Төрийн бодлогод анхан шатны нэгжийн удирдлагуудын санал, санаачилгыг тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд ажиллалаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн 30 хорооны Засаг дарга нартай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хороодын Засаг дарга нараас санамсаргүй түүврийн аргаар 30-ийг сонгон гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх, дэд бүтцийг нь сайжруулах, төрийн үйлчилгээг хүргэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцсон нь энэ юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газрын бодлого, шийдвэрүүд нийслэлтэй, нийслэлийн нэгжүүдтэй хэрхэн уялдаж, хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар санал солилцож байна. Төрийн бодлого гэдэг дээрээс доош чиглэсэн бус, харин дороос ирж буй санаачилгад суурилсан байвал илүү үр дүнтэй байж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдэх юм. Нөгөө талаас, надад ирж буй албаны мэдээлэл бодит байдалтай нийцэж байна уу гэдгийг сонсох, мөн эргэх холбоо тогтоох нь чухал. Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, ачааны хүндийг үүрч байгаа та бүхний санал, санаачилгыг сонсож, бодлого, шийдвэрт тусгах нь энэ уулзалтын зорилго хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын гэр хороололд дэд бүтэц, орон сууц, зам талбай, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн асуудал тулгамддаг. Нөгөө талаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тэргүүтэй нийгмийн асуудал ч бий. Тэгэхээр бид эдгээрийг хэлэлцэж, дүүрэг, хороодын түвшинд асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг гарц, гаргалгааг олох ёстой. Ийм ч учраас төрийн үүргийг анхан шатанд гүйцэтгэж байгаа хороодын Засаг дарга нарыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Хороодын Засаг дарга нарын төлөөлөл та бүхэн асуудлаа илэн далангүй хэлж, хамтдаа шийдэл гаргахыг уриалж байна гэсэн юм.

Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж буй хороодын Засаг дарга нар асуудал, бэрхшээлүүдийнхээ талаар онцолж байв. Тухайлбал, хороодын нутаг дэвсгэрт байгуулж буй цэцэрлэг, сургуулийн барилгыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулдаггүйн улмаас олон бэрхшээл тулгардаг тухай өгүүлсэн. Мөн алслагдсан хороонд шинээр суурьшиж байгаа иргэд зөвшөөрөлгүй газар буусан тул хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, эмнэлгийн үйлчилгээ авдаггүй зэрэг асуудал тулгамддаг аж.

Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хүрээнд дэд бүтцийн мөн асуудлууд тулгамдаж байна. Тухайлбал, хэсэгчилсэн инженерийн байгууламж, бохирын системийн асуудал үүсэж байгааг уулзалтын үеэр хороодын Засаг дарга нар хэлж байлаа.

Гэр хорооллын хороодод тулгамдаж буй нийтлэг асуудлын тухайд төрийн үйлчилгээг хүргэх боловсон хүчин хомс, нэг ажилтанд ногдох ачаалал их, тэдний нийгмийн асуудал шийдэгдэлгүй орхигддог гэдгийг өгүүлж байсан юм. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, утаа, хөрсний бохирдлыг багасгахын тулд эко шийдэл, ногоон зээлийг дэмжих зэргээр санал, хүсэлтээ илэрхийлсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)