Р.Дагвыг Польшийн Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор шагнав
- 2023-04-26
- Улаанбаатар
- 0
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардууллаа. Тухайлбал, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагвыг Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор шагнав.
Р.Дагва нь Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. 2018 онд Варшав хотын Тээврийн газар болон Харилцаа холбооны газрын төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлалыг зохион байгуулсан. Мөн нийтийн тээвэр, хотын дэд бүтэц, орон нутгийн засаг захиргааны эрх зүйн зохицуулалтын чиглэлээр Польшийн талтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотноо Польшийн алдарт төгөлдөр хуурч Ф.Шопены нэрэмжит гудамж бий болгох санаачилгыг дэвшүүлж, ажил хэрэг болгосон.
Ташрамд дурдахад, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд ажиллана” гэж заасны дагуу Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг өнгөрсөн жил анх удаа байгуулсан билээ. Ингэснээр Улаанбаатар хотод төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, аливаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухааны судалгаа, тооцоолол дээр үндэслэн хийх нөхцөл бүрдсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)