С.Зориг айсуй цагийн өнгө төрхийг эхэлж мэдэрсэн нэгэн байв
- 2023-04-20
- Нийтлэл
- 1
Би МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн Шинжлэх ухааны коммунизмын онол (ШУКО)-ын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байлаа. 1987-1988 оны хичээлийн жилд шиг санагдаж байна. Нэг өдөр МУИС-ийн ШУКО-ын тэнхмийн эрхлэгч, дэд эрдэмтэн, доцент Содномгомбо багш над руу утасдаж, ШУКО-ын аспирантурт элсэгчдийн шалгалт авна, чи комиссын даргаар ажиллана гэв. Ингээд МУИС дээр очиж шалгалт авлаа. Гурван хүн орсон шиг санагдаж байна. “Санжаасүрэн багшийн хүү, манай тэнхмийн Зориг шалгалтад орж байгаа. Би юу асуухав дээ, харин чи асуугаарай” гэж Со багш хэллээ.
Би “Соцалист нийгмийн улс төрийн системийн тухай онол, практикийн ойлголтоо хэлэхгүй юү” гэхэд Зориг тухайн цагийн онолын төвшний дээд хэмжээнд ёстой чинээнд нь тултал сайн хариулж билээ. Бас социалист нийгмийн улс төрийн системийн дутагдалтай талыг ч шударгаар, гэхдээ тун арга эвийг нь олсон байдалтай хариулж байв. Шалгалтаа ч “Онцсайн” дүнтэй өгсөн юм.
Би Со багшид “Танай энэ залуу чинь ёстой нэвтэрхий мэдлэгтэй, лут багш байна, их өснө дөө” гэж хэлж байж билээ. Ингэж би Санжаасүрэн багшийн хүү Зориг гэдэг залуу багшийг мэдэх болсон юм.
С.Зориг нялх багаасаа эрдэм номын орчинд өсөж, дунд сургуульдаа үеийнхнээ манлайлж, онцсайн дүнтэй суралцжээ. Үүний зэрэгцээ спорт сонирхоно, ширээний бөмбөгийг адтай сайн тоглоно. Бас гэрэл зураг сонирхож, ангийнхаа хүүхдүүдийн зургийг авна. Зургийн хальсаа нөхөддөө үзүүлж сонгосон зургийг нь угааж өгдөг, ер нь их нийтэч, нөхөрсөг хүү байжээ.
Тэрбээр дунд сургууль төгсөөд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн философийн ангид орж суралцан, 1985 онд философич мэргэжлээр дүүргэж, эх орондоо ирээд МУИС-ийн ШУКО-ын тэнхимд багшилжээ. Мэргэжилдээ гаргуун, их уншдаг, бясалгадаг сайн багш байсан гэж хамт ажиллаж байсан нөхөд нь үнэлдэг.
1988 оны өвөл МУИС-ийн ШУКО-ын тэнхимд С.Зоригийг хүрээлсэн оюутны бүлгэм бүрдсэн байна. Хичээл тарсаны дараа орой цугларч, Горбачёвын “Перестройка” болон тухайн үеийн улс төрийн байдлыг ярилцдаг байжээ.
1982 оны 12 дугаар сарын 9-нд “Залуучууд” зочид буудлын баруун талын залгаа танхимд С.Зориг, Ц.Элбэгдорж нарын залуус цугларч, хоёр цаг хэртэй ямар байгууллага байгуулах вэ гэж ярилцаад “Монголын ардчилсан хөдөлгөөн” нэрэн дээр тогтжээ. Тэндээсээ МУИС-ийн криминалистикийн лаборатори (лаборант нь Энхтүвшин байсан) руу очиж, шөнийн 12 цаг хүртэл мөрийн хөтөлбөр, дүрмээ боловсруулжээ. Эл ажилд 13 хүн оролцсон байна. Тиймээс “ардчиллын 13” гэж нэрлэгдсэн байна. Эл 13 гишүүн МоАХ-ыхоо үйл хэрэгт үнэнчээр зүтгэх тангараг өргөсний дараа Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.
Энэ өдрөөс хойш С.Зориг тэргүүтэй МоАХ-ныхон үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлэв. Ардчилсан холбооны уриалгаар Лениний музейн өмнөх талбай, Сүхбаатарын талбай зэрэг газруудад өргөн олны цуглаан болсоор байв. Тэр үеийн эрх баригчид жагсаал, цуглааныг хууль бус гэж үзэж байлаа. Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргаа МоАХ-ын ерөнхий зохицуулагч С.Зориг нарыг дуудаж уулзалт хийжээ. Албан ёсны энэ уулзалтад МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Б.Лантуу, АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов, Хотын захиргааны дарга Ц.Мөнхжаргал нар оролцож, уулзалт яриаг радио, телевизээр орон даяар дамжуулсан юм. Тэр уулзалтад МАХН-ын төлөөлөгчид асуулт тавихад тов тодорхой оновчтой хариулж байж билээ. “Танай холбоо гэгчийн мөрийн энэ хөтөлбөрт чинь “социализм” гэсэн үг огт алга байна шүү дээ. Энэ чинь ямар учиртай юм бэ? гэж Лантуу дарга асуухад “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэж томьёолсон” гэж хариулж байв.
Тэр цагаас хойш С.Зоригийн удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулжээ. 1990 оны гуравдугаар сард МоАХ болон бусад хүчнүүд хамтран зохион байгуулсан цуглаанаас МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, намын удирдлагыг өөрчлөх, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэй оролцуулсан Ардын түр хурлыг байгуулах шаардлагыг эрх баригчдад хандан тавьжээ. Тэдний шаардлагыг төр засаг хүлээн аваагүй учир 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 14 цагт Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарласан юм. Өмнө нь тавьж байсан шаардлагууд дээр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь 24 цагийн дотор огцруулах шаардлага нэмэгджээ. Өлсгөлөнгийн үед “Зориг нууц байдалд байгаа юм гэнэ ээ... Ноднин Тянь-Минийн талбайд манай эднүүс шиг ардчилсан үзэлтэй оюутнуудыг хятадууд яаж дарлаа, танкаар газартай нь тэгшилсэн шүү дээ. Манай эрх баригчид түүн шиг хүчирхийллийн ямар нэг алхам хийж магадгүй. Хэрвээ өлсгөлөн зарласан залуусыг шөнө дөлөөр ачаад явчихвал хариуд нь эсэргүүцлийн том цуглаан юм уу, нэг арга хэмжээ зохиож таарна, түүнийгээ ч төлөвлөсөн байлгүй. Энэ бүхнийг удирдаж байгаа Зоригийг нуусан гэсэн, энд харагдахгүй байхыг бодоход хамгаалалтад байгаа байх. НАХЯ-ныхан Зориг нарыг нуугдаж байгаа газраас нь барьж авбал яана аа” гэх зэргээр хүмүүс зовнин ярилцаж байлаа.
Яг өлсгөлөнгийн өдрүүдэд С.Зориг тэргүүтэй удирдах зөвлөлийн ихэнх гишүүд МоАХ-ын зөвлөх байсан доктор П.Нэргүйн байрны ажлын өрөөнд байрлаж, өлсгөлөн зарлагчдаас байнгын мэдээ авч байжээ. Улмаар С.Зориг тэргүүтэй шинэ ардчилсан хүчин МАХН-ын удирдлагатай зөвшилцлийн ширээнд суужээ.
Ийм хүнд үед МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх асуудалд тун ухаалагаар хандаж, “хэрхэвч хүч хэрэглэж болохгүй” гэсэн хатуу зарчим баримталсан юм. Ингээд Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсныг радио, телевизээр мэдэгдэв. Өлсгөлөн ч зогсов. Өлсгөлөн зарлагчид 3 дугаар сарын 9-ний оройн 22 цагийн багцаанд тарсан юм.
МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурал 1990 оны гуравдугаар сарын 12-нд болж, Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрон, БНМАУ-ын Үндсэн хуулийн Оршил дахь “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн”, 82 дугаар зүйлийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бусад байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт Намд ажилчид, хоршоолсон хөдөлмөрчид, хөдөлмөрч сэхээтний эгнээнээс шалгарсан хамгийн идэвхтэй, ухамсартай иргэд эвлэлдэн нэгдэнэ” гэсэн заалтаас татгалзах шийвэр гаргажээ.
Маргааш нь АИХ-ын арван нэг дэх удаагийн сонгуулийн VIII чуулган нээгдэж, МАХН-ын шийдвэрийг ёсоор болгосон түүхтэй.
Дараахан нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Сэлэнгэ аймгаар явахдаа сахилга дэг журам алдаж тавьтиргүйтсэн Алтангэрэл мэтийн хүмүүст хандаж “Төр төмөр нүүртэй байдаг шүү” гэж хэлсэн үг шинэ ардчилсан хүчнийхний дургүйцлийг хүргэж, сонин, хэвлэлээр шуугисан явдлаас, нөгөө талаар ардчилсан хүчнүүдээс АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороонд тулган шаардах бичиг ирүүлснийг бүрэн хүлээж аваагүйн улмаас МоАХ-ноос 1990 оны дөрөвдүгээр сард эсэргүүцлийн суулт (пикет) хийж, тулган шаардах бичиг өгсөн юм.
Уг тулган шаардах бичигт дөрвөн үндсэн асуудал тавьсан байдаг. Үүнд:
- Ардын түр хурлыг нэн даруй байгуулах,
- Ард түмний Онц зөвлөлийг улс төрийн хүчнүүдийн эрх тэгш оролцоотойгоор байгуулах,
- МАХН-ын Төв Хорооны аппаратыг Засгийн газрын ордноос гаргаж, МоАХ-ны ажиллах нөхцөлийг хангах байр олгох,
- Дээрх шаардлагыг бүрэн төгс биелүүлтэл согтууруулах ундааг худалдахыг дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн орон даяар зогсоох.
Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт Сүхбаатарын талбайд цугларсан өргөн олны өмнө өгвөл зохино” гэсэн байлаа.
АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат дөрөвдүгээр сарын 26-нд уг шаардах бичгийн хариуг радио, телевизээр өгсөн байна. Гэвч 27-ний өдрийн цуглаан Төрийн ордныг бүслэх маягтай болж, жаахан л дарвивал залуучууд цагдаагийн хүчтэй мөргөлдөж болох нөхцөл байдал үүссэн юм. Ийм үед МоАХ-ны зохицуулагч С.Зориг маш ухаалаг хандаж, асуудлыг зөв зохицуулсан билээ.
С.Зориг Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж байв. Ийм учраас тэрбээр ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Унгарын чөлөөт ардчилсан нам зэрэг нам хүчний төлөөлөгчидтэй, Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд Иргэний Чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхэнтэй тус тус уулзжээ. Зөвлөлтийн сониныхонтой уулзахад “Ер нь зарим талаараа танай өөрчлөн байгуулалт манайхаас илүү аятайхан, эрчимтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байна. Танайд улс төрийн тэмцэлд голцуу залуучууд оролцож байгаа явдал бидний анхаарлыг татаж байна. Манай залуучууд улс төрийн амьдралаас хол хөндий, голцуу ахимаг насны хүмүүс л шинэчлэлийн төлөө юм бодож мэрийж байна” гэж ярьж байжээ. Харин Унгарын чөлөөт демократ намынхан ардчилсан сонгууль явуулах арга барилаасаа хуваалцжээ. Польшийн “Эв санааны нэгдэл”-ийнхэн илүү зовлон бэрхшээл туулсны хувьд МоАХ-нд илүү бодитой тусална гэж амалжээ.
С.Зоригийн очсон орнуудын ардчилсан нам, байгууллагын төлөөлөгчид Монгол дахь ардчилсан хөдөлгөөнийхэнтэй эв санааны нэгдэлтэй төдийгүй дэмжин ажиллана гэдгээ илэрхийлснээр олон улсын баттай дэмжлэг авах нь тодорхой болсон юм.
1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар 28 настай С.Зориг чөлөөт нэр дэвшигчээр дэвшиж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдов.
БНМАУ-ын Ардын Их Хурал анхдугаар хуралдаанаараа Улсын Бага Хурлыг байгуулсан. МоАХ-аас БНМАУ-ын дэд ерөнхийлөгчид С.Зоригийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд хоёр дахь шатны санал хураалтаар АСХ-ний Гүйцэтгэх Зөвлөлийн дарга Р.Гончигдоржид тахимаа өгсөн юм. С.Зориг Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдож, парламентын гадаад харилцааг өргөтгөх талаар чармайн ажиллан, шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлахад идэвх, санаачлагатай оролцсон билээ.
С.Зориг эвслийн Засгийн газар байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байв. Гэтэл эвслийн Засгийн газар байгуулж, МҮДН-аас Д.Ганболд Тэргүүн шадар сайд, МоАХ-аас Д.Дорлигжав Шадар сайд болсныг тэрбээр эрс буруушааж байв.
Улс төрийн тэмцэл гол төлөв парламентын гадна байхаа больсон шинэ нөхцөлд ажиллах арга барилаа хэрхэн сонгох талаар МоАХ байр сууриа тодорхойлох шаардлага үүссэн байна. 1991 оны зургадугаар сард хуралдсан МоАХ-ны их хурлаар Ч.Энхээ тэргүүтэй төлөөлөгчид С.Зоригийн баримталж байсан, бие даасан сөрөг хүчин байх байр суурийг ширүүн эсэргүүцэж, энэ нь МоАХ-ыг улс төрийн нам болгох гэсэн оролдлого гэж хурал хаяж гарчээ.
Хоёр сарын дараа С.Зориг Бүгд Найрамдах Нам (БНН) байгуулснаа зарлан МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорчээ. Улмаар тэрбээр 1992 оны хоёрдугаар сард намаа Чөлөөт хөдөлмөрийн нам, Г.Бошигтын тэргүүлсэн МоАХ-ын Иргэний ардчилсан жигүүртэй нэгтгэн, Нэгдсэн нам хэмээх улс төрийн шинэ нам байгуулж, өөрөө тэргүүлэх болсон юм.
1992 оны нэгдүгээр сарын 13-нд АИХ-ын хуралдаанаар Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав. Эл хуулиар хууль тогтоох Улсын Их Хурал хэмээх нэг танхимтай парламентыг байгуулахаар зарлажээ. Шинэ Үндсэн хуулийн дагуу зарласан УИХ-ын чөлөөт ардчилсан сонгуульд С.Зоригийн нам МоАХ, МҮДН-тэй эвсэл байгуулж оролцсон боловч төдийлөн амжилт олсонгүй. Энэ сонгуульд МАХН үнэмлэхүй олонхын суудал авчээ. Харин С.Зориг намаасаа өөрөө л ганц суудал авсан юм.
С.Зориг маш шударга, хүний өөрийн гэхгүй хэлэх гэснээ хэлчихдэг хүн байв. Харин шууд хэлэхэд хувийн зохион байгуулалт төдийлөн сайнгүй нэгэн байсан гэх. Хааяа хурлаа тасалчихна, балгахаас буцахгүй. С.Зориг хэд хоног хуралд ирэхгүй байж байгаад нэг ирэхдээ үүдэн шүд нь нэмээд уначихсан, сахал нь ихэд ургасан байв. Улсын Их Хурлын гишүүн Р.Цагаанхүү гуайг үг хэлж байхад элдвээр хэлж байв. Р.Цагаанхүү гуай “Зориг, чи байж бай л даа. Дараа нь чи үгээ хэлнэ биз” гэж хэд дахин сануулав. Гэтэл С.Зориг дахиад нэлээд дайрсан, доромжилсон маягтай үг чулуудахад Р.Цагаанхүү гуай “Энэ нэг юм чинь ханзарсан орос бакаль шиг юу гээд байгаа юм” гэхэд танхим дүүрэн инээд болж, бараг инээдэггүй Н.Багабанди дарга хүртэл инээдээ барьж ядаж байсан гэдэг.
1992 оны аравдугаар сард сөрөг хүчнийхэн нэгдэж улс төрийн шинэ нам байгуулахад С.Зориг идэвхтэй оролцож, МҮАН-ын тэргүүнд өрсөлдөж, МҮАН-ын экс дарга Д.Ганболдод цөөн саналаар ялагджээ. Учир нь Улсын Их Хуралд ардчилсан шинэ хүчнийхэн намын бүлэг байгуулах төлөөлөлгүй байв. Гэлээ ч энэ үед шинэ ардчилсан хүчнийхэн цөөнхийн хяналтыг бий болгох гэж шаргуу ажиллаж байсан юм.
1996 онд Улсын Их Хурлын гишүүнийг сонгох хоёр дахь удаагийн сонгууль болов. Эл сонгуулиар С.Зориг Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдов. Улсын Их Хурлын чуулганы анхдугаар хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн О.Дашбалбар түүнийг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэхэд нэрээ татаж авчээ. Харин түүнийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар дэвшүүлэхэд татгалзаагүй юм. Тэрбээр хариуцсан чиглэлээрээ идэвх зүтгэлтэй ажиллаж байв. С.Зориг эрх баригч “Ардчилсан холбоо” эвслийн бүлгийн нэр нөлөө бүхий зүтгэлтэн байсан бөгөөд харин Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газрын эдийн засгийн бодлогыг дэмждэггүй, түүнийг нэг бус удаа огцруулахыг шаардаж байв. Улмаар М.Энхсайханы Засгийн газар огцроход С.Зориг МоАХ-ын дарга Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Ингэж “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар гурав дахь удаагаа огцорч, дараагийн Засгийн газар байгуулагдах завсар С.Зориг Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүргийг гүйцэтгэж байв.
Харамсалтай нь түүнийг дараагийн Ерөнхий сайд болох хүн гэж улс төрийн хүрээнд үздэг, нам эвсэл нь ч энэ талаарх саналаа гаргаад байсан үеэр буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд тэрбээр гэртээ, эхнэрийнхээ нүдэн дээр бусдын гарт хөнөөгдсөн аймшигт хэрэг явдал болсон юм.
С.Зориг бол айсуй цагийн өнгө төрхийг эхлэн мэдэрсэн Монгол дахь ардчилсан хөдөлгөөнийг оройлон манлайлагч, ардчиллын жинхэнэ алтан хараацай байсан билээ.
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар
Сэтгэгдэл (1)
(139.5.216.130)
АНУ-д гэр бүлээрээ хууль ёсоор амьдарч байгаа Батболдын Дөлгөөний эцэг АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны батлан хамгаалах яамны ажилтнаар 1997 онд томилогдон, тэнд 4 жил ажилласан. Дөлгөөний хүүг Д. Эрдэм гэдэг ба тэрний Facebook account " Erdem wisdom" юм. Эднийх бүтэн clan - аараа Монголын Барууны намынх юм.