БНАСАУ-ын анхны тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн болсныг мэдэгджээ

ПЁНЬЯН. /CNN/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөд бэлтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон талаар төрийн мэдлийн “KCNA” агентлаг лхагва гарагт мэдээлжээ.

 

Мягмар гарагт Үндэсний сансрын технологийн хөгжлийн газарт зочлох үеэрээ Ким Жөн Ун, цэргийн хиймэл дагуул бүтээх ажил дууссаныг мэдэгдээд, “хэд хэдэн тагнуулын хиймэл дагуул”  хөөргөхийг үүрэг болгосон байна.

 

БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар тус байгууллагад зочилсон бөгөөд Жү Э хэмээн шинжээчдийн таамаглаж буй охин энэ он гарсаар аавтайгаа хамт олон үйл ажиллагаанд оролцоод байгаа юм. Өнгөрсөн 12 дугаар сард БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх “эцсийн шатны чухал туршилт”-ыг явуулснаа мэдэгдэж байсан. Мөн тус улсын сансрын технологийн хөгжлийн газар анхны хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажлыг 2023 оны дөрөвдүгээр сард дуусгахаа зарлаад байв.

 

 

Мягмар гарагт Ким Жөн Ун АНУ, БНСУ-аас учрах цэргийн аюул занал, сорилт нэмэгдэж буй энэ үед үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн тогтвортой байдлыг хамгаалахад хиймэл дагуулын үүрэг чухал болохыг онцолжээ. Тэрбээр мөн нөхцөл байдлыг харгалзан цэргийн хүчийг өрсөж байрлуулахад гүйцэтгэх үүрэг, стратегийн ач холбогдлынх нь талаар ярьсан байна.

 

Цэргийн тагнуулын хиймэл дагуулыг эзэмших нь “зайлшгүй хэрэгтэй” гэдгийг Ким Жөн Ун хэлээд, тэдгээрийг “үндэсний бүрэн эрхт байдал, өөрийгөө хамгаалах эрх” гэж тодорхойлжээ. Тэрбээр Солонгосын хойг дахь хурцадмал байдал болон “нүүрлэж болзошгүй аюул заналыг” зохицуулах шаардлагатай байгааг эш татсан гэж “KCNA” мэдээлжээ.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)