Улс төрийн намд 27 сая төгрөгөөс илүү хандив өгвөл улсын орлого болгоно
- 2023-04-20
- Улс төр
- 0
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Тус хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан парламентад өргөн мэдүүлсэн билээ. Өчигдрийн байнгын хорооны хуралд ЕТГ-ын дарга Я.Содбаатар оролцож, хуулийн төсөлд тусгасан онцлох заалтуудыг танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар: -18 жилийн дараа оруулж ирж байгаа хууль. Намыг бүртгэх асуудлыг сонгуулийн төв байгууллага хянаад, Улсын дээд шүүх рүү шилжүүлж байгаа. Шүүх хэзээ яаж шийдвэр гаргахыг тодорхой болгосон. Намыг бүртгэх шийдвэрийг нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор сонгуулийн төв байгууллага гэрчилгээ олгох талаар хуулийн төсөлд оруулсан. Намуудад олгох санхүүжилтийн тухайд "Сонгуулийн дараа авсан суудалд нь намуудад дэмжлэг үзүүлдэг. Дөрвөн жилийн хугацаанд улсын төсвөөс улс төрийн намуудад 21 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр сонгогчдынх нь саналтай уялдуулж, улс төрийн намуудад төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Сонгогчдоос дэмжлэг авахгүй тухайн улс төрийн намд дэмжлэг үзүүлэхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Улс төрийн намын ажилтны цалингийн хэмжээ, улс төрийн намын хөрөнгийн хэмжээг зааж өгсөн үү.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар:
-Улс төрийн намд бүртгэлтэй хөрөнгө бага болсон. Зарим нь төрийн бус байгууллагад шилжүүлээд, зарим нь аж ахуй нэгж рүү шилжүүлсэн байдаг. Эрх зүйн талаасаа маргаантай асуудал үүсэхээр болсон юм билээ. Тийм учраас өөрийн хөрөнгөөр оруулж ирж байгаа зүйл дээр төрийн санхүүжилтийн 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг хязгаар тавьж өгсөн. Сонгуульт гишүүний татварын дээд хэмжээг жилдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэдэг хязгаарлалт тавьж өгсөн. Улс төрд мөнгөтэй хүн ордог тогтолцоог халж, чадалтай боловсролтой хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хязгаарлалт хийсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Намын дотоод асуудлыг өмнөх хуулиар их зохицуулсан юм билээ. Энэ хуульд тэр алдаанаасаа сураад орхио юу гэж ойлгогдсон. Улс төрийн намуудын санхүүжилтийн хууль гэж тусдаа хувилбар оруулж ирэх бололцоотой юу. Хуульд улс төрийн намд ямар нөхцөлтэйгээр хамгийн дээд хандив өгч болох юм бэ гэдгийг ойлгомжтой болгомоор байна. Сонгуулиар ингэж өгнө, бусад үед ингэж өгнө гэдгийг ойлгомжтой болгох.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар:
-Улс төрийн намын санхүүжилтийг сонгуулийн үеийн санхүүжилт, сонгуулийн үеийн бус санхүүжилт гэж хоёр хуваадаг. Гэхдээ энэ удаад бид нэгтгээд нэг хуульд оруулаад ирсэн. Хандивыг нэлээн тодорхой болгож өгсөн. Улс төрийн намд хуулийн этгээд жилдээ 27 сая төгрөг, хувь хүн зургаан сая гаруй төгрөг хандивлах боломжтой байхаар зааж өгсөн. Үүнээс илүү хандив өгөх нь хориотой. Илүү өгвөл улсын орлого болгоно.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)