадаад харилцааг хөгжүүлж хамтарч ажиллах уулзалт, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болохоо онцолсон. Мөн хүлээн авсан өргөдөл, мэдээллийн 96.5 хувийг шийдвэрлэсэн байна.
Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын алба нь гурван хэлтэс, 26 албан хаагчтайгаар чиг үүргээ гүйцэтгэн ажилладаг байна. Тус ажлын албаны хүний нөөц бүрдүүлэх, тэдгээрийг чадавхжуулах, мэргэшүүлэх, ур чадвар, багаар ажиллах чадамжийг дээшлүүлэх, төлөвшүүлэх болон хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хуулиар хүлэзсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан болохыг Х.Хашбаатар дарга танилцуулсан.
2022 онд тус байгууллагын төсвийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр 3.528.9 сая.төгрөгөөр батлагдаж. гүйцэтгэлээр 3.413.9 сая. төгрөгийг зарцуулж, төсвийг 115.0 сая төгрөгөөр буюу 3.3 хувиар хэмнэж, төсвийн хөрөнгийг үр ашиггай захиран зарцуулсан гэв. Улмаар төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд туссан худалдан авах ажлыг зохих хугацаанд нь амжилттай зохион байгуулсныг дурдлаа.
Түүнчлэн гадаад орнуудын адил чиг үүрэгтэй байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоон, бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр ажилласан талаараа дэлгэрэнгүй танилцуулав. Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа болон шүүгчдийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өргөдөл, мэдээллийн шийдвэрлэлт, сахилгын хорооны хуралдааны шийдвэрийн талаар ил тод, нээлттэй, шуурхай, үнэн зөв мэдээ, мэдээллийг байгууллагын албан ёсны www.judiscom.mn цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь олон нийтэд хүргэсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн сахилгын хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлаарх өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, хэрэг маргааныг дангаар болон хамтын зарчмаар хянан хэлэлцэж, илээр санал хураан, олонхын саналаар шийдвэрлэдэг бөгөөд 2021 оны үлдэгдэл 151 өргөдөл, мэдээлэл, тайлант хугацаанд 311 өргөдөл, мэдээлэл хүлээн авч нийт 462 өргөдөл, мэдээллийг шийдвэрлэжээ.
Дээрх хүлээн авсан 462 өргөдөл, мэдээллийн 201 нь сахилгын хэрэг үүсгэж, 245 өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 16 өргөдөл, мэдээлэл он дамжин шийдвэрлэгдсэн байна.
Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, мэдээллийн 346 буюу 75 хувь нь хориглосон, 106 буюу 20.4 хувь нь үүрэг болгосон, 10 буюу 4.6 хувь нь хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэх агуулгатай байжээ. Түүнчлэн өргөдөл, мэдээллийг шүүхийн харьяаллаар нь авч үзэхэд орон нутгийн 117, нийслэл болон дүүргийн 147, давж заалдах шатны 35, хяналтын шатны 26 шүүгч нэр холбогдсон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлд Шүүхийн сахилгын хорооны хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан эсэргүүцэл, гомдлыг тус хорооны Хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцэхээр заасан. Үүний дагуу тус онд Шүүхийн сахилгын хорооны магадлалд илтгэгч гишүүнээс нэг эсэргүүцэл, сахилгын хэргийн оролцогчоос 15 гомдол гаргасныг хянан хэлэлцэн, 9 гомдол, 1 эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэн, хяналтын тогтоол гаргасан байна.
Тайлант хугацаанд шинээр сахилгын хэрэг үүсгэсэн 201, гомдол шийдвэрлэх хуралдаанаар сахилгын хэрэг үүсгэсэн 29, өмнөх оны үлдэгдэл сахилгын хэрэг 72, сахилгын хэргээс тусгаарлаж шинээр үүсгэсэн 8, нийт 310 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэжээ. Шүүхийн сахилгын хорооноос нийт 40 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан ба хаалттай сануулах 3, нээлттэй сануулах 14, цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах 17, шүүгчийн бүрэн эрхийг гурван cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 1 шүүгчид сургалтад суухыг даалгасан бол 5 шүүгчийг огцруулсан байна. Шийтгэл оногдуулсан шийдвэрийн 50.1 хувь буюу 2 шүүгчид оногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр болсон байна.
Х.Хашбаатар дарга “Хороо нь шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнийг олон нийтийн итгэлийг хүлээх талаар идэвх чармайлт гарган ажилласан. Шүүгчийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, тэдний сахилгын зөрчлийг хөндлөнгийн нөлөөллөөс ангидаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, оногдуулах хариуцлага, шийтгэлийг бодитой болгох, шүүх засаглалын нийтлэг сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажилласнаар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа жигдэрч байна” гэлээ.
Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, цахим шилжилтийн ажлын хүрээнд цахим гарын үсэг ашиглах болон иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, гомдлыг хүлээн авч бүртгэх буюу сахилгын хэргийн бүртгэл, хяналтын системийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Уг систем нэвтэрснээр тайлан, мэдээ хурдан шуурхай гарах, сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, зсэргүүцэл, санал, хүсэлтийг шийдвэрлэх даргалагч, бурэлдэхүүн, илтгэгч гишүүнийг томилох ажиллагааг системээс тойрог дотор санамсаргүй тохиолдлоор, цахимаар хуваарилж, гишүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой аж. Иймээс Шүүхийн сахилгын хорооны хараат бус, бие даасан байдал, материал хангамжийг бэхжүүлэх хүрээнд өөрийн албан ажлын байртай болох, байгууллагын стратеги төлөвлөгөө болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагын талаар Х.Хашбаатар дарга танилцуулсан.
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Шүүгч нарын санаатай болон санаандгүй мэргэжлийн алдааг шийдвэрлэх арга шийдлийн талаар тодруулсан гишүүний асуултад Х.Хашбаатар дарга хариулахдаа “Шүүгчийн мэргэшлийн хороо энэ асуудлыг шийдвэрлэдэг байсан, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаар тус мэргэшлийн хорооноос хяналт тавьж, шийдвэрлэдэг байсан асуудлуудын зарим нь Шүүхийн сахилгын хороонд чиг үүрэг нь шилжиж ирсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд 40 заалтаар шүүгчид хориглох зүйлийг нарийвчилж, зохицуулсан байдаг. Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дүгнээгүй тохиолдолд шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай” гэдэг хариултыг өгөв. Тус хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх нь шүүхийн шийдвэртэй холбоотой байдаг бөгөөд цаашид шүүгчийн мэргэжлийн алдаатай холбоотой асуудлыг хуульчлан, зохицуулах шаардага бий гэдэг саналыг хэлсэн.
Байнгын хорооны гишүүд ийнхүү Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа тайлантай холбогдуулан үг хэлэв. С.Одонтуяа гишүүн, нэн тэргүүнд мэргэжлийн болон ёс зүйн өндөр шалгуурыг давсан нэгэн шүүгч болдог гэдгийг бүх тал анхаарах ёстойг санууллаа. Нийгэмд болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээллийг түгээж, олон нийтээр урьдчилсан хэлэлцүүлсний дараа шүүх шийдвэр гаргах болдог тохиолдлууд ч шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дарамт учруулж, нөлөө үзүүлдэг байх эрсдэл бий гэдэг байр суурийг илэрхийлсэн. Нөгөөтээгүүр, гэмт хэрэгт сэжиглэгдсэн нэг хүний эсрэг мөрдөх байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гээд төрийн дөрвөн том тогтолцоо ажилладаг учраас хүний эрх, эрх чөлөө хангах асуудлыг байнга бодож, ажиллах ёстой гэдэг саналыг хэлсэн. Ш.Адьшаа гишүүн, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг дэмжих шийдэл, шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол Ц.Сандаг-Очир гишүүн, манай улс нийтдээ 511 шүүгчтэй байхад жилийн хугацаанд 462 өргөдөл, гомдол ирж байгаагаас шүүгчид сахилга батынхаа асуудалд дүгнэлт хийх хэрэгтэйгийн илрэл гэдэг байр суурийг илэрхийлсэн. Шүүгчдийн мэргэжлийн алдаатай холбоотой шийдвэрүүдийн талаарх асуудлыг Б.Пүрэвдорж гишүүн хөндөөд, Шүүгчийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан нь нийт шүүгчдэд сахилгын алдаа гаргахгүй байхад анхаарах дохио болж, сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.
Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Сэтгэгдэл (0)