Монгол-Польш: Эртний түншүүдийн харилцааг эрчимжүүлэх айлчлал
- 2023-04-25
- Нийтлэл
- 0
Монгол Улстай олон жилийн уламжлалт найрсаг, хамтын ажиллагаатай улсуудын нэг бол Бүгд Найрамдах Польш Улс бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.
Хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски айлчилж байснаас хойш 10 жилийн дараа Польшийн төрийн тэргүүн гэргийн хамт манай улсад хүрэлцэн ирлээ.
Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалыг анхнаас нь тууштай дэмжиж, сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж ирсэн улс бол Польш билээ. 1990 оноос хойш хоёр орны харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг гэсэн үнэт зүйлсүүд дээр тулгуурлан гүнзгийрэн хөгжсөөр байна.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1999 онд БНПольш Улсад айлчилсан нь манай талаас хийсэн анхны төрийн айлчлал байсан бол Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд манай улсад айлчилж байв.
Социализмын үед хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байсан бөгөөд Дархан хотыг бүтээн байгуулахад польш мэргэжилтнүүд гар бие оролцож, өөрийн орны технологийн онцлог бүхий Дарханы Царууц тоосго, шохойн үйлдвэрийг байгуулж, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн залуусыг сурган дадлагажуулж байлаа. 1966-1985 оны хугацаанд Польшийн тусламжтайгаар Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Хархоринд нийт 9 үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ.
Мөн тухайн үед Польшийн геологичдын бие даасан томоохон экспедиц Монголын баруун аймгуудын нутагт, Монгол-Польшийн хамтарсан экспедиц газрын ховор элементийн хайгуул хийж байв. Түүнчлэн Польш-Монголын палеонтологийн хамтарсан баг манай газар нутгаас 100 шахам олдвор олсон нь томоохон нээлт болж байлаа.
Хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа 1970-1990-ээд оны хооронд Варшавын гэрээний орнууд ба БНМАУ хоорондын харилцааны хүрээнд эрчимжиж байгаад хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон. Харин Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2003 оноос Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Польшийн цэргийн командлалын удирдлагад үүрэг гүйцэтгэх болсноор харилцаа сэргэж, өндөр хэмжээний айлчлалууд, цэргийн албан хаагчдыг сургах хэлбэрээр хөгжиж эхлэв.
Сүүлийн 55 жилийн хугацаанд Польш улс монгол залуусын боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан-техникийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 1958 онд байгуулагдаж, 1974 онд шинэчлэгдсэн бөгөөд 1960-аад оноос хойш Польшийн их, дээд сургуулиудыг Монголын 230 орчим оюутан төгссөн гэх баримт бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс Польш улсад нийт 58 монгол оюутан суралцаж байна
Хоёр улс 1950 оны 04 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоож, худалдааны анхны хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй. Хоёр тал 2019 онд 60 сая еврогийн худалдаа хийсэн бол өнгөрсөн онд 100 орчим сая долларт хүрч өслөө. Бараа эргэлтийн дийлэнх хэсгийг ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өргөн хэрэгцээний бараа, барилгын материал бүрдүүлдэг ба 90 гаруй хувийг нь Польшоос импортолж буй бараа эзэлж байна.
Европын Холбооны зүгээс ардчилал, сайн засаглалыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын экспортыг дэмжих хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс тус холбооны гишүүн 28 орны нэг болох Польшид бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортолсоор ирсэн. Ерөнхийд нь харвал, хоёр улсын улс төр, боловсрол, соёл хүмүүнлэг гээд олон салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Харин зарим объектив хүчин зүйлсийн нөлөөгөөр, тухайлбал, хоёр улс газарзүйн хувьд бие биенээсээ алслагдсан /автозамаар 7 мянган км/ зэргээс шалтгаалан худалдаа-эдийн засгийн харилцаа бусад салбарынхтай харьцуулахад хүрч болох түвшнээс доогуур байгаа нь үнэн.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ноён А.Дуда БНПУ-ын Ерөнхийлөгчөөр 2015 ба 2020 онуудад хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Л.Качиньскиг дагалдан манай улсад ирж байжээ.
1972 онд Польшийн өмнөд нутгийн Краков хотноо төрсөн тэрбээр 1996 онд тус хотын Ягеллоны их сургуулийн их сургуулийг хуульч-эрхзүйч мэргэжлээр төгсжээ. 2005 онд хуульзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 2006-2007 онд Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн орлогч дарга, 2008-2010 онд Ерөнхийлөгч Л.Качиньскийн Тамгын газрын орлогч дарга, 2010-2011 онд Краков хотын зөвлөлийн гишүүн, 2011-2014 онд Сеймийн гишүүн, 2014 онд Европын парламентын гишүүнээр тус тус ажиллаж байв.
2015 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 53 хувийн саналаар ялалт байгуулсан бол 2020 онд төрийн тэргүүнээр дахин сонгогдсон.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)