Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усны 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна
- 2023-04-21
- Байгаль орчин
- 1
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газраас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах 13 үйлдвэр, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад Арьс шир боловсруулах аж ахуйн нэгжийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад 10 объектын 8 дээж буюу 80 хувь нь Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй. УСУГ-ын Харгиа /хуучнаар/ урьдчилан цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж чадахгүй Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561: 2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.7 дахин, PH 3.9 их, Жинлэгдэх бодис 2.9 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.6 дахин, хром (VI) 0.024 их хаягдал ус Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна.
Мөн үйлдвэр орчмын газрын хөрснөөс дээж авч шинжилгээнд хамруулахад 8 дээж буюу 89 хувь нь Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хром 1.6-13,4 дахин их 436.9-745.1 мг/кг илэрсэн нь стандартад заасан хөрсөнд агуулагдах органик биш бохирдуулагч бодисын хортой агууламжаас хэтэрсэн, зарим хөрсөнд хром 2015.8 мг/кг илэрсэн нь стандартад заасан аюултай агууламжаас хэтэрсэн үзүүлэлттэй байгааг тогтоов.
Хяналт шалгалтын явцад 96 зөрчил, дутагдал илрүүлэн улсын /ахлах/ байцаагчийн 96 заалттай 14 албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Байгаль орчинд үзүүлж буй дээрх сөрөг нөлөөллийг бууруулах, бохирдсон газрыг саармагжуулах, нөхөн сэргээх, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн УИХ-ын 2012 оны “Малчид,үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны “Мал аж ахуйн түүхий эдийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг дарга, холбогдох газруудад албан бичиг хүргүүллээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
(139.5.216.130)
Хорыг хороор эмчилдэг юм.