УИХ-ын дарга Г.Занданшатар: Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна
- 2023-04-21
- Үнэн
- 1
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн асуултад иргэдийн 87 хувь нь “чадахгүй”, 46,5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл хэмээн хариулсан байна.
Тиймээс улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна. Хуулийн төсөлд улс төрийн нам ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чадах улстөрийн институц байх суурь ойлголтыг буй болгох, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод олон нийтийн хяналтад байх чиглэлд ямар заалт оруулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас асуулаа.
Тэрбээр Я.Содбаатар хариулахдаа улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан 18 жилийн дараа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын талаарх гурван чухал заалт орсон. Эдгээр заалтын дагуу нам дагасан шүүмжлэлүүдийг засах чиглэлд хуулийн төслийг боловсруулсан. Улстөрийн нам бодлогын институц байхын тулд хөгжлийн бодлогоороо өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд энэхүү хуулийн шинэчлэл оршиж байна. Тухайлбал, намын санхүүжилт ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг хүртэл нарийвчлан зааж өгсөн. Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан гэв.
Сэтгэгдэл (1)
(139.5.216.130)
Хорыг хороор эмчилдэг юм.