Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаарх уг хэлэлцүүлэг үдээс өмнөх хуралдаанд бүтэн өрнөж, үдээс хойш үргэлжиллээ.

Үдээс хойших нэгдсэн хуралдаан дээрх асуудлаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Асуулт асууж, саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёр сонгуульд дараалан нэр дэвшүүлээгүй төдийгүй парламентад суудал аваагүй намыг идэвхгүй байдалд оруулах зохицуулалтыг хэрэглэж болох эсэх, улс төрийн намыг бодлого, хөтөлбөр боловсруулдаг, судалгаа хийдэг институц болж төлөвшихөд түлхэц үзүүлэх хуулийн зохицуулалтыг илүү тодорхой оруулах, нам дэргэдээ сантай байх талаар байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төслүүдийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэх, намуудыг ил тод болгох, цахимжуулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд намуудын хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөв. Мөн намын гишүүний татварын дээд хэмжээг хэрхэн тогтоосон, хууль батлагдсанаар Монголын улс төрийн салбарын хөгжлийн хандлага хэрхэн тогтох зэргийг асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал намуудыг хариуцлагатай болгоход чиглэсэн зарим босго, шалгуур нь хэт өндөр буюу зөвхөн эрх барьж байгаа нам л хангаж чадахуйц түвшинд байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, улс төрийн харилцаанд төрийн оролцоог хэт нэмэгдүүлсэн байгааг шүүмжилсэн юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, П.Анужин, Ц.Идэрбат нар жендерийн тэгш байдлыг хангаж буй болон улс төрийн намын дотоод ардчилал, бүтцийн төлөөллийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, хянах, төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлэх сонгогчдын саналын болон суудлын санхүүжилтыг тооцох аргачлал зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулт өгөв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулахдаа Улсын Их Хуралд суудалтай, суудалгүй бүх намаас санал авч, эрдэмтэн, судлаачдын багийг ажиллуулсан гэдгийг хэлж, намуудыг хариуцлагажуулах, хатуу гишүүнчлэлээс татгалзах, бодлого, судалгааны институциуддээ нийт санхүүжилтийнхээ 30 хувийг зарцуулах, тодорхой хүрээнд хандив, тусламжийг хориглох, нэр дэвшүүлэх гишүүдээсээ хандив авахгүй байх, сонгогчдын 2.0 хувийн санал авсан байх, шинээр нам байгуулах шат дамжлагыг нэмэгдүүлж, сонгуулийн байгууллагаар хянуулах замаар Дээд шүүхэд бүртгүүлдэг болох зэрэг нарийвчилсан зохицуулалт нь улс төрийн намуудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, улс төрийн салбарыг эрүүлжүүлэхэд чиглэж буйг онцолж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, улс төрийн нам бол өөрөө өөрийгөө засагладаг, олон нийтийн байгууллагын статустай, эрдэмтэн, судлаачдын нотолгоонд суурилсан байр суурийг хүчтэй илэрхийлдэг байгууллага болохыг дурдан, төсөлд төрийн буюу хөндлөнгийн байгууллагын оролцоог түлхүү оруулж, намын гишүүд өөрсдөө өөрсдийгөө хэрхэн засаглах тухай зохицуулалт бага байгааг анхааруулсан юм. Түүнчлэн Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэх шаардлагатайг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хатуу гишүүнчлэлийг нэгмөсөн халах, сонгуулийн байгууллагаар дамжуулан дээд шүүхэд бүртгүүлдэг болох шат дамжлагыг эргэж харах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.216.130)

    2023-04-21

    АНУ-д гэр бүлээрээ хууль ёсоор амьдарч байгаа Батболдын Дөлгөөний эцэг АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны батлан хамгаалах яамны ажилтнаар 1997 онд томилогдон, тэнд 4 жил ажилласан. Дөлгөөний хүүг Д. Эрдэм гэдэг ба тэрний Facebook аккаунт "Erdem wisdom" юм. Эднийх бүтэн clan - аараа Монголын Барууны намынх юм.